Энэ 7 хоногт УИХ-аар сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхээр зэхээд байна. Гэхдээ юун түрүүн УИХ дахь МАН-ын бүлэг уг хувилбарыг дэмжих хэрэгтэй. Үүний дараа УИХ-ын даргад өргөн барих юм.
Сонгуулийн хуулийн өөрчлөлтийн ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ахалж буй. Түүний хувьд хуулийн эх ер нь бэлэн болсон. Засгийн газраас тодорхой санал, бас чиглэл авчихсан хэмээн өнгөрсөн 7 хоногт мэдээлэлж байв. Харин өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт Л.Энх-Амгалан гишүүн Сонгуулийн хуулийн төслөө өвөртлөөд МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулсан байна. 33 хүний бүрэлдэхүүнтэй МАН-ын Удирдах зөвлөл Сонгуулийн хуулийн төсөлтэй танилцаад ерөнхийд нь дэмжсэн гэдэг мэдээлэл гараад байна.
Сураг гарч буйгаар бол Сонгуулийн хуулийг 26:50 гэсэн хувилбар буюу холимог системээр сонгуулийг явуулах гэнэ. Ингэхдээ 50 гишүүн нь жижиг тойрогт нэр дэвших болно. Одоо байгаа 76 тойрог томорч 50 тойрог болно. Харин 26 гишүүний хувьд улс нэг тойрог болж өрсөлдөх юм. Тодруулах юм бол нам бүр 26 хүний нэрийг жагсааж бичнэ. Тэдний хэн нэгнийг дугуйлах замаар сонгогч сонголтоо хийх юм.
Улс нэг тойрог буюу 26 нэр дэвшигч гэдэг хувилбарын цаана жингийн туухай дээр АН болон МАН гэх хоёр нэрийг тавих бус С.Эрдэнэ ба У.Хүрэлсүх гэсэн нэрийг өрсөлдүүлэх нь МАН-д илүү ашигтай хэмээн тооцож буй гэнэ.
Ямар ч намтай өрсөлдсөн МАН-д улсад нэрийг нь дугуйлах олон улс төрч бий. Тэр дундаа намын дарга У.Хүрэлсүхийн рейтинг нь өндөр байгаа учраас гол өрсөлдөгч АН-аас хамаагүй илүү санал авна. Нөгөө талдаа бусад жижиг намуудын дарга нараас хамаагүй өндөр рейтингтэй учраас МАН ялалт байгуулах хамгийн зөв хувилбар бол нам бус хүн дугуйлах гэж МАН-ынхан үзсэн бололтой.
Энэ хувилбараар бол МАН жагсаалтынхаа тэргүүнд У.Хүрэлсүхийг бичих нь гарцаагүй. Харин АН жагсаалтын эхэнд С.Эрдэнэ гэдэг даргаа бичих үү? Эсвэл өөр хувилбар сонгох уу гэх мэт асуулт гарна. Харин МАХН шууд л Н.Энхбаяр гэдэг хүний нэрийг бичих биз. Харин ШИНЭ намын хувьд Ж.Батзанданг тавьж таарах болов уу. Жижиг намуудын хувьд намынхаа даргыг л бичих хувилбар байна. Ингэсэн нөхцөлд улсаас хамгийн олон санал авах боломжтой хүн нь МАН-ын дарга У.Хүрэлсүх хэмээн тооцсон бололтой. Үүнээс улбаалж жагсаалтын 26 нэр дэвшигчээс хамгийн олон нь МАН УИХ-д суулгах боломжтой гэж хоорондоо зөвлөлджээ.
Жагсаалтын ард нуугдаж гишүүн болдог гэх хувилбарыг ч энэ удаа арилгана гэх амлалтыг МАН өгөх бололтой. Учир нь 26 хүний нэр бичсэн учраас нам дугуйлаагүй. Харин хүн дугуйлсан учир жагсаалтын ард хэн нэгэн нуугдаагүй гэдэг тайлбар давхар явах юм.
Дээрх 26:50 гэх хувилбар нь шууд утгаараа 2020 оны сонгуульд МАН ялах хувилбар. Үүнээс өөрөөр МАН ялалт байгуулах боломж алга гэсэн зохицуулалт, бас тайлбарыг УИХ-аас томилогдсон сонгуулийн хуулийн ажлын хэсэг тайлбарлаж байгаа гэнэ. Хэрэв жижиг 76 тойргоор явах юм бол МАН 39 суудал авч чадах эсэх нь маш эргэлзээтэй. Нөгөө талдаа нэг тойрогт хэт олон нэр дэвшигч МАН-аас өрсөлдөх хувилбар харагдаж байна. Эргээд эдгээр нэр дэвшигч нар нь бие дааж, хоорондоо санал хуваана. Үүний цаана бусад намынхан гарч ирж болзошгүй гэж тооцжээ.