ХИЙСЭН АЖИЛТАЙ Ч ХЭЛМЭГДСЭН УЛС ТӨРЧ

ХИЙСЭН АЖИЛТАЙ Ч ХЭЛМЭГДСЭН УЛС ТӨРЧ

Нийслэлийн МАН өнөөдөр мандаж байна. Хэний хүчинд энэ нам мандаж, хэрхэн эрх мэдэлд хүрэв гэдгийг өнөөдөр тогоотой хоолноос хутгаж идээд сууж байгаа Нийслэлийн МАН-ынхан мартчихжээ.

2012 он. Нийслэлийн МАН гудамжинд гарч, орон гэргүй, намын байраа төрд булаалгаж, намаа гэх хүн хуруу дарах цөөхөн үлдсэн он цаг. Энэ мөчид Нийслэлийн МАН гэдэг байгууллагыг толгойлоод аваад явах хүсэлтэй, бас сэтгэлтэй хүн бараг л алга байв. Нийслэлийн МАН байрлаж байсан байрыг нь тухайн үеийн хотын удирдлага хураан авч, намын гэх хүмүүсийг гудамжинд хөөж гаргасан цаг. Энэ л хэцүү мөчид Нийслэлийн МАН гэх байгууллагыг хариуцаж, ялагдлаас ялалтанд хөтлөх үүргийг хүлээн авсан хүн нь Ц.Сандуй байлаа.

Эрх мэдэл бүхэн тэднээс нүүр буруулж, эргэж харах, инээж угтах хүн цөөхөн болсон тэр л өдрүүдэд ажлын хүндийг нуруундаа үүрч, ачааны хамаг томыг өөртөө авчихаад алхаж, зүтгэж явсан Ц.Сандуй анхны ялалтын тугаа 2013 онд мандуулсан байдаг. Энэ л цагаас эхлэн Ц.Сандуй гэдэг улс төрч Нийслэлийн МАН гэх байгууллагыг алдааг нь засч, анхан шатны намын гишүүдээ сонсч, тэднийхээ ажил хэрэгч санал бүрийг үйл ажиллагаандаа тусгаж, амжилттай удирдсан.

Нийслэлийн МАН 2016 оны сонгуульд ялахгүй гэх олон нийтийн үгэн шуурган дунд сонгуульд өрсөлдөхөөр болж байв. Тэднийг ялна гэдэгт итгэж байсан хүн тун цөөхөн. Харин намынхаа нэр дэвшигчээр залуусыг сонгож, багаа хөтөлсөн Ц.Сандуй итгэж байсан байж магадгүй.

Э.Бат-Үүлийн барагдашгүй, бас дийлэшгүй багийг ялж, 2016 оны сонгуульд эрх мэдлийг намдаа авчирсан Ц.Сандуй гэдэг улс төрч анхны хэлмэгдэлтээ сонгуулийн маргааш амсав. Угтаа аль ч намын дарга нь ялсан бол тухайн шатныхаа гүйцэтгэх удирдлагын эрх мэдлийг авдаг байв. Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй шууд л Улаанбаатар хотын засаг дарга болох байлаа. Гэвч төв нам нь өөр лүндэн буулгаж, сонгуулийн менежерээр ажилласан гэх С.Батболдыг Нийслэлийн засаг дарга болгов. Зүтгэсэн, байхгүйгээс байлгаж, ялалтанд хүргэсэн Ц.Сандуйгаа ингэж албан тушаалаас нь мулталж хэлмэгдүүлсэн.

Дээрх хэлмэгдүүлэлтийн шалтгаан бус зүгээр л шалтаг төдий зүйл бол 2016 оны сонгуулийн санал хураалтын өмнө дэлгэгдсэн 60 тэрбумын гэх бичлэг. Энэхүү бичлэг нь 2014 онд болсон хэдэн хүний хооронд үүссэн яриа. Уг яриаг Ц.Сандуй болон МАН-ын бусад удирдах түвшний хүмүүс сонссон гэдэг нь өнөөдөр тодорхой болж байна.

Ц.Сандуйг намаа ялалтанд хүргэсэн учраас гудамжинд арай ч үлдээчихсэнгүй. НИТХ-ын дарга болгов. Гэтэл бас л намынх нь эрх мэдэлд шунасан нөхөд бус ноход мэт араншинтай хэсэг бүлэг этгээд 60 тэрбум гэх бичлэгээр боорлож байгаад НИТХ-ын даргынх нь суудлаас огцрууллаа. Тэр бас ингэж хэлмэгдсэн.

НИТХ-ын даргаасаа чөлөөлөгдсөн Ц.Сандуйг гэнэт л МАН-ын гишүүнээс хасчихав. Зүтгэж, намдаа ялалт авчирч, ажлаа шударгаар үнэлүүлж чадаагүй хэрнээ намаасаа хөөгдөж тэр бас дахиад л хэлмэгдэв.

60 тэрбумын гэх бичлэгээр эрүүгийн хэргийг Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газар, Тагнуулын Ерөнхий газар тус бүрдээ хэрэг үүсгэж шалгасан байдаг. Бүгд л 60 тэрбумын гэх бичлэг нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэмжээний асуудал биш гэдэг дүгнэлтийг гаргаж байв.

Харин 2019 оны дундуур гэнэт л дахиад л 60 тэрбумын гэх бичлэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлэв. Ганцхан сарын дотор мөрдөн байцаалтаас прокурор, прокуророос шүүхэд шилжиж, шүүх хурал ч яаралтай болж Ц.Сандуйд 4 жилийн хорих ял оноочихлоо. Тэр дахиад л хэлмэгдэв. 4 жилийн ял өгч хэлмэгдүүлсэн гэх учир нь шүүхийн гаргасан шийдвэр юм. Ц.Сандуй нарыг уг нь эрүүгийн хуулийн 82,1-буюу төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн гэх зүйл ангиар буруутгасан байдаг. Гэтэл мөрдөн байцаалтын явцад энэхүү зүйл ангиар буруутгах ямар ч боломжгүй гэдэг нь батлагдаж, үүнийгээ ч шүүх дээр прокурор мэдүүлсэн тухай өмгөөлөгч Б.Мэргэн хэлж байв. Харин шүүх мөрдөн байцаалтанд байгаагүй өөр зүйл анги буюу эрүүгийн хуулийг 14-9 гэх зүйл ангиар буруутгаж ял өгчихөв. Уг зүйл анги нь үнэн хэрэгтээ сонгуулийн санал авах байранд ажиллаж байгаад алдаа гаргасан этгээдэд өгдөг зүйл заалт юм. Ц.Сандуйд заавал ял өгөх ёстой гэж хандсан учраас л ингэж яллав бололтой.

Ц.Сандуйг нухчин дарах, өөрсдийнхөө албан тушаалд шунасан үйлдлээ зөвтгөх, 60 тэрбумын бичлэг бол гэмт хэрэг гэж олон нийтэд итгүүлж албан тушаал, эрх мэдэлд хүрсэн улс төрчид өөрсдийнхөө арьсыг хамгаалах гэж Ц.Сандуйд ял өгүүлчихэв үү? Ингэж л хардахаас өөр тайлбар алга. Тийм биш бол Ц.Сандуйг хэн хэлмэгдүүлчихэв.