“Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсэгт 2019 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр томоохон ажлууд хийгдсээр байна. Тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, Зэсийн баяжмалын шугам дээр технологийн схемийн өөрчлөлт хийснээр тоног төхөөрөмж, ажиллах хүч, материалд хэмнэлт гарах юм” гэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгийн механик Х.Шинарбай ярилаа. Мөн тэрээр, энэ сарын нэгнээс эхлэн суурилуулж байгаа FLSMIDTH М900 FBM даралтат шүүлтүүрийн тоног төхөөрөмж бүрэн ирсэн, Шүүн хатаах хэсэг, Барилга засварын цех, Баяжуулах үйлдвэрийн засварын хэсгийн хамт олон энэ ажлыг гүйцэтгэж байгаа тухай мэдээлсэн юм.
Үйлдвэрийн газрын Техник, эдийн засгийн үндэслэлээр Шүүн хатаах хэсгийн молибдены баяжмалын шугамын хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай тул дээрх ажлыг эхлүүлээд байна. Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн шүүн хатаах хэсэгт 2005 оноос даралтат шүүлтүүрийг шат дараалалтай суурилуулж байгаа юм.
Өмнө нь вакуум даралтат шүүлтүүртэй байхад шүүх, хатаах гэсэн хоёр үйлдэлтэй байсан бол шинэ даралтат шүүлтүүрийг суурилуулснаар нэг тоног төхөөрөмжөөр зэс, молибдены баяжмал гаргаж авах юм.
Ажлын бүтээмж өндөртэй даралтат шүүлтүүрийг суурилуулснаар ажиллах орчин сайжирч, ижил тоног төхөөрөмжтэй болж байгаагаар онцлогтой. Ингэснээр засварын ямар нэгэн доголдол гарахад нэг төрлийн тоног төхөөрөмж захиалахад үнэ өртгийн хувьд ч хэмнэлт гарна.
Хөрөнгө оруулалтын чиглэлээр хийгдэж байгаа, тоног төхөөрөмж эдийн засгийн хувьд хэмнэлт бүхий эдгээр ажлуудыг энэ онд багтаан дуусгах юм. Даралтат шүүлтүүрийн угсралтын ажил 11-р сарын 30 гэхэд дуусаж, тохируулга үйлчилгээний ажил 12-р сарын 10 хүртэл хийгдэж, ашиглалтад хүлээж авах юм.
А.Бямбамаа
Фото: Ш.Лхамсүрэн