Ган бөөрөнцгийн үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлнэ

Ган бөөрөнцгийн үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлнэ

Эрдэнэт үйлдвэрийн Ган бөөрөнцгийн цех нүүрс хийжүүлэх зуухнаас татгалзаж, байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, бүтээмж өндөр индукцын технологи нэвтрүүлэхээр бэлтгэл хангаж байна. Ажлын хэсгийнхэн Цувих шугамын тоног төхөөрөмжийг үйлдвэрлэгчээс нь шууд худалдан авах ажлыг зохион байгуулсан бөгөөд удахгүй наашаа ачигдах ажээ. Харин шинэ шугамын суурийн ажил 70 хувийн гүйцэтгэлтэй явна.
   Баяжуулах үйлдвэрийн шаарын нийт хэрэглээний 80 хувийг дангаар хангадаг Ган бөөрөнцгийн цехэд нэвтрүүлэх индукцын технологи нь 80-100, 40-80-ын голчтой ган бөөрөнцөг цувих хос шугамтайгаараа онцлог юм. Өөрөөр хэлбэл 80 мм-ын ган бөөрөнцгийн нөөц шугамтай болсноор хамгийн эрэлттэй шаар тасрах эрсдэл үгүй болохоос гадна дотоодын зах зээлд нийлүүлэх боломж бүрдэнэ. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ ган бөөрөнцгийн үйлдвэрлэлдээ шинэ технологи нэвтрүүлэхээр дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд зардлаа 1,5 жилийн дотор нөхөх тооцоотой ажиллаж байна. Тус цехийн хамт олон нүүрс хийжүүлэх зуухнаас татгалзаж, цахилгаан эрчим хүчээр ажилладаг индукцын технологи руу шилжсэнээр жилдээ 24500 тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэхэд 1,3 тэрбум төгрөг хэмнэх юм. Түүнээс гадна ажлын байрны нөхцөл эрс сайжирна гэж мэргэжилтнүүд үзэж байна. 

М.ОДГЭРЭЛ