Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэсийн үнэ 5690 ам.доллар байна

Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэсийн үнэ 5690 ам.доллар байна

10-р сарын эхний 21 хоногт зэсийн үнэ 5690 ам.доллар тонн байгаа нь өнгөрсөн сарын дундаж үнэтэй харьцуулахад тонн тутамд 65 ам.доллароор буурсан үзүүлэлттэй байна. 2019 оны 10-р сарын эхэнд 5610 ам.доллар тонн байсан зэсийн үнэ сүүлийн өдрүүдэд бага зэрэг өсөж 5820 ам.доллар тонн боллоо. АНУ, Хятадын худалдааны дайн нааштайгаар шийдэгдэх магадлал өндөр, мөн Чилийн зэсийн уурхайнуудад  нийлүүлэлтийн хүндрэлүүд гарч байгаатай холбоотойгоор  зэсийн үнэ бага зэрэг өслөө. Чилид  гарсан олон нийтийн эсэргүүцлийн жагсаалыг хүчээр дарахыг оролдсон асуудлыг эсэргүүцэж байгаагаа Чилийн зэсийн уурхайн ажилчдын холбоо мэдэгджээ. Чилийн Escondida  зэсийн уурхай 10-р сарын 22-ны өдөр  нэг өдрийн  сануулах ажил хаялт зарлахаа  мэдэгдсэн ба  бусад уурхайнууд ч мөн  ажил хаялт зарлах магадлал өндөр байна.
   АНУ-ын ерөнхийлөгч  Дональд Трамп энэ 7 хоногийн Даваа гаригт БНХАУ-тай хийж буй худалдааны асуудлаарх хэлэлцээр ахицтай байгаа бөгөөд ирэх сард Чилид хийх уулзалтын үеэр талууд гэрээнд гарын үсэг зурна гэж мэдэгдлээ. Дэлхийд тэргүүлэгч эдийн засагтай хоёр улс урьдчилсан байдлаар тохиролцоонд хүрсэн нь 18 сар үргэлжилсэн “Худалдааны дайн”-ийг түр зогсооно гэсэн хүлээлтийг зах зээлд төрүүлж байна. 
   Гэвч зарим эх сурвалжууд АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан технологийн салбарт шилжих эрсдэлтэй байгаа талаар мэдээллээ. АНУ Хятадын  технологийн найман компанийг “Хар жагсаалт”-даа оруулсан ба тус жагсаалтад хяналтын камер нийлүүлэгч “Hikvision”, “Dahua Technologies” зэрэг компаниуд багтжээ. “Hikvision” нь 2017 онд олон улсын хяналтын камерын зах зээлийн 38 хувийг дангаараа бүрдүүлж байсан байна. Харин “Dahua Technologies” 16 мянга гаруй ажилтантай, Хойд Америк, Европ, Латин Америкт оффистой ажээ. Ийнхүү “Хар жагсаалт”-д нь багтсанаар эдгээр компаниуд АНУ-ын Засгийн газрын тусгай зөвшөөрөлгүйгээр тус улсын компаниудтай бизнес хийх боломжгүй болж байгаа юм.
   Ирэх сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нар худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурах эсэх нь эдийн засгийн болон таваарын үнийн хэтийн төлөвт ихээхэн нөлөө  үзүүлнэ гэж шинжээчид дүгнэж байна.
 
Эрдэнэт үйлдвэрийн Экспорт борлуулалтын хэлтсийн Тэргүүлэх мэргэжилтэн Х.Мөнхцэцэг