УИХ-ын гишүүн Д.Ганболд мэр сэр намынхаа удирдлагад шүүмжлэлтэй хандах болсон. Тэр дундаа намын дарга У.Хүрэлсүхийн эсрэг хариуцлагатай үг чулуудчихаад байсан билээ. Харин үүнийх нь хариуг тус намынхан Д.Ганболдод хариуцлага тооцох нэрээр сануулга өгөв.
Үүний цаана 2020 оны сонгуульд хэн гэдэг улс төрч нь Чингэлтэй дүүргийн МАН гэдэг байгууллагыг хариуцах вэ? 2020 оны сонгуульд М.Энхболдын талынханд боломж олгохгүй, нэр дэвшүүлэхгүй байх арга замын нэг нь байсан гэдэг нь өнөөдөр ил болж байна.
Д.Ганболд нь хотын фракцын төлөөлөл буюу М.Энхболдын хүн. Чингэлтэй дүүргийн МАН-ын даргаар удаан ажиллаж буй нэгэн. Өнгөрсөн 10 гаруй жил Д.Ганболд нь Чингэлтэй дүүрэгт эзэн суусан гэхэд болно. Ийм ч учраас тус дүүргээс нэр дэвших сонирхолтой МАН-ын улс төрчид Д.Ганболдын өмнө өвдөг сөгдөх энүүхэнд байв. Иймээс л У.Хүрэлсүх өөрийн талын хүмүүсээ тус дүүрэгт сойхын тулд удирдлагыг өөртөө авах нь чухал байжээ.
Нэгэнт намынхаа голлох удирдлагыг өөртөө авч чадсан У.Хүрэлсүх дарга энэ өдрүүдэд намын дунд, анхан шатны байгууллагын удирдлагыг өөрийн багийн хүмүүсээр бүрдүүлэн ажиллахаар шулуудсан байна. Үүний нэг нь Чингэлтэй дүүргийн МАН-ын удирдлагыг солих үйл явц юм. Энэхүү үйл явц нь нэн тэргүүнд Д.Ганболд гэдэг хүнд МАН-ын хяналтын хороогоор хариуцлага тооцуулах байлаа. Үүний дараа Чингэлтэй дүүргийн МАН-ын даргын суудлыг авах. Энэ төлөвлөгөө ёсоор өнгөрсөн амралтын өдрүүдэд Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны даргын сонгууль болж Т.Аюурсайхан өрсөлдөгчгүй нэр дэвшин ялалт байгуулжээ. Уг нь өрсөлдөөнд Д.Ганболд оролцох гэсэн боловч МАН-ын хяналтын хороо хариуцлага тооцсон учир оролцуулахгүй гэх шийдвэр үзүүлсэн байна.
Ийнхүү У.Хүрэлсүхийг дэмжигч Т.Аюурсайхан Чингэлтэй дүүргийн МАН-ын дарга боллоо. Түүний хувьд 2020 онд Чингэлтэй дүүрэгт хэнийг МАН-аас өрсөлдүүлэх вэ? Гэдэг асуултын эхний шанг татах юм. Өнөөдөр өрнөж буй үйл явдлаар бол магадлалтай хүмүүсээр одоогийн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Оюунчимэг нар нэн тэргүүнд нэрлэгдэнэ. Харин тэдний араас Уул уурхайн сайд асан Д.Зоригт орж ирэх магадлалтай. Харин ажлаа өгөөд буй УИХ-ын гишүүн Д.Ганболд намаасаа жийгдэх бололтой.
Хэрэв Д.Ганболд 2020 оны сонгуульд МАН-аас өрсөлдөх эрх өвөртөлж чадахгүй бол бие даах эсвэл МАХН-ын нэрийн өмнөөс өрсөлдөх магадлал тун өндөр байгаа гэнэ.