НИК-ийн хувьчлал ба Петровисын луйвар I

НИК-ийн хувьчлал ба Петровисын луйвар I

Петровис ХХК төрийн өмчийг үнэгүйдүүлж, эрх мэдэл албан тушаалтнуудтай үгсэн тохиролцож, НИК буюу Нефть импортын концернийг луйварын аргаар хувьчилж авсан тухай баримтыг дэлгэж байна. Петровис компанитай холбоотой хууль бус хувьчлалаас болж Монгол Улс онц их хэмжээний өр зээлэнд орж, тэр өрийг Дэлхийн банк, Японы Засгийн газарт Петровис бус манай улсын Засгийн газар төлж барагдуулж байгааг уншигч та мэдээгүй юм биш биз.

Бид тэртээх 2004 онд НИК-ийн хувьчлал хэрхэн хийгдсэн, Петровис компанид ямар учраас давуу эрх олгосон, Улаанбаатар хот төдийгүй 21 аймагт нефть баазийн газар буюу шатахуун, тос, тослох материалын томоохон агуулах сав бүхий обьект газартай, Монгол Улсын бүх суманд шатахуун түгээх станцаа байршуулсан, хэдэн зуун тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө, агуулах савтай байгууллагыг хэдэн төгрөгөөр хувьчилсан тухай эрэн сурвалжиллаа.

Шуудхан хэлэхэд, нийт хувьцааны 80 хувь буюу 16.760.768 ширхэг энгийн хувьцааг зургаан сая гаруйхан ам.доллараар НИК-ийг зарчихсан байдаг. Тодруулбал, 2004 онд хийгдсэн хувьчлал нэрийн дор улс эх орны эд хөрөнгийг зориудаар үнэгүйдүүлж, агуулах савандаа хадгалагдаж байсан шатахууных нь үнээр НИК-ийг нэр бүхий этгээдүүд өөрийн болгосон байдаг. Ингэснээр эрх мэдэл бүхий хэдхэн улстөрчийн буруутай шийдвэр монголчуудыг шатахууны үнийн дарамтад оруулсан юм. Төр засгийн ямар ч оролцоо хяналтгүй болсон шатахууныг 2004 оноос Монголын ард түмэн дэлхийн хаана ч байхгүй өндөр үнээр худалдан авдаг болсоор өдийг хүрээд байгаа билээ.

НИК-ийн эд хөрөнгө гэж юу байв

Петровис компани төрийн өмчит компанийг үнэгүйдүүлж, луйвардаж авахаас өмнө НИК ХК ямар хүчин чадалтай байсан талаарх ерөнхий ойлголтыг юун түрүүнд өгөх хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, тус компани улсын хэчнээн их хөрөнгөн дээр эзэн суусан нь эндээс харагдана. “НИК” ХК нь 1941 онд Монголын үндэсний нефть хангамжийн байгууллага нэртэйгээр анх байгуулагдсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын 1994 оны тавдугаар сарын 6-ны өдрийн долдугаар тогтоолоор нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 20.950.960 ширхэг хувьцаа бүхий хувьцаат компани болгон өөрчлөн зохион байгуулж, нийт хувьцааны 80 хувийг төрийн мэдэлд үлдээжээ. Үлдсэн 20 хувийг нь Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг. Нэгж хувьцааны сарын дундаж ханш 2002 оны тавдугаар сарын байдлаар 162 төгрөг байсан. “НИК” ХК-ийн хувьцааны зах зээлийн үнийн дүн нь 2002 оны тавдугаар сарын байдлаар 3.4 тэрбум төгрөг болж байсан бөгөөд тус компани нь хөрөнгийн зах зээл дээр гуравт орж байсан юм. Өөрөөр хэлбэл, “НИК” ХК нь Монгол Улсын нефть импорт хангамжийн үндэсний хамгийн том компаниудын нэг байв. 2002 оны жилийн эцсийн байдлаар боловсруулсан нефтийн бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн 19 хувийг эзэлж байжээ. Компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь бүх төрлийн шатахуун, дизель түлш, онгоцны түлш, тосолгооны материал зэрэг боловсруулсан нефтийн бүтээгдэхүүний импорт ба борлуулалт юм. Үүнээс гадна шингэрүүлсэн хийн импорт ба борлуулалт, нефтийн байгууллагуудын техник, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн хангамж зэрэг бусад чиглэлийн ажил, үйлчилгээ эрхэлдэг байлаа. Улсын хэмжээнд 21 аймаг болон 300 гаруй сум бүрт салбартай, бүс нутгийн 22 нефть хангамжийн бааз болон 402 шатахуун тугээх станцаас бүрдсэн үндэсний хэмжээнд хангамжийн сүлжээтэй компани байсан юм. Монгол Улсын Засгийн газар “НИК” ХК-ийг худалдаа, арилжааны уйл ажиллагаанаас гадна улс орны өнцөг булан бүрийг шатахуунаар тасралтгүй хангах үүрэг бүхий стратегийн объект гэж хүлээн зөвшөөрдөг байлаа. Импортлосон нефтийн бүтээгдэхүүнийг темөр зам болон ачааны автомашинаар нефть хангамжийн долоон үндсэн баазад нийлүүлж, тэндээсээ туслах бааз болон аймгийн хангамжийн баазуудад хуваарилан ачааны машинаар тээвэрлэдэг. “НИК” ХК-ийн баазууд нь нийтдээ 290 мянган тонн шатахуун хадгалах бодит хүчин чадалтай. Тус компани нь нефтийн бүтээгдэхүүнийг бүс нутгийн хангамжийн бааз болон ШТС-ууд руу тээвэрлэх зориулалттай 219 автоцистерн болон 200 чиргүүлээс бүрдсэн тээврийн хэрэгслийн парктай байжээ. Өөрийн тээврийн хэрэгслээс гадна хувийн тээврийн компаниудтай гэрээ байгуулж, дотоодын тээвэрлэлтийнхээ тодорхой хувийг хангадаг байсан гэх мэтээр тухайн цаг үеийн хамгийн үр ашигтай компани яах аргагүй мөн байв.

Таван компанитай, 50 гаруй тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй НИК

“НИК” ХК нь 100 хувийн хөрөнгө оруулалттай хоёр охин компанитай. “НИК-Газ” ХХК нь тосолгооны материал ба шингэрүүлсэн хийн импорт, борлуулалт эрхэлдэг, дүрмийн дагуу түүхий газрын тосны хайгуул, олборлолт, боловсруулалт эрхлэх бололцоотой. “НИК-Аян” ХХК Нефть хангамжийн бааз болон бусад байгууламжийн барилга засварын ажил гүйцэтгэдэг. “НИК” ХК нь гурван хамтарсан компанид хувь эзэмшдэг. Үүнд нефтийн бүтээгдэхүүний хадгалалт эрхлэх зорилгоор Монголын хоёр хувийн компанитай хамтран байгуулсан 513.4 сая төгрөгийн дүрмийн сантай “МП” ХХК- ийн 49 хувь эзэмшдэг. АНУ-аас нефтийн тоног төхөөрөмж импортлох үйл ажиллагаа явуулдаг “Флоко Си Эй” ХХК-ийн 40 хувийг эзэмшдэг. “НТТ” (Нефть Транзит Трейдинг) ХХК-ийн 30 хувийг эзэмшдэг. Энэ хамтарсан компани нь ОХУ-д бүртгэлтэй бөгөөд тус улсаас Монгол Улсын хил дээрх дамжуулан өнгөрүүлэх хоёр бааз хүртэл нефть бүтээгдэхүүнийг тээвэрлэх үйл ажиллагаа явуулдаг. “НИК” ХК нь нефть бүтээгдэхүүнийхээ 90 орчим хувийг ОХУ, зургаа орчим хувийг БНХАУ, үлдэх хувийг Солонгос Улсаас тус тус импортолдог. Тус компани 2002 оны эхний гурван улирлын байдлаар 67.3 мянган тонн нефть бүтээгдэхүүн борлуулсан. 2001 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан тэнцлээр компанийн нийт хөрөнгө 50.7 тэрбум төгрөг, үүнээс эргэлтийн хөрөнгө 27.3 тэрбум төгрөг, цэвэр үндсэн хөрөнгө 22.0 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалт 0.7 тэрбум төгрөг байжээ. Үндсэн хөрөнгийн 63.3 хувийг барилга, байгууламж, машин, тоног төхөөрөмж эзэлдэг гэдгийг эх сурвалж онцолж байв. “НИК” ХК нь газар ашиглах гэрээний үндсэн дээр газар эзэмшдэг. Гэрээгээр ашиглах газрын нийт хэмжээ нь 540 гектар. Гэрээг 3-60 жилийн хугацаатай байгуулсан байдаг.

Засгийн газар НИК-д 26 сая ам.долларын санхүүжилт хийж, өр зээлэнд орсон түүх

50 гаруй тэрбум төгрөгийн эд хөрөнгөтэй НИК-д Засгийн газар арван жилийн хугацаанд 26 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг тасралтгүй оруулсан байх ажээ. Монгол Улс 1990 онд засаг төр солигдож, ардчилсан нийгмийн эхлэл тавигдсан үе. ОХУ-тай харилцаа муудах үеэр манай улс шатахууны хомсдолд орж эхэлсэн. Энэ үеэс төр засаг шатахууны салбарт онцгойлон анхаарлаа хандуулсан байдаг. Үүний тод илрэл нь НИК-д “MON C2” зээлээр Японы Засгийн газраас 20.7 сая ам. долларын буюу 3020.0 сая төгрөг, Дэлхийн банкны хөнгөлөлттэй үнийн 2320- MOG, 2550- MOG зэрэг хоёр төрлийн зээлээр 5832234.69 ам. доллар, Азийн хөгжлийн банкнаас 1109 “MON SF” зээлээр 278604.1 ам.доллар, Германы 9165937 LSB0202 зээлийн хүрээнд 177401.2 ам.долларын бүгд 26988.2 сая ам.долларын зээлийг гадаадаас авсан. Үүнийгээ зөвхөн НИК–д зарцуулсан байгаа нь баримтаар тодорхой харагдана. Бүр зээл авсан бичиг баримт нь Сангийн яам болон Гадаад хэргийн яамны архивт хадгалаастай байна лээ.

Архивт хадгалагдаж байгаа тус бүртээ мянга гаруй хуудастай өрийн бичиг баримтуудыг цухас дурдахад, НИК ХК нь Сингапур Улсын “Шелл” компаниас тослох материал, ОХУ-ын “Бердянскийн нефть хими завод”-аас тослох материал, “Энергомаш” компаниас тоног тохооромж, түүхий эдийг худалдан авч, түүний төлбөрийг Японы Засгийн газрын зээлийн хөрөнгөөр Монгол банкнаас доорх төлбөрийн даалгавар болон аккердитивуудыг үндэслэн 1992 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс 1992 оны тавдугаар сарын 25 хүртэл хугацаанд дөрвөн удаагийн төлөлтөөр төлсөн байна. 1996 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн БНСУ-ын “Mobi korea lube oil inc” компанитай С-2551-МОГ/НИК тоот гэрээ байгуулж, торх, тослох материалыг нийт 574 684 ам.доллараар худалдан авсан баримтуудыг үндэслэн 1997 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр төлсөн. НИК ХК нь 1994 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Япон Улсын “ЗшпИото” корпарацитай байгуулсан. Хонконг дахь албан ёсны хаягтай “Flowco sales & service” компанитай С-2551-МОG/МТ1-005/93 тоот худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 751.181 ам.долларын шатах тослох материал, сэлбэг хэрэгсэл худалдан авсан. “Flowco sales & service” компаниас 350 000 ам.долларын үнэ бүхий шатахуун түгээгүүрийн сэлбэг хэрэгсэл нийлүүлэн авсан. Дэлхийн банкнаас Монгол Улсын Засгийн газарт олгосон эдийн засгийн хөгжлийг дэмжих МОG-2551 тоот зээлийн гэрээний дагуу олгосон 14.200.000 ам.долларын ЗТЭ-ийн зээлийн эх үүсвэрээс БНСУ- ын “Mobi korea lube oil inc” компанитай байгуулсан С-2551-МОГ/НИК тоот гэрээ, Япон Улсын “Sumitomo” корпорацитай байгуулсан С-2551-МОG/МТ1- 004/93 тоот гэрээ, Хонконг дахь “Помсо 5а1е5 & веплсе” компанитай байгуулсан С-2551-МОG/МТ1-005/93 тоот худалдах, худалдан авах гэрээний төлбөрт зориулж 3.299.638 ам.долларыг авч ашигласан байна. Мөн 1992 оны наймдугаар сарын 21-ний өдөр Франц Улсын “Бэйсипи франлаб” компанитай гэрээ байгуулан Монгол Улсын нефть хангамжийн системийг боловсронгуй болгох, шатахуун тосолгооны материалыг Замын-Үүдэд дамжуулан ачих байгууламж барих техник, эдийн засгийн үндэслэлтэйгээр хөрөнгө оруулалтуудыг оруулсан байх юм. НИК компанийг төр засаг бодлогоор дэмжиж, орчин үеийн шинэ шатахуун түгээх станцууд бий болгож, ОХУ-ын хуучирсан түгээгүүрийг өөрчилж, дэлхийн стандартад нийцсэн шатахуун түгээх хошуунаас эхлээд автомат станц авчирсан байдаг. Мөн тослох материалуудыг дэлхийн олон орноос импортолж эхэлсэн билээ.

Ж.Оюунгэрэл, Ч.Давааням нар НИК-ийг санаатайгаар дампууруулах, үнэгүйдүүлэх ажлыг эхлүүлсэн нь

Төр засгаас анхааралдаа авч шинэчлэл хийсэн энэ газар өрөө төлөхөөс гадна, ашигтай ажиллах бүрэн боломжтой байжээ. Харамсалтай нь тухайн үеийн удирдлагууд хувийн эрх ашгаа гүйцэлдүүлэхийн тулд НИК-ийг үр ашиггүй ажиллуулах ёстой байв. БНМАУ-ын Засгийн газрын 1990 оны аравдугаар сарын 13-ны өдрийн 45 дугаар тогтоолоор Тээврийн яамны Нефть хангамжийн удирдах газрыг өөрчилж бие даасан Нефть импорт хангамжийн нэгтгэл болгосон юм. Ингэж нефть хангамжийн байгууллага нь хэрэглэгч яамны шууд харьяаллаас гарч, улс орныг нефтийн бүтээгдэхүүн, түүний зориулалттай тоног төхөөрөмж, хэмжүүр, сэлбэг хэрэгсэлээр хангах, гадаад худалдааг бие дааж гүйцэтгэх, боловсон хүчний бодлогоо өөрсдөө эрхлэх, нефтийн бүтээгдэхүүний зарцуулалтанд улсын хяналтыг гүйцэтгэх, тус салбарын шинжлэх ухаан, техник, эдийн засгийн нэгдсэн бодлого явуулах аж ахуйн бүрэн тооцоотой улсын Нефть импорт хангамжийн нэгтгэл болсон юм. Нэгтгэлийн захирлаар Ж.Оюунгэрэл, ерөнхий инженерээр Д.Батсүх, дэд захирлаар Т.Пунцаг, Б.Сүхбаатар нар ажиллаж байв. 1992 онд Нефть импорт хангамжийн нэгтгэлийн захирлуудын зөвлөлийн шийдвэрээр нэрийг Нефть импорт концерн /НИК/ хэмээн өөрчилсөн байна. Концернийн захирлаар Ж.Оюунгэрэл, дэд захирлаар Т.Пунцаг, Б.Сүхбаатар, С.Дашдондог, Ч.Давааням нар ажиллаж байв. Ж.Оюунгэрэл гэх хүний нэр 1990 оноос эхлэн НИК-тэй холбогдож, захирлаар нь ажиллаж байгааг уншигч та бүхэн анзаарч байна уу. Энэ бол өдгөөгийн Петровис компанийн захирал Ж.Оюунгэрэл гэдгийг та бүхэнд андахгүй биз ээ. НИК дээрх хүмүүсийг удирдаж байх үеэс л элгээрээ хэвтэж, эдийн засгийн хувьд уналтад орох болов. Шат дараалсан хөрөнгө оруулалтууд хийгдээд байхад л ийнхүү чадамжаа алдах болсон цаад шалтгаан нь юу байсан юм бол.

Энэ талаар нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эх сурвалж “НИК олон зээл авсны үр дүнд маш чадамжтай болж ирсэн. Гэтэл тухайн үеийн удирдлагууд маш өндөр үнээр шатахуун болон тослох материал, бараа бүтээгдэхүүн худалдаж авдаг, дундаас нь их хэмжээний ашиг олдог болсон. Мөн тэд шатахууныг ямар ч хараа хяналтгүй үр ашиггүй байдлаар хөдөө орон нутаг руу явуулдаг болсон. Шатахууны борлуулагч нар хараа хяналт сул байгааг далимдуулж, шатахуун маш их хэмжээгээр хулгайлдаг, дутаадаг үйлдэл хэрээс хэтэрсэн. Шинэ тоног төхөөрөмжүүд ч алга болдог, түүнийг нь хүүе хаая гэж араас нь хөөцөлдөх хүнгүй болгосон гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийг эзэнгүйдүүлж, үнэгүйдүүлэх ажлыг хийж эхэлсэн. Шатахуун, тослох материал олж ирж байгаа. Үүнийг зах зээлийн үнээр ард иргэдэд худалдан борлуулж байгаа, үүнд тооцоо судалгаа байсан. Япон, Герман, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас авсан зээлүүдээ графикийн дагуу төлж барагдуулах бүрэн боломж байсан. Эхэндээ зээлээ төлдөг байсан. Сүүлдээ үр ашиггүй, тооцоо судалгаагүй зүйлд хөрөнгө мөнгө зарцуулснаас үүдэж алдагдал хүлээх болсон. Ямар ч хүн бодсон шатахуун, дизель, масло зэргийг зараад ашиг олчих боломж харагдаад байдаг. Тэгсэн мөртлөө л үр ашиггүй ажиллаад байгаа нь олон хүний гайхашралыг төрүүлдэг болсон. Ингээд л НИК цөөн хэдэн хүний хувийн ашиг сонирхлоос болж ашиггүй ажиллах болсон юм даа. Олон жилийн турш улстөрчдийн чихнээс “НИК алдагдалтай ажиллаж байна” гэсэн хонх уясан. Бүр сүүлдээ НИК гэсэн өрөндөө баригдаж, өтөндөө идэгдсэн төрийн өмчөөс хурдхан шиг салаад өгөх юмсан гэсэн ойлголтыг нийгэмд зориудаар бий болгож, сэтгэл зүйг нь бэлтгэчихсэн юм. Энэ бүх зохион байгуулалттай ажлыг одоогийн Петровисийн захирлуудтай нийлж, НИК-ийг хувьчилж авах сонирхолтой улс төрийн бүлэглэл бий болгосон. Тэр улс төрийн бүлэглэл чинь 2000 оны эхэн үед Монголыг хаанчилж байсан шүү дээ. Тэдний үгнээс хэн ч гардаггүй байсан цаг үе. Тиймээс Төрийн өмчийн хороо, Сангийн яам УИХ-д байсхийгээд л энэ талаар танилцуулга хийдэг болсон” гэв.

Ингээд 2002 оноос эхэлж НИК-ийг хувьчлах далд ажиллагаа эрчимтэй хийгдэж, 2004 онд Петровис компани худалдаж авсан юм. Хувьчлах ажиллагааны үеийн но, хуйвалдаан тэргүүтэй ноцтой баримтуудыг бид бүхэн маргааш үргэлжлүүлэн хүргэх болно.

Эх сурвалж: www.ergelt.mn