Энэ 7 хоногийн УИХ-ын хэлэлцэх асуудлын жагсаалтанд Оюу толгой ордын ашиглалтанд Монгол улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр тусгаж өгчээ.
УИХ-аас томилогдсон ажлын хэсгээс 2009 оны Оюу толгойн хөрөнгө оруулагч талтай байгуулсан гэрээ, мөн 2015 онд оруулсан Дубайн өөрчлөлт зэрэг нь Монгол улсын эрх ашгийг ноцтой зөрчсөн. Уг гэрээний зүйл заалтыг эргэн харах шаардлагатай гэсэн дүгнэлтэнд хүрсэн билээ.
Мөн хэдхэн хоногийн өмнө захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Ч.Сайханбилэгийн засгийн газрын байгуулсан Дубайн гэрээг хууль зөрчсөн тул хүчин төгөлдөр бус хэмээн үзсэн. Ингэхээр Дубайн гэрээ нь хүчин төгөлдөр бус болж байна. Иймээс уг гэрээг хүчингүй болгох тухай л иргэний хөдөлгөөнийхөн шаардаж эхлэв.
Энэ мэтээр шүүх, хууль тогтоох байгууллагаас шахалтанд орж эхэлсэн Оюу толгойн хөрөнгө оруулагч талынхан ил далд хэлбэрээр Монгол улсын эрх ашигт үл нийцэх хэлбэр дор айлгах тактик барьж эхлэв бололтой.
Зарим нэр бүхий улс төрчид ээлж дараалан ярилцлаганд орж Оюу толгой төслийг хамгаалах аядаж байна. Харин нэг хэсэг улс төрчид нь Оюу толгой төслийг зогсоох нь буруу. Монгол улсын эрх ашигт хохиролтой хэмээн тоть шиг давтаж эхэллээ.
Оюу толгой төсөл нь үнэхээр Монгол улсад ашигтай юу? Ийм асуултыг одоо тавих цаг нэгэнт болжээ. Энэхүү төсөл нь хэрэгжиж эхлээд даруй 10 жил боллоо. Өнгөрсөн хугацаанд энэхүү төслийн ачаар томоохон хөрөнгө оруулалт, Монгол улсыг тоож харсан гадны байгууллага байгааа нь үнэн. Гэвч нөгөө талд нь Оюу толгой төслийнхөн айлгах, гадны хөрөнгө оруулагч нарыг Монгол улсаас нүүр буруулж, өөрсдийнх нь төлөө дуугаргах олон ажлыг хийж Монголын эрх ашгийг хохироосон нь бас л үнэн байх магадлал маш өндөр байна.
Өнгөрсөн олон удаагийн үйл явдал нь Оюу толгойн хөрөнгө оруулагч нар Монгол улсыг гадны хөрөнгө оруулагч нараас тусгаарлах гэж оролдог. Эсвэл өөрсдийнх нь үгээр байх юм бол гадны хөрөнгө оруулалтын банкыг Монголдруу мөнгө өгөх үүдийг нээдэг. Эс бөгөөс шууд хаах гэж зүтгэдэг жишээ нь 2015 онд өрнөсөн. Үүний уршгаар Дубайн гэх гэрээний өөрчлөлт хийгдсэн билээ. Хэн хохиров. Монгол улс л хохирч үлдлээ.
Иймээс муу хийсэн гэрээг улам муудуулсан Дубайн гэрээний өөрчлөлтийг нэн даруй цуцалж, эрсдэл байгаа бол нэг удаа ханцуй шамлаад Монгол төр эрсдлээ үүрэх хэрэгтэй гэдгийг улс төрчид яриад эхэллээ. Нэг талаасаа энэ бол үнэн. Алийн болгон айлгах гэж оролдог барууны гэх тодотголтой бөөн хуйвалдааны үүр уурхай болсон хөрөнгө оруулагчаар тоглуулах билээ.
34 хувиа эзэмшиж байгаа нэртэй өрөнд орж, хөлөө тушуулж, амаа үдүүлчихсэн байхаас залхаж байна. Үүний оронд эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг жамаар Монгол төр баялагаа мэдэж, гадны шуналд идэгдсэн хөрөнгө оруулагч нэртэй айлган сүрдүүлэгч, ашиг хонжоо хайгчаас салж яагаад болохгүй гэж вэ?
Рио тинто гараад явчихвал Оюу толгойг хятадууд л авна гэх сүрдүүлэг чухам хаанаас гараад байна вэ? Рио тинто гэх компани өөрсдөө энэ яриаг гаргаж өмөлзөж буй юм биш биз дээ. Заавал гадны луйвардах гэдэг, Монголын эрх ашгийг бус өөрсдийнхөө амин хувиа хичээсэн эрх ашгийг илүүд үздэг хөрөнгө оруулагчтай байсан дор байхгүй, баялагаа ухахгүй байсан нь Монгол төрд, монголчуудад илүү ашигтай байж мэдэх юм.
Иймд УИХ-аар хэлэлцэх Оюу толгойн ордыг ашиг Монголд тустай болгох тухай тогтоолын төслийг гишүүд нухацтай хэлэлцэж, нуруутай шийдвэр гаргах буй за. Харин гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх үүргийг гарцаагүй У.Хүрэлсүхийн засгийн газар хийх ёстой. Тэгж гэмээнэ тэр үгэнд ордоггүй том толгойтой хөрөнгө оруулагч нарт сануулга өгч дөнгөх юм.