Эрдэнэт үйлдвэрийн сувилалд ажилтны ар гэрийн нэг хүн 40 хувийн хөнгөлөлттэй амарна

Эрдэнэт үйлдвэрийн сувилалд ажилтны ар гэрийн нэг хүн 40 хувийн хөнгөлөлттэй амарна

 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ҮЭ-ийн холбоотой  хамтран 2020-2021 онд хэрэгжүүлэх шинэ Хамтын гэрээний зарим заалт өөрчлөгдөж орсны нэг нь тус үйлдвэрийн ажилтны ар гэр, хамаатан садны нэг хүнийг жилд нэг удаа сувилалд хөнгөлөлттэй амраах тухай заалт юм. Тодруулбал, Эрдэнэт үйлдвэрийн ажилтан бүр өөрийн ар гэр, хамаатан садны нэг хүнээ жилд нэг удаа Эрдэнэт сувиллын цогцолборт сувилуулах эрхтэй бөгөөд тухайн хүний сувиллын төлбөрийг 40 хувь хүртэл хөнгөлөх боломжтой болжээ.

    Өмнө нь Эрдэнэт сувиллын цогцолбор, үйлдвэрийн ажилтны төрсөн аав ээж, үр хүүхдэд нэг удаа хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг байсан бол шинэ  хамтын гэрээгээр эл заалтыг ар гэр, садан төрлийн нэг хүнийг гэж тодотгон, илүү боломж нээж байгааг  Сэргээн засах эмчилгээний тасгийн эрхлэгч, клиникийн профессор Д.Оюунбат ярилаа.

     Хамтын гэрээний наймдугаар бүлэгт нийгэм ахуйн хөнгөлөлт, тусламж, тэтгэмж, нийгмийн хамгааллын талаар тусгасан. Энэ заалтад тусгаснаар хэвийн нөхцөлд ажилладаг ажилтан 60 хувь, хэвийн бус нөхцөлд ажилладаг ажилтан 75 хувь, үйлдвэрээс өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан 100 хувь, мөн ҮО, ХХ, МШӨ-ний улмаас ХЧА-ын хувь тогтоолгосон ажилтнууд 100 хувь, тухайн жилдээ 2 дахь удаа сувилуулбал сувиллын зардлын 75 хувийг хөнгөлөхөөр заажээ. Мөн улсын болон улирлын чанартай ажилладаг рашаан сувилал, саам эмчилгээнд ажилтан, ахмад настнууд, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон ажилтнууд өмнөх жилүүдийнхтэй ижил буюу 50 хувь хөнгөлөлт эдлэх юм.

М.Балжинням

Фото: Б.Баттөгс