“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөрөнгө оруулалтын жилийн хүрээнд Ил уурхайн хэмжээнд шинээр болон шинэчилж солих техник, тоног төхөөрөмжийн төлөвлөгөө амжилттай хэрэгжиж байна. Эдийн засгийн хэлтсээс гаргасан хөдөлмөр, зохион байгуулалтыг үнэлэх аргачлалаар тус цех үйлдвэрлэлийн үйл явц дахь гүйцэтгэлээр 92 хувьтай, ажлын гүйцэтгэлээр 53 хувьтай гэж үнэлэгджээ. Энэ нь бусад цехүүдтэй харьцуулахад өндөр үзүүлэлт юм.
Өнгөрсөн хавар Ил уурхайн хамт олон ЭКГ-12 маркийн шинэ экскаватор өөрсдийн хүчээр богино хугацаанд угсран ашиглалтад оруулсан нь үр өгөөжөө өгч байна. Тэгвэл дараагийн ээлжийн шинэ экскаваторыг энэ намар хүлээн авна. Одоогийн байдлаар эхний хэсгийн эд ангиуд ирсэн бөгөөд угсралтын ажлыг ирэх 9 дүгээр сарын дунд үеэс 10 дугаар сарын 20 хүртэлх хугацаанд хийж дуусгахаар төлөвлөсөн ажээ. “Бусад захиалгат тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлтийн ажил хэвийн үргэлжилж байна. Үүнээс харахад, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө энэ онд 90-ээс дээш хувиар биелэх нөхцөл бүрдсэн. Уулын ажлын хувьд тодруулбал, уурхайн төлөвлөгөөт ажлууд хуваарийн дагуу хийгдэж байна. Баяжуулах үйлдвэрт чанар, стандартын шаардлагад нийцсэн хүдрээр хангах гол зорилтоо амжилттай хэрэгжүүлж буйг дурдах нь зүйтэй. Түүнчлэн энэ оны төлөвлөгөөт үзүүлэлтээ хангалттай сайн биелүүлэх боломж бий болсон” гэж Ил уурхайн Ерөнхий инженер Д.Уламмандах ярилаа.
Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн хамт олон 2019 оны эхний хагас жилийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгавраа бүх үзүүлэлтээр нь 100-аас дээш хувиар биелүүлсэн байна. Мөн 7, 8 сарын төлөвлөгөөний гүйцэтгэл сайн дүнтэй байгаа нь оны эхний гурван улирлын төлөвлөгөөг давуулан биелүүлэх боломжтой болжээ.