ЭКОЛОГИЙН ЦАГДААГ БАЙГУУЛЖ УУЛ УУРХАЙГ ЗОДОХ ХЭРЭГСЛЭЭ БОЛГОНО

ЭКОЛОГИЙН ЦАГДААГ БАЙГУУЛЖ УУЛ УУРХАЙГ ЗОДОХ ХЭРЭГСЛЭЭ БОЛГОНО

Монгол Улсын Засгийн газраас цагдаагийн байгууллагын бүтцийг өөрчилж шинээр  Экологийн цагдаагийн нэгж байгуулах шийдвэр гаргав. Энэ нь нэг талаасаа байгаль дэлхийгээ хамгаалах хувилбар мэт боловч нөгөө талдаа уул уурхайг төрийн өмнөөс дарамтлах зодуурын хэрэгсэл байж болох юм.

Экологийн цагдаагийн албыг эхний ээлжинд 170 хүний бүрэлдэхүүнтэй байгуулна. Нэн тэргүүнд 10 аймгийн 100 суманд тус алба байгуулдагдах юм. Төсөвт цалин хөлсийг нь тусгачихсан гэнэ. Харин хэчнээн төгрөг шинэ албандаа зарцуулахаа сайд Ц.Нямдорж нууцлав. Их мөнгө гэхээс өөр хариулалт хэлсэнгүй ээ. Үүний зэрэгцээ экологийн эсрэг гэмт хэрэг хэчнээн хувиар өссөн болоод шинэ цагдаагийн бие бүрэлдэхүүн байгуулж байгаагаа тайлбарлахаас сайд татгалзлаа.  

Сайдын хэлж мэдэхгүй байсан экологийн гэмт хэргийг интернэт дэх нээлттэй мэдээллээс хайгаад үзэхээр дараах дүрслэл харагдаж байна. 2018 онд хүрээлэн буй орчны эсрэг 367 гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол 2019 онд 484 болж 31,9 хувиар өсчээ. Үүнээс байгаль орчныг бохирдуулах гэмт хэрэг 4 бүртгэгдсэн нь 2 болж буурсан бол хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг 5,2 хувиар өссөн, Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэмт хэрэг 20 хувиар өссөн бол хууль бус ан агнах гэмт хэрэг 48,5 хувиар нэмэгджээ. Статистик тооноос харахад хууль бус ангийн гэмт хэрэг гол өсөлтыг бий болгосон. Гэвч шинээр байгуулагдаж байгаа экологийн цагдаагийн гол үүрэг нь байгаль орчин, уул уурхайн олборлолттой холбоотой экологийн аюулгүй байдлыг хангаж ажиллах юм. нэг үгээр хэлбэл уул уурхайн компаниудыг онилж тэднийг дарамтлах төрийн машин болно гэсэн үг.

Монгол улсад 7900 орчим га талбайд уул уурхайн үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал ашигт малтмалын хайгууллын 1225 ашиглалтын 1665 нийт 2890 тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байна. Тэднийг айлгах, хариуцлагагүй компаниудыг нөхөн сэргээлт хийлгэх, зарим нэгд нь төрийн дарамт шахалт үзүүлэх үүргийг экологийн цагдаа нар хийх бололтой. Тэд өнөөдрөөс эхлэн ажилдаа орлоо. Мөнгөтэй уул уурхайг иргэний хөдөлгөөнийхөн онилж хааж, боодог байсан бол төрөөс зөвшөөрөл өвөртөлсөн цагдаа нар одоо айлгана.