Уул уурхайн салбарт хүч түрэн орж ирсэн залуучуудыг нэгтгэх, тэднийг төлөвшүүлэх, шинэ үеийн дэвшилтэт технологитой хөл нийлүүлэн алхахад мэдлэг чадвар олгох, хувь хүний хөгжилд нь ахиц дэвшил гаргахад тулж ажилладаг гол цөм нь Эрдэнэт үйлдвэрийн Залуучуудын холбоо юм. Нийт ажилчдын 57 хувь буюу 3000 гаруй залуусын эрх ашгийн төлөө үйлчилдэг тус холбоо 20 жилийн тэртээ шангаа татжээ. Эрдэнэт үйлдвэрийн Инженерийн зурагтөслийн төвийн зохион бүтээгч инженер, Залуучуудын холбооны тэргүүн Т.Мөнхбатыг зочноор урьж, ярилцлаа.
-Эрдэнэт үйлдвэрийн Залуучуудын холбоо бүтэц бүрэлдэхүүний хувьд ямар зохион байгуулалттай ажиллаж байна вэ? Залуучуудын оролцооны талаар яриагаа эхэлье?
-1999 онд Монголын Залуучуудын холбооны салбар зөвлөл нэрийн дор Эрдэнэт үйлдвэрийн Залуучуудын холбоог байгуулсан түүхтэй. Залуучуудын харилцаа, хандлага, сэтгэлгээ цаг үеэ даган ихэд өөрчлөгдсөн ч залуучуудын байгууллага үндсэн бодлогоо гээлгүй өнөөдрийг хүрсэн нь бидний хувьд том амжилт юм. Уурхайчин залуусын эрх ашгийн төлөө нэгдэн, сэтгэл зүтгэлтэй ажилладаг залуусын нэгдэл гэж хэлж болно. Бид ажлын талбар дээр үйлдвэрийн тасралтгүй үйл ажиллагааг хангах үүрэг хүлээдэг бол холбооны хэмжээнд өөрийгөө болон бусдыг хөгжүүлэхэд анхаарч байна. Залуучуудын холбоо маань Удирдах зөвлөлийн гишүүн, тэргүүлэгчид, нарийн бичгээс бүрдсэн 60-аад хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг. Цалин хөлс авдаггүй бидний ажил улс төрийн нам эвсэл, хэн нэг удирдлагаас хараат бус үйл ажиллагаа явуулдгаараа онцлогтой.
-Таны бодлоор залуучуудын байгууллагад ажиллах нь хувь хүний хөгжилд ямар нөлөө үзүүлдэг гэж харж байна вэ?
-Юуны өмнө цех, хэсгийнхээ залуучуудын өмнөөс хурал цуглаанд оролцож, тэдний санаа бодлыг илэрхийлж байгаа нь сайшаалтай. Нэг үйл ажиллагаанаас хоцорчихвол тухайн цех нэг мэдээллээс ор тас хаягддаг тал бий. Тиймээс тэргүүлэгчид маань их хариуцлагатай болдог. Нөгөө талаас үеийнхэн дундаа нийгэмшиж, өөрийгөө илэрхийлэх чадварт суралцаж байна. Бид тасралтгүй хөгжиж, боловсрох ёстой. Хөгжлийг нийгэм талаасаа ярихаас гадна ажил мэргэжил талаасаа ч ярих нь зөв байх. Өнөө үед инженерийн сэтгэлгээ асар өндөрт тавигддаг болсон шүү дээ. Дэлхий нийтийн техникийн хөгжилтэй зэрэгцэж явахын тулд хүн бүр ажил мэргэжилдээ чадавхжих, хөрвөх чадвартай болох, өөртөө зорилго тодорхойлж, түүндээ тэмүүлэх зүй ёсны шаардлага бий болж байна.
Сонгуульт ажил авсныхаа дараа миний баримталсан нэг зүйл бол Эрдэнэт үйлдвэр залуучуудын бодлоготой байх ёстой гэж үзсэн. Бодлогын хүрээнд Залуучуудын байгууллага нь ажлаа уялдуулах ёстой. Ингэснээр залуучуудын холбооны цаашдын тогтвортой хөгжлийн чиг гарч ирэх юм. Өмнөх 20 жилд түүчээлж явсан залуус маань үйлдвэрийнхээ хэлтэс, цехийн удирдлагаар ажиллах хэмжээнд боловсорчээ. Ингээд бодохоор залуучуудын байгууллагын үүрэг оролцоо ямар дүн авах нь тодорхой байх.
-Залуучуудын холбооны тогтвортой хөгжлийг хангахад ямар ажлууд хийж байгаа талаараа мэдээлэл өгөхгүй юу?
-Эрдэнэт үйлдвэрийн нийт ажиллагсдын 57 хувийг 18-40 насны залуучууд эзэлж байна. Сүүлийн хагас жилийн хугацаанд 1000 гаруй шинэ залуу ажилтантай боллоо. Иймээс залуучууд руу хандсан бодлого түлхүү явуулах зайлшгүй шаардлага бий болсон нь харагдаж байгаа юм. Бид 2018-2023 онд баримтлах “Залуучуудын хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг боловсруулан, хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрийг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал, удирдлагууд дэмжсэнд залуучуудынхаа өмнөөс талархалтай хандаж байгаа. Орон сууцны хөнгөлөлтийн асуудал, чадвартай залуусаа гадаадын их, дээд сургуульд суралцах, чадвараа хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх, залуу гэр бүлийн хүүхдийг цэцэрлэгт хамруулах зэрэг нь хөгжлийн хөтөлбөрт тусгагдсан.
Шинэ залуу ажилчдад зориулсан төлөвлөгөөт ажлуудаа цех, хэсэг, нэгж гэхээс илүүтэй нэг үйлдвэрийн залуучууд гэдэг талаас нь хоорондоо нэгдэн нягтруулах бодлогыг барьж байна. Залуучуудын хандлагыг өөрчилье гэж ярихаар л хэрэгжчихдэг зүйл биш. Тулгамдаж буй асуудал нь гэр бүлийн харилцаанд нөлөөлдөг юм шиг. Бид юун түрүүнд гэр бүлийн хүчирхийлэл, цэцэрлэг, сургуулийн өмнөх боловсрол, өдөр өнжүүлэх зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд аймгийн удирдлагууд болон Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газартай хамтран ажиллаж, далайцтай ажлууд хийхээр төлөвлөсөн.
-Ойн хугацаанд ямар ажлууд амжуулав?
-Залуучуудын холбооны 20 жилийн ойн хүрээнд үйлдвэрийн удирдлагуудтай хэлэлцэж, бүтээлч 20 ажил хийхээр төсөв, төлөвлөгөөгөө батлуулан ажиллаж байна. Онцлог ажлаас дурдвал, Залуучуудыг цаашид өсөн дэвших гарц боломжийг нээх зорилгоор УБТЗ, Дулааны цахилгаан станц, ИНЕГ-тай хамтран “Өөрийгөө шинэчлэх хүч” сэдэвт JCI-ын лектор багшаар удирдуулсан лекц сургалт зохион байгууллаа. Сурч боловсрох, мэдлэгээ дээшлүүлэхэд хамтран ажиллах зорилгоор АНУ-ын Жоржиео мужийн Мерсон хотын “Мерсер” их сургуулийн судлаач эрдэмтдийн баг, Toastmasters club-тай хамтарсан уулзалт хийсэн.
Ажлын гүйцэтгэл 80 гаруй хувьтай байна. Удахгүй салбарын 100 гаруй мэргэжилтнийг хамруулсан “Уул уурхайн хэлэлцүүлэг форум”-аа зохион байгуулна. Анх удаа хийж байгаа энэ форумаас их зүйл хүлээж байгаа. Ирэх сарын 6-нд 20 жилийн ойн шагнал гардуулах ёслол зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Мөн Үйлдвэрийн залуучуудын сүлд дууг бүтээхээр ажилдаа ороод байгаа.
-Хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тал дээр хэрхэн анхаарч байна вэ?
-Холбооны зүгээс өнгөрсөн хугацаанд гадаад, дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ихээхэн анхаарсан. Гадаад харилцаа, хэлний мэдлэгээ дээшлүүлэх чиглэлээр АНУ, БНСУ-тай хамтран ажиллана. Үе шаттай хэрэгжих эдгээр ажлынхаа эхлэлийг тавьсанд олзуурхаж байна. Залуучуудад тэлье, хөгжье, мэргэжил чиглэлээ өөрчилье гэсэн бодол их бий. Түүнчлэн хувь хүний карьерын бодлогыг түлхүү хэрэгжүүлэх бодолтой байна. Тухайлбал, би хэдэн жилийн дараа мастер болох вэ, мэргэжилдээ ахихад надад ямар чадамж хэрэгтэй вэ зэргээр өөрийн зорилгыг оновчтой тодорхойлоход системтэй арга зааж өгөх юм.
Дотоодын хамтын ажиллагаа, туршлага солилцох чиглэлээр УБТЗ-ын залуучуудын байгууллага, “ДЦС-4” ТӨХК-ийн Залуучуудын холбоо, ИНЕГ-ын Залуучуудын холбоотой хамтран ажиллаж байна. Залуучууд танилцах, туршлага солилцох уулзалтад оролцохдоо ихэвчлэн эрэл хайгуул хийж, ололттой саналуудыг ажил мэргэжлийн онцлогтоо уялдуулан ажиллаж байна.
-Үндсэн ажлынхаа хажуугаар энэ бүх ажлыг яаж амжуулаад байна вэ?
-Би Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийг 2005 онд төгсөж, уул уурхайн салбарт 15 дахь жилдээ инженерээр ажиллаж байна. Ажлын талбарт энэ мэргэжлийн үр өгөөж илүүтэй гардгийг биеэрээ мэдэрч байна. Ангийнхан маань бүгд л үйлдвэртээ ажиллаж, зарим нь удирдах алба хашиж байгааг хараад тэднээрээ бахархдаг. Компьютер графикийн аргаар зураг төслийн ажил гүйцэтгэх нь миний ажил. Тодруулбал, Засвар механикийн заводод хийгдэж байгаа импортын бараа бүтээгдэхүүн орлох тоног төхөөрөмжийн өөрчлөлт шинэчлэл, эвдрэл гэмтлийг сайжруулах, металл эд анги болон тоног төхөөрөмж байршуулах ажлын зураг төслийг хариуцан хийдэг гэсэн үг. Ямартаа ч хувь хүнээс эрэл хайгуулч, шинийг санаачлах чадвар илүүтэй шаарддаг юм. Тиймээс ч цаг үеэ даган хөгжихийг, ингэхдээ залуучуудтайгаа мөр зэрэгцэн урагшлахыг зорьж байна.
Олон нийтийн ажилд оролцох нь хувь хүнээс багагүй цаг хугацаа, хичээл зүтгэл шаарддаг гэж хэлж болно. Манай цехийн дарга удирдлагууд ойлгоно, заримдаа дэмжихгүй байх тохиолдол ч гарна. Гэхдээ үйлдвэрийнхээ залуучуудын төлөө явж байгаа болохоор үндсэн болон олон нийтийн ажлаа хослуулаад, зохицуулаад л явж байна даа. Залуучуудын холбооны тэргүүн, тэргүүлэгч, гишүүд маань саад бэрхшээлийг даван гарч, залуусын төлөө гэсэн сэтгэл, зүтгэлтэй ажиллаж байгааг хараад тэднээрээ бахархдаг шүү.
Ярилцсан И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн