“Алтан сав” нээдэг зурхайч лам нар зөвлөлдөж байна

“Алтан сав” нээдэг зурхайч лам нар зөвлөлдөж байна

Улаанбаатар хотод тулгарч буй олон бэрхшээлийн нэг нь бурхан болоочыг нутаглуулах газар юм. 70 давхар, Нарангийн энгэр, Морингийн даваа, Дарь эхийн овоо гэх мэт Улаанбаатар хотын 4 зүг, 8 зовхист оршуулгын том жижиг газар байдаг. Улаанбаатар хотын газар нутгийн төлөвлөлт, хүрээлэн буй орчны хамгаалалт тугуурлаж жижиг, том нийлсэн хэд хэдэн оршуулгын газрыг хаагаад байгаа билээ.

Үүний зэрэгцээ оршуулгын газрын нутаг дэвсгэрийг тэлэхгүй байх бодлогыг Улаанбаатар хотын удирдлага авч хэрэгжүүлж байна. Үүнээс улбаалж, зарим нөхцөлд зөвшөөрөлгүй газарт оршуулгын зан үйл үйлдэх, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэх газарт бурхан болоочийг оршуулах зэрэг асуудлыг иргэд гаргаж байгаа юм. Иймд эдгээр асуудлыг засах хүрээнд олон ажил хийж эхлээд байна.

 

Тухайлбал Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь нийслэлийн нутаг дэвсгэр дэх оршуулгын үйл ажиллагааны бодлого чиглэлийг тодорхойлох, энэхүү үйл ажиллгаанд оролцогч төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн  мөрдөх эрх зүйн хэм хэмжээг тодорхойлох, таниулах, хэрэгжилтэнд хяналт тавих чиг үүрэгтэй ажилладаг.

Улаанбаатар хотод оршуулгын үйл ажиллагаатай холбоотойгоор тулгамдаж байгаа олон асуудлуудын нэг бол хотын эргэн тойронд зөвшөөрөлгүй газарт оршуулга хийх явдал юм.

Зөвшөөрөлгүй газарт хийгдэж байгаа оршуулгын үйл ажиллагаанаас шалтгаалан нийслэлийн ногоон бүс, сууршлын бүсүүдэд   оршуулга нэмэгдсээр байгаа нь агаар, хөрсний бохирдол үүсгэн иргэдийн эрүүл таатай амьдрах орчинд сөрөг нөлөө үзүүлэхийн зэрэгцээ, нийслэлийн газар төлөвлөлт алдагдах зэрэг олон асуудлуудыг дагуулсаар байна.

Иймд оршуулгын зан үйлд голлох үүрэг гүйцэтгэдэг зурхайч лам нар болон холбогдох байгууллагуудад нийслэлийн бодлого төлөвлөлтийг таниулах, нэгдсэн ойлголт өгөх, иргэдэд учрах хүндрэл бэрхшээлийг багасгах зорилгоор Улаанбаатар хотын Захирагчын Ажлын алба, “Буяны Зан Үйлийн Холбоо” ТББ хамтран бурхан болоочийн “Алтан сав” нээдэг зурхайч лам нартай зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

 

Дээрх уулзалтаар үндсэн 4 зорилго тавьж, асуудлыг хөндөн хэлэлцсэн байна. Тухайлбал:

 

  1. Зурхайч лам нарт оршуулгын зан үйлтэй холбоотой төр засгаас авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, эрх зүйн орчинг танилцуулах
  2. Иргэдэд оршуулгын зан үйлийг үйлдэх явцад тулгарч буй хүндрэлтэй асуудлууд, түүнийг хэрхэн шийдвэрлэх
  3. “Алтан сав” нээхэд зурхайч лам нарын ашиглаж буй зурхайн ном судар,зайлшгүй баримтлах үндсэн зарчмын талаар нэгдсэн ойлголтонд хүрэх
  4. Оршуулгын уламжлалт зан үйлийг нийслэл хотын цаашдын бодлого төлөвлөлт, газар зохион байгуулалттай хэрхэн нийцүүлэн гүйцэтгэх талаар зурхайч лам нартай зөвшилцөх

 зэрэг асуудлууд байлаа.

 

”Буяны зан үйлийн холбоо” ТББ нь  оршуулгын үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагуудын үйл ажиллагааг уялдуудах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг дээдлэх, байгаль орчны тэнцвэртэй байдлыг хангах талаар төрийн бодлогыг дэмжиж хамтран ажиллах зорилгоор 2008 онд байгууллагдсан. Тус байгууллага нь оршуулгын зан үйлийг зөв таниулах, мөн хотын хөгжилд уялдуулах зэрэг санаачлага гарган ажиллаж эхлээд байна.