Эрдэнэт үйлдвэр залуу ажилчдаа дэмжих, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд “Уурхайчин 1, 2, 3 дугаар хороолол”-ыг бүтээн байгуулахаар төлөвлөн, энэ оны тавдугаар сараас эхний хорооллыг барих ажлыг эхлүүлсэн. Ингэхдээ сантехникийн шугам сүлжээ, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд нь бодитой хөрөнгө оруулалт хийсэн юм.
“Уурхайчин 1” хорооллын эхний 3 барилгыг ирэх оны 3 дугаар улиралд ашиглалтад хүлээн авахаар гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан, хяналт тавин ажиллаж байна. “Уурхайчин 2” хороололд 600 айл, “Уурхайчин 3” хороололд хаус хэлбэрийн 400 айлын орон сууц тус тус сүндэрлэн босч, тодорхой шалгуур хангасан, шинээр байр худалдан авч байгаа уурхайчдад 12 сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгон дэмжлэг үзүүлэх юм.
Эрдэнэт үйлдвэр ажилтан, ажиллагсад, уурхайчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд үеийн үед анхаарсаар иржээ. Түүх сөхвөл 1999 онд орон сууцыг хувьд шилжүүлэх тухай хууль батлагдаж, улмаар Эрдэнэт үйлдвэр ажилчдынхаа амьдарч байсан орон сууцыг хувьчлах шийдвэр гаргасан байна. Энэ шийдвэрээр 3500 уурхайчныг тухайн үед үнэ төлбөргүй орон сууцаар хангасан байдаг. Ингэхдээ Орхон аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран Орон сууц хувьчлах товчоо байгуулан, хувьчлалын ажлыг 2 үе шаттай гүйцэтгэжээ. 2000 онд анхны хувьчлал болж, 15 болон түүнээс дээш жил ажилласан уурхайчид, мөн 2001 онд үлдсэн хүмүүст орон сууцыг нь хувьчилж өгчээ. Харин тэр цагаас хойш Орхон аймагт барилга байгууламж шинээр барих ажил зогсонги байдалд орсноор орон сууц хувьчлалын ажил үндсэндээ зогсжээ.
Эрдэнэт үйлдвэр нь хамтарсан үйлдвэр гэдэг утгаараа фондны байруудтай байсан бөгөөд 2014 онд Советын шийдвэр гарч, 186 орон сууцыг хувьд шилжүүлсэн байна. Одоогоор үйлдвэрийн харьяанд үлдсэн цөөн байрыг түрээсийн хэлбэрээр ашиглуулж байгаа тухай Нийгмийн харилцааны бодлогын хэлтсээс мэдээллээ.