Дубайн гэрээ: Улстөрчид “мина” дээр гишгэчиж эхлэв

Дубайн гэрээ: Улстөрчид “мина” дээр гишгэчиж эхлэв

Оюутолгой төсөл бол Монголын төрийн "мина”. Энэ долоо хоногийн улстөрийн гол дуулианаар Оюутолгойн гэрээнд нэмэлт өөрчлөлт хийгдсэн "Дубайн гэрээ” нэрлэгдэж байна. Энэ гэрээтэй холбоотой шүүхийн шийдвэрээс хойш үйл явдлууд нэлээн хурцадмал өрнөж, Монголын зарим нэг улстөрчид "мина” дээрээ гишгэчих шиг боллоо.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Дубайн гэрээг байгуулахтай холбоотой Ч.Сайханбилэгийн Засгийн газрын дөрвөн захирамжийг хүчингүй болгох шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэр гарсны маргааш нь ҮАБЗ Оюутолгойн гэрээ болон Дубайн гэрээтэй холбоотой асуудал хэлэлцэв.

Харин шүүхийн шийдвэр гарахаас өмнө УИХ-аас томилогдсон Оюутолгой төслийн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг МАН-ын бүлгийнхэн хэлэлцсэн. Бүлгийн хаалттай хуралдааны үеэр гишүүд байр сууриа илэрхийлэхэд Ц.Нямдорж сайд, Х.Болорчулуун гишүүн гишүүн нарын хооронд хурцадмал маргаан үүсч, нэгнийхээ биед халдсан асуудал гарсан байгаа юм.

Гишүүдийн байр суурь "хаалтнаасаа хальж” чухам юунаас болж маргаан үүссэн асуудлыг олон нийтэд тайлбарлах шаардлага тулгарав.

Маргаантай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "Оюутолгойг хамгаалдаг гишүүд бол олон жил парламентад суусан, ялангуяа 2008-2012 онд Оюутолгойн гэрээ байгуулагдах үед парламентад  байсан гишүүд байдаг юм. Тэдний нэг бол Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мөн л дөө. Оюутолгойн гэрээ ямар муу гэрээ болсон бэ гэдгийг бүгд мэдэж байгаа. Аж ахуй нэгжийн татварын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулинд өөрчлөлт оруулж байгаад 2009 оны 10 сарын 6-ны өдөр "Оюутолгойн гэрээ”-г хийж монголын эрх ашгийг маш том хохироосон байдаг юм.

Тодруулбал, Оюутолгойн гэрээ байгуулагдахаас 40 хоногийн өмнө 2009 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Аж ахуй нэгжийн татварын тухай хуулинд өөрчлөлт оруулж байгаад гадныханд таатай байдлыг, монголын хүртэх ашгийг багасгах, хугацааг нь уртасгах байдлыг "алдагдлыг ирээдүйд шилжүүлэх” нэртэйгээр бий болгочихсон юм.

Мөн 8 сарын өмнө буюу 2009 оны 1 сарын 8-ны өдөр Ашигт малтмалын хуулийн 5.5-д ганцхан өгүүлбэр нэмээд 34 хувийг  худалдаж авахаар болгочихсон. Уг нь бид 34 хувиа үнэгүй авах байсан юм. Үүнээс болж 34 хувиа худалдаж авч чадахгүй өр тавьж авч байна. Энэхүү өр нь жилдээ татвараар орж байгаа 300-400 тэрбумаас илүү болж байна. Тэр үед ингэж хуулиудыг өөрчилсөн асуудлыг тухайн үед Хууль зүйн сайд байсан Ц.Нямдорж мэдээгүй байх уу? Мэдэхийн дээдээр мэдэж байсан. Би харддаг хүмүүсийн нэг, магадгүй цаанаа маш их барьцаанд орчихсон хамгаалах ёстой үүрэг хүлээсэн хүний нэг. Ганцхан С.Баярцогт буруу хийгээд, муу хийсэн юм шиг байж болохгүй. Ийм зүйлийг нэг хүн хийдэг юм биш. Бүхэл бүтэн бүлэглэл, МАНАН бүлэглэлийн муу гэрээ хийсэн” гэх байр суурийг илэрхийлэв.

Харин Хууль зүйн сайд Ц.Нямдорж "УИХ-ын гишүүд Дубайн гэрээтэй холбоотой болохгүй бүх сэдвийг үүсгэдэг. Оюутолгойн гэрээг зурагдахад би сайд байсан. Өмнө нь хийгдэж байгаагүй олон улсын хүрээний том гэрээ зурагдсан. Гэрээ байгуулагдаад 10 орчим жил боллоо. Одоогоор есөн тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. Монголын талаас нэг ч төгрөг гаргалгүй энэ үйлдвэр боссон. Далд уурхайн бүтээн байгуулалт өрнөж, бүхэл бүтэн хот үүсчихээд байна. Рио-тинто олон улсын том банкуудыг хамруулан, санхүүжилт татаж, далд уурхайн бүтээн байгуулалтыг өрнүүлж, 15 мянган ажлын байр үүсгээд байна. Намайг эргэж сайд болсноос хойш гурван асуудлаар хоёр талаасаа ярилцаж эхэлсэн.

Нэгдүгээрт, Оюутолгойн гэрээг хүчингүй болгох яриа улс төрчдийн дунд үүсээд байна. Энэ нь танай Засгийн газрын байр суурь мөн үү.

Хоёрдугаарт, Захиргааны шүүх дээр явагдаж байгаа маргааныг юу гэж харж байна.

Гуравдугаарт, Татварын маргааныг хоёр талаасаа хэлэлцэж шийдье гэж. Гэтэл Захиргааны хэрэг дээр Ч.Сайханбилэгийн гурван захирамжийг гэнэт хүчингүй болгож, УИХ дээр Дубайн гэрээг хүчингүй болгох тогтоолын төсөл гараад ирсэн. Компанийн хүмүүс нь хоёр талаас маш хүнд хараанд байгаа талаараа бидэнд ирж ярьсан.

Миний хувьд Оюутолгойн гэрээг зогсоож болохгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа. Энэ маргаан Арбитр дээр унавал Монгол Улс шууд ялагдах үндэслэлтэй. Ийм эрсдэл байгаа учраас би эсрэг тэмцээд байна. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа тодорхой эрх үүргээ зөрчиж, Дубайн гэрээг баталж, энэ дагуу ажил өрнөчихсөн. Бандан тас гээч юм л болсон. Одоо Ч.Сайханбилэг манай Ерөнхий сайд байгаагүй, бид санхүүжилт аваагүй гэж зугтах ямар ч гарц байхгүй.

Ойрын өдрүүдэд Рио-Тинто группийн ТУЗ хуралдаж, Оюутолгой төслийг цааш явуулах уу гэдгээ шийдэх гэж байна. Ийм эгзэгтэй үед манайхан дотроо асуудал үүсгэж, шүүхийн шийдвэр гарчихлаа. Дэлхийн томоохон санхүүгийн байгууллага, улс төрчдийг өөрсдөдөө нэгтгэсэн группийн өмнө бид хүч тэнцвэргүй тулаанд орно гэсэн үг.

Оюутолгойн гэрээг байгуулахад С.Баяр 1 тэрбум, бусад дөрвөн сайд тус бүр 250 сая ам.доллар авсан гэх яриаг зурагтаар хүртэл гаргаж байсан. Энэ яриа яригдсаар өдий хүрлээ. Үүнээс үүдэж, бүлэг дээр маргаан дэгдсэн. Үнэхээр хахууль аваад гэрээ байгуулсан бол ил болгох хэрэгтэй. Миний энд ярьсан яриаг өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга сайд байхдаа сонсож байсан. 4 тэрбум ам.долларын гэрээ байгуулаад хоёр тэрбум ам.доллар хахуульд авсан нь үнэн бол ноцтой асуудал. ҮАБЗ дээр өчигдөр яригдсан. Миний байр суурьтай тэд ерөнхий байдлаар санал нэгдсэн байгаа” гэсэн байр суурийг илэрхийлжээ. /Ц.Нямдоржийн байр суурийг Eguur.mn сайтаас ишлэв/

Одоогийн байдлаар "Оюутолгойн гэрээ, Дубайн гэрээтэй холбоотой” ийм эсрэг тэсрэг байр суурь илэрхийлэгдээд байна.

Н.ЧИНЗОРИГ

Эх сурвалж: Updown.mn