УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн их хэмжээний авлига авчихаад халдашгүй бүрэн эрх гэх “бамбайгаар” халхавч хийсээр байх уу?
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг Авлигатай тэмцэх газраас авлигын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, Д.Тогтохсүрэн нь 2016 оны сонгуулиас өмнө Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа тендерт шалгаруулсныхаа төлөө бусдаар дамжуулан 70 сая төгрөгийн авлига авсан гэдгийг авлига өгсөн иргэн илчлэн АТГ-т ханджээ. Авлига авсныхаа дараа тухайн иргэнд олон төрлөөр дарамт үзүүлж байсан ба энэ хэрэгт Өвөрхангай аймгийн өнөөгийн Засаг дарга Г.Ганболд, ЗДТГ-ын Ерөнхий санхүүч Ч.Болормаа нар оролцсон болохыг мөн шалгуулахаар баримтаар хавсаргажээ. Энэхүү авлигын хэрэг нь 2016 онд Өвөрхангай аймагт зарлагадсан сургууль, цэцэрлэгийн тендертэй холбоотой гэнэ.
АТГ: Д.Тогтохсүрэнтэй холбоотой гомдлыг шалгаж байгаа
Авлигатай тэмцэх газраас энэ талаар тодруулахад "Д.Тогтохсүрэн нь 2016 оны сонгуулиас өмнө Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа тендерт шалгаруулсныхаа төлөө бусдаар дамжуулан 70 сая төгрөгийн авлига авсан гэх гомдол мэдээллээр иргэн АТГ-т хандсан. Энэ гомдлыг шалгаж байгаа” гэв.
Харин Д.Тогтохсүрэн “Би шалгагдаж байгаа асуудал байхгүй. Аймгийн Засаг дарга хийж байх хугацаандаа хэн нэгнээс авлига авсан асуудал огт байхгүй” гэдгийг мэдэгдэж байгаа. Эрхэм гишүүнд 70 сая төгрөгийн авлига өгсөн иргэн, өөрийгөө илчилж, АТГ-т хандаад байхад энэ хэрэг яагаад нам гүм болчихов.
Иргэн хүн авлига өгснөө илчилж байхад УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн их хэмжээний авлига авчихаад халдашгүй бүрэн эрх гэх“Бамбайгаар” халхавч хийсээр байх уу.
Төрийн өндөр албан тушаалтанд авлига өгснөө өөрөө сайн дураар илчилсэн тохиолдол өмнө нь байдаггүй. Тухайн иргэн нийгэмд шударга ёс тогтоох, авлигатай тэмцэхэд өөрийн боломж бололцоог харгалзан үзэж, хясан боогдуулсны улмаас авлига өгсөн гэдгийг сайн дураараа, иргэнийхээ үүргийг биелүүлж илчилсэн гэдгээ мэдэгдэж байгаа аж.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 22.5-д хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлнө гэж заасан байдаг.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн гэж хэн бэ?
Д.Тогтохсүрэн нь Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, Тамгын газрын даргаар ажиллаж байсан. Мөн Өвөрхангай аймгийн Монгол ардын намын хороонд улс төрийн ажилтан, дэд дарга, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Өвөрхангай аймгийн Засаг дарга, Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2018 оноос Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн даргаар ажиллаж байна.
Төгссөн сургууль, мэргэжил
1986 онд Хайрхандулаан сумын ерөнхий боловсролын сургууль
1986 - 1991 онд Цагдаагийн дээд сургууль, хуульч
1996 - 1997 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалт мэргэжлээр
2002 онд Удирдлагын академи Төрийн удирдлагын магистр
Эрдмийн зэрэг, цол
Төрийн удирдлагын магистр
Ажилласан байдал
1991 - 1996 онд Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, Тамгын газрын дарга
1996 - 2000 онд Өвөрхангай аймгийн Монгол ардын намын хороонд улс төрийн ажилтан, дэд дарга
2000 - 2008 онд Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
2008 - 2016 онд Өвөрхангай аймгийн Засаг дарга
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
эх сурвалж: medee.mn