Иргэдийн хуралд сонгогдсон төлөөлөгчдөө МАН ажилтай болгоно

Иргэдийн хуралд сонгогдсон төлөөлөгчдөө МАН ажилтай болгоно

Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон хүн төрийн жинхэнэ албан тушаалд очих боломж хомс байлаа. Төрийн албаны тухай хуулинд уг хязгаарлалтыг хийж өгөөд байв. Харин засгийн газраас Улсын хэмжээнд байгуулсан ялалтаа улам лавшруулж төрийн албанд өөрийн намынхнаа шигтгэхийн тулд хуульд өөрчлөлт оруулах бололтой. Тухайлбал иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон хүмүүсийнхээ Гуравны нэгийг нь Төрийн захиргааны албан хаагчаар ажиллах эрх зүйн орчинг бүрдүүлэх гэж байна.

Монгол улсын засгийн газраас Төрийн албаны тухай хуульд 2 заалт өөрчлөн оруулахаар хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна.

  

Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл нь:

  1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслөөр уг хуульд “аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь нь төрийн захиргааны албан хаагчаар ажиллаж болох” агуулгатай заалтыг нэмж тусгана.
  2. Төрийн албаны тухай хуулийн 15.1.8-д төрийн жинхэнэ албан хаагч “аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдох”-ыг хориглосон тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10.5-д заасны дагуу төрийн захиргааны албан хаагчаар ажиллах аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид хуулийн дээрх заалт хамаарахгүй байх зохицуулалтыг Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан.

 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, хэм хэмжээнд нийцсэн болно. Тэгэхээр энэ хуулийн хүрээнд өөрчлөлтийг хийж 200 орчим суманд 19 аймагт ялсан ИТХ-ийн төлөөлөгчдийнхөө гуравны нэгийг тухайн орон нутгийнх нь Захиргааны байгууллагад ажиллуулах боломжийг бүрдүүлэх гэж байна.