О.БААСАНХҮҮ: ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААНДАА БИШ АЛБАН ТУШААЛТАН АВЛИГЫН ХЭРГИЙГ ЗАВХРУУЛЖ БАЙНА
Авлига албан тушаалын хэргийг замхруулж, ялаас мултлах технологийг хэдэн янзаар хэрэглэх болов. 2017 онд Эрүүгийн хуульд хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг анх гарсан цагаас хойш 5 жилийн дотор хэргийг шүүхээр эцэслэн шийднэ. Тэр хугацаанд шийдэж чадаагүй бол хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шалтгаанаар хэрэгсэхгүй болно хэмээн заасан. Өнөөдрийн байдлаар олон хэрэг яг энэ зүйл заалтаар хэрэгсэхгүй болоод байна.
Нөгөө талд нь хөөн хэлэлцэх хугацааг хуульд ингэж тусгаж өгчихөөд хэргийг богино хугацаанд илрүүлэхгүй, нуун дарагдуулах, ялаас мулталж авч үлдэхийн тулд шургуулгандаа гэмт хэргийг нуудаг технологи газар авах болов. Тухайлбал авлига албан тушаалын гэмт хэргийг ялаас мултлахын тулд мөрдөн байцаагч нь хэргийг шалгаад тогтоочихдог. Харин дээд шатны дарга нь солигдож өнөөх гэмт хэргийг судлах нэрээр хэдэн сар болно. Үүний дараа мөрдөн байцаагч өөр ажилд очно. Хэрэг дахин шалгагдана. Бас дарга солигдоно, эсвэл дарга хэргийг уншиж байгаа нэрийдлээр хэдэн сар, цаашлаад хэдэн жил болно. Ингэж замхруулсаар байгаад хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгаж байна. Энэ бол улс төрчдийн явуулж байгаа бохир арга хэмээн УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдэгдлээ.