СХД-ИЙН ЗАСАГ ДАРГА Ж.САНДАГСҮРЭНД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ, 800 ГАРУЙ ИРГЭД ТАЙВАН ЖАГСААЛ ХИЙЛЭЭ

СХД-ИЙН ЗАСАГ ДАРГА Ж.САНДАГСҮРЭНД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ, 800 ГАРУЙ ИРГЭД ТАЙВАН ЖАГСААЛ ХИЙЛЭЭ

Сонгинохайрхан дүүрэг хөгжлөөс хоцроод даруй 30 жил өнгөрлөө. Дүүргийн 340 мянган гаруй иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж, хөгжлөөс иргэдээ холдуулж, хотын хөгжилд саад учруулж  буй СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэнг иргэдээсээ уучлал гуйж, огцрохыг шаардаж байгаагаа 800 гаруй иргэд тайванаар жагсаж, үзэл бодлоо илэрхийллээ. Тэд өнөөдөр 11 цаг 30 минутад СХД-ийн зургаадугаар хорооны Содон хорооллоос жагсаалаа эхэлж, Засаг даргын Тамгын газар хүртэл алхсан юм. Автомашины дууд дохиогоо дуугаргаж жагсаалыг дэмжиж байгаагаа иргэд илэрхийлж байлаа.

СХД-ийн Засаг даргын Тамгын газрын үүдэнд жагсагчид ирж, иргэдээсээ уучлал гуйж, огцрохыг шаардсан үндэслэлээ уншиж, шаардлага бүхий албан бичгийг гарч ирж авахыг хүссэн боловч СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн гарч ирээгүй юм. Шаардлага бүхий албан бичгийг жагсагчдын төлөөлөл тус дүүргийн Засаг даргын орлогч О.Ганбаатарт өгч, шаардлагыг уншиж, танилцуулж, хариуг ямар хугацаанд өгөх талаар тохиролцсон байна.

Тус дүүргийн Засаг даргын орлогч О.Ганбаатар “СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ 30 ЖИЛ ХӨГЖЛӨӨС ХОЦОРЧ БАЙГАА НЬ ҮНЭН ҮҮ ГЭВЭЛ ҮНЭН”  хэмээн шаардлагын үндэслэлийг хүлээн зөвшөөрч, долоо хоногт багтаан хариуг өгөхөө мэдэгдлээ.

Жагсаал харьцангуй тайван байсан хэдий ч иргэд бухимдалтай байгаагаа илэрхийлж, хариуг амласан хугацаандаа өгөхгүй тохиолдолд тэмцлийн хэлбэрт шилжихээ мэдэгдэж байлаа. Энэхүү жагсаалыг цөөн тооны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сурвалжилсан бөгөөд баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар СХД-ийн Засаг даргын Тамгын газар маш олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран ажиллах гэрээтэй бөгөөд ийнхүү хэвлэлүүд олон нийтэд мэдээлэх эрх, үүргээсээ татгалзсаныг жагсагчид шүүмжилж байв. Түүнчлэн тэд дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдээ огцрохыг шаардсан байна. 

Жагсагчид НДШ-г /370 тэрбум/ хувьдаа завшсан УИХ-ын гишүүн Б.Ундармааг огцор,

 ЖҮД эрхлэгчдийн боломжийг хулгайлсан УИХ-ын гишүүн Н.Учрал огцор,

Төрөөс авсан 10 тэрбум төгрөгийн татвар төлөгчдөөр төлүүлсэн УИХ-ын гишүүн Ц.Гарамжав огцор,

СХД-ээс дөрвөн удаа сонгогдож, МУ-ын шадар сайд, сайд, дэд ерөнхийлөгч хийсэн мөртлөө СХД-ийнхээ хөгжлийн төлөө юу ч хийгээгүй УИХ-ын гишүүн Л.Тэрбишдагва огцор,

 Зөрчлийн тухай хуулиар иргэдээ дөнгөлж, хөөн хэлэлцүүлэх хугацааг өөрчилж, ял завших боломжийг хулгайч нарт олгосон ЖДҮ хулгайч УИХ-ын гишүүн Х.Нямбаатар огцор,

Хувийн банкаараа мөнгө угааж, МУ-ыг саарал жагсаалтад оруулсан Уул уурхайн сайд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар огцор хэмээн тус дүүргээс сонгогдсон Улсын их хурлын гишүүддээ огцрохыг шаардаж зурагт хуудсаар хууль бус үйлдлийг нь илчилж нуруундаа үүрч жагссан байна.

СХД-ИЙН ЗАСАГ ДАРГА Ж.САНДАГСҮРЭНД ӨГСӨН ШААРДЛАГЫН ҮНДЭСЛЭЛ-ийг бүхэн эхээр нь:

1.Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс гаргасан “Дүүргийн өрсөлдөх чадварын тайлан”-гийн дүнгээр амьдрах орчин, дэд бүтэц, эмнэлгийн үйл ажиллагаа, амьдралын чанар, аз жаргалтай байдал, ирээдүйдээ итгэлтэй байдал, дүүргийн үйл ажиллагаа, засаглал зэрэг гол үзүүлэлтээрээ нийслэлийн есөн дүүргээс Сонгинохайрхан дүүрэг нь 9-т, өрсөлдөх чадвараараа 6-т эрэмбэлэгдэж байгаа судалгаагаар тогтоосон ч өнөөдрийг хүртэл шийдвэртэй арга хэмжээ аваагүй;

 2.Сонгинохайрхан дүүргийн Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл биелүүлээгүй, 30 жилийн өмнөх иргэдийн амьжиргаанд бодитой ямар ч өөрчлөлт ороогүй;

3.Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд баригдахаар төлөвлөгдсөн Нийслэлийн төр захиргааны удирдлагын байрыг ХУД-т шилжүүлж, дүүргийг цаашид хот төлөвлөлтийн дагуу иргэдэд ээлтэй, өгөөжтэй байдлаар хөгжүүлэх боломжийг хаасан, эдийн засгийн хөгжил, нийгмийн хөгжил, хот байгуулалт, дэд бүтцийн хөгжил, байгаль орчин, ногоон хөгжил, засаглалын хөгжилд бодитой, дорвитой алхам хийгдээгүй;

4.2016-2020 онд Сонгинохайрхан дүүргийн иргэд МАН-аас Улсын их хуралд 6 гишүүн, НИХТ-д 9 төлөөлөгчийг, дүүргийн ИТХ-д 39 төлөөлөгчдийг сонгож, багаар нь МАН-д 100 хувь итгэл хүлээлгэсэн боловч өнгөрсөн хугацаанд тэд бүгд ЖДҮ-чин, концессчин, тендерчин зэрэг нэр хоч зүүтлээ төрийн мөнгөөр баяжиж, авилга хээл хахуульд автан, өөрсдийн хөрөнгө нь хэд дахин нэмэгдсэн атал эсрэгээрээ ард иргэд чинь ядуурсаар байна.

5.Дүүргийн төсвийг дүүргийн хөгжилд бус дараагийн сонгуульд санал худалдан авах зориулалтаар үрэлгэн зарцуулж, орон нутгийн хөгжилд анхаарлаа хандуулаагүй зэрэг Сонгинохайрхан дүүргийн МАН-ын удирдлагууд болон сонгуульт гишүүд Сонгинохайрхан дүүргийн иргэдэд сонгуулиар амласан амлалтаасаа ухарч иргэдийн итгэлийг уландаа гишгэсэн үйлдэл байнга гаргасаар ирлээ.

Иймд дээрх үндэслэлийн дагуу амлалтаа биелүүлээгүй, иргэдийнхээ итгэлийг  алдсан Засаг дарга Ж.Сандагсүрэн та, дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгч, ДИТХ-ын төлөөлөгчдийн хамтаар дүүргийнхээ иргэдээс уучлал гуйж, хариуцлагаа хүлээнэ үү.

СХД-ийн иргэд эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхтэйг сануулж, “Манай дүүргийн иргэд тансаг амьдрахыг хүсдэггүй” гэсэн өөрийн уйваагүй бодлоосоо ангижирч, огцрохыг шаардаж байна.

 СХД-ИЙН АРДЧИЛСАН НАМЫН ДҮҮРГИЙН НАМЫН ХОРОО