Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд 2020 онд зохион байгуулах төрөл мэргэжлийн алба хаагчийг мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, хорих анги салбар нэгжийн дотоод хяналт шалгалт, хөрөнгө, орлогын мэдүүлэг хариуцсан эрх бүхий албан тушаалтнуудыг мэргэшүүлэх сургалтыг 01 дүгээр сарын 9, 10-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэхүү сургалтыг Авлигатай тэмцэх газартай хамтран 2 дахь жилдээ зохион байгуулж байгаараа онцлогтой бөгөөд төв орон нутгийн дотоод хяналт шалгалт, хөрөнгө, орлогын мэдүүлэг хариуцсан эрх бүхий албан тушаалтныг мэргэшүүлэх, хяналт шалгалт явуулах, ХАСХОМ гаргахад тулгарч байгаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Мэргэшүүлэх сургалт нь Хяналт шалгалтын үйл ажиллагаа, Хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт болон эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, батлах, ажлын гүйцэтгэл үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, анги байгууллагаас хэрэгжүүлж буй сайн туршлага гэсэн үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд энэхүү сургалтыг явуулснаар авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, сурталчлах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, дотоод хяналтыг сайжруулах зэрэг ач холбогдолтой юм.