Улсын их хурлын сонгуулийн мандатын тоог их хурал хэлэлцэн батлах ёстой. Гэтэл тойргийн мандатын тоог эрх баригч намынхан зөвшилцөж чадаагүй учраас энэ асуудал хойшилсоор байна. Улсын их хуралд олонхийг бүрдүүлж байгаа МАН-ын удирдлага аймагуудад мандатыг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа. Учир нь ман-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, нарийн бичгийн дарга Бат-Энх нар өнгөрсөн онуудад нэр дэвших аймагтаа чамгүй усалгаа хийсэн. Тус аймгуудаас сонгогдсон гишүүдтэйгээ муудалцахгүйн тулд аймгийнхаа мандатын тоог нэмэх шийдэлд хүрээд байна. Харин үүнийг нь нийслэлээс сонгогдсон гишүүд эсэргүүцэж буй. Мандатын хуваарилалтын улмаас эрх баригч намын гишүүд хоорондоо ам зөрөлдөж, бараг л гар зөрүүлэх хэмжээнд асуудал үүссэн сурагтай. Ялангуяа нийслэлээс сонгогдсон гишүүдийн зүгээс мандатынхаа тоог 5-6 суудлаар хасуулах хүсэлгүй байна. Нийслэл өнөөдрийн байдлаар 28 гишүүний төлөөлөлтэй байгаа. Үүнийг бууруулж 23 болгох зургийг МАН-ын удирдлага зураад байна. Сонгуулийн хуулинд мандатын тоог гаргахдаа хүн ам, газар нутаг, засаг захиргааны нэгжийн тоог харгалзан үзнэ хэмээн тусгаж өгсөн. Энэ нь эртнээс Говь-Алтай, Булган зэрэг аймагт мандат нэмэх гэсэн МАН-ын дарга нарын төлөвлөгөө. Харин энэхүү төлөвлөгөө нь ногоон гэрэл цагаан шугамаар шууд шийдэгдэж дөнгөхгүй нь ээ. Учир нь Улаанбаатар хотод өрсөлдөх МАН-ын гишүүдийн зүгээс тойргоосоо жийгдэхгүйн тулд орон нутагт мандат нэмэх гэсэн дарга нарынхаа үгийг шууд хүлээн зөвшөөрч чадахгүй байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд сонгуулийн мандатын тооноос болж МАН-ын нэр бүхий гишүүд ам зөрүүлж, барьцалдаж авах дээрээ тулсан сурагтай байна. Энэ нь нөгөө талдаа МАН-д нэгэнт үүсээд байгаа 33 болон 32-ын бүлгийн хооронд ч хэрүүлийн алим болчихоод байгаа гэнэ.