Д.ҮҮРИЙНТУЯА: Санхүү, бүртгэлийн ажилтнуудыг хөгжүүлэх асуудал байгууллагын бодлогын цөмд байх ёстой

Д.ҮҮРИЙНТУЯА: Санхүү, бүртгэлийн ажилтнуудыг хөгжүүлэх асуудал байгууллагын бодлогын цөмд байх ёстой

Хойд бүсийн аймгуудын бүртгэл, санхүүгийн ажилтнуудын “Мэргэжлийн тасралтгүй хөгжил” сэдэвт сургалт Эрдэнэт хотод болж байна. Үүнтэй холбогдуулан Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяатай уулзаж, Зууны манлай үйлдвэрийн бүртгэл, санхүүгийн үйл ажиллагаанд гарч буй ахиц өөрчлөлтийн талаар болон бусад асуудлаар ярилцсан юм.  

 - Юуны өмнө сургалт, зөвлөгөөнд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлнэ үү? 
 - Хойд бүсийн аймгуудын бүртгэл, санхүүгийн ажилтнуудын “Мэргэжлийн тасралтгүй хөгжил” сэдэвт сургалтад хамрагдаж байгаа бүс, орон нутгийн нийт санхүүчдэдээ  ажлын өндөр амжилт, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Санхүү, бүртгэлийн ажилтнуудын бүсчилсэн чуулга уулзалтын буухиа Эрдэнэсийн хотоос эхэлсэнд баяртай байна.

   - 6500 гаруй ажилтантай “Эрдэнэт” хэмээх их “айл”-ын санхүү, бүртгэлийн үйл ажиллагаа хэр цэгцтэй явж ирсэн бэ?
   - Санхүү, бүртгэлийн үйл ажиллагаа байгууллагын хөгжилтэй салшгүй холбоотой. Эрдэнэт үйлдвэр маань 41 дэх жилдээ ажиллаж байна. Үүнтэй зэрэгцээд бүртгэл, санхүүгийн үйл ажиллагаа хөгжлийн тодорхой үе шатыг дамжиж ирсэн. Эрдэнэт үйлдвэрийн хувьд хөрөнгө санхүүгийн бүртгэлдээ санхүүгийн тайлагналын олон улсын стандарт хэрэгжүүлэх, энэ хүрээнд тодорхой бодлого, дүрэм, журам, заавар боловсруулж мөрдөх ажлууд үлгэр жишээ явж ирсэн түүхтэй.

   - Монгол-Оросын хамтарсан үйлдвэр байсан “Эрдэнэт” саяхнаас 100 хувь үндэсний компани болж, сүүлд төрийн өмчит үйлдвэрийн газар боллоо. Үүнийг дагаж санхүү, бүртгэлийн үйл ажиллагаанд өөрчлөлт орж байна уу?
  - Статусын өөрчлөлт дагаж гэхээсээ илүү санхүүгийн тайлагналын олон улсын стандартууд шинэчлэгдэж байгаатай холбоотой нягтлан бодох бүртгэлийн болон санхүүгийн удирдлагын бодлогын баримт бичгүүдийг шинэчлэн боловсруулж дуусаад байна. Үүнийгээ хэрэгжүүлж ажиллах нь бидний хувьд чухал зорилт. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд бид өртгийн бүртгэлээ шинэчлэх ажилд тодорхой ахиц гаргасан. Нөгөө талаас нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа программ хангамж, техник технологийн дэвшилттэй салшгүй холбоотой. Эрдэнэт үйлдвэрийн хувьд уул уурхайн үйлдвэрлэл эрхэлж буй дэлхийн томоохон аж ахуй нэгжийн хувьд санхүү, бүртгэлийн программ хангамжаа шинэчлэн сайжруулж, үйлдвэрлэл, санхүү эдийн засаг, худалдан авалт, хүний нөөц, албан хэрэг хөтлөлт, дотоод хяналт мониторинг гээд бизнесийн процессын иж бүрэн системийг нэвтрүүлж дижитал шилжилт хийх зайлшгүй шаардлага байгаа тул ERP, EAM систем нэвтрүүлэх ажлыг  2020 онд хийхээр төлөвлөж байна.

  - Эрдэнэт үйлдвэр санхүү, бүртгэлийн хэдэн ажилтантай вэ? Тэдний ур чадварын тухайд юу хэлэхсэн бол...?
  - Эрдэнэт үйлдвэрт санхүү, эдийн засгийн чиглэлээр 150 орчим хүн ажиллаж байна. Эдгээрээс Мэргэшсэн нягтлан бодогч 31, Татварын мэргэшсэн зөвлөх 11 бий. Цаашид бид санхүү, бүртгэлийн ажилтнуудаа мэргэшүүлэх, чадавхжуулах, мэргэжлийн ур чадварыг нь нэмэгдүүлэх чиглэлд анхаарч Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Татварын мэргэшсэн зөвлөлийн нийгэмлэг зэрэг мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд ММНБИ-ээс санаачлан зохион байгуулж байгаа Хойд бүсийн аймгуудын бүртгэл, санхүүгийн ажилтнуудын сургалтыг Эрдэнэт үйлдвэр дэмжин хамтран ажиллаж байгаа юм.

   - Эрдэнэт үйлдвэрийн уурхайн уул геологийн нөхцөл хүндэрч, зардал өсч байгаа. Гэсэн ч улсад төлөх мөнгөний хэмжээ буурахгүй, харин ч нэмэгдэх хандлагатай. Үйлдвэрийн үр ашигт эерэгээр нөлөөлж буй бодлого, шийдвэр, түүний хэрэгжилтийн талаар яриач?
  - Гуравдугаар улирлын байдлаар үйлдвэрлэл, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд зорилтот түвшний хүрээнд бүрэн биелсэн. Үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүд 100-107 хувиар биелсэн байна. Үүнийг дагаад санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг дүнтэй яваа. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ буурч байна. Бид 2019 онд дэлхийн зах дээл дээрх цэвэр зэсийн үнийг улсын төсөвт тусгагдсаны дагуу 6272 ам.доллараар төлөвлөсөн хэдий ч дэлхийн томоохон гүрнүүдийн худалдааны маргаанаас шалтгаалж даруй 500 гаруй ам.доллараар бага байгаа. Түүнээс гадна 40 гаруй жил ажилласан Эрдэнэт үйлдвэрийн хувьд уул геологийн нөхцөл хүндэрч байна. Хүдрийн хатуулгийн хэмжээ нэмэгдэж, хүдэр дэх зэсийн агуулга буурч байна. Үүнийг дагаад металл авалт багасч байна. Ингээд хүндрэл бэрхшээл тоочвол асуудал нэлээд бий. Гэхдээ манай уурхайчид, хамт олон тодорхой төлөвлөгөөтэй, зорилготой, өртөг зардал бууруулах төлөвлөгөө гарган ажилласны үр дүнд нийт зардлыг төлөвлөсөн хэмжээнээс 4.6 хувиар бууруулсан. Орлогын төлөвлөгөөгөө 2.8 хувиар давуулан биелүүлсэн. Орлогын өсөлтийг хангаж, зардлыг бууруулж ажилласан нь Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдын хамтын хичээл зүтгэлийн үр дүн юм. 2019 оны эхний 9 сарын байдлаар улс, орон нутгийн төсөвт 730 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Цаашид хүлээгдэж буй гүйцэтгэлээр оны эцэст 790 орчим тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олон хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлж, улс, орон нутгийн төсвийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж явна.
 
   - Өмнө нь та, Эрдэнэт үйлдвэрийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагааг ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох чиглэлтэй уялдуулна гэж ярьсан. Энэ талаар...?
   - Монгол Улсын Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай 224 дүгээр тогтоолыг өнгөрсөн зургаадугаар сард гаргасан. Энэ бол Монгол Улсын Засгийн газар сүүлийн 26 жилийн хугацаанд анх удаа Эрдэнэт үйлдвэрийн хөгжил дэвшилтэй холбоотой гаргасан томоохон шийдвэр юм. Энэхүү тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг дэмжиж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар баталсан. Үндсэн чиглэлийнхээ хүрээнд манай хамт олон тогтвортой хөгжлийн цогц бодлогыг  техникийн, технологийн, санхүү эдийн засгийн, байгаль орчны, хүний нөөц нийгмийн хөгжлийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэн ажиллаж байна.  
   Санхүү, эдийн засгийн чиглэлээр баримталж буй бодлогын эцсийн үр дүн нь ажилчдын эрх ашгийг хамгаалахад, тэднийг баталгаатай орлогын эх үүсвэрээр хангахад чиглэгдэх учиртай гэж бид харж байгаа юм. Энэ хүрээнд бид санхүүгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкуудын төлөөлөлтэй анх удаа нээлттэй уулзалт зохион байгуулсан. Уулзалтаар, нэг талаас арилжааны банкууд Эрдэнэт үйлдвэртэй хэрхэн хамтран ажиллах талаар, нөгөө талаас Эрдэнэт үйлдвэртэй санхүүгийн зах зээлд хамтран ажилласны үр дүнд уурхайчид, хамт олонд банкны бүтээгдэхүүн үйлчилгээний ямар боломж олгох талаар нээлттэй ярилцсан.

   - Арилжааны банкууд хоорондоо өрсөлддөг бизнесийн байгууллагууд шүү дээ...
   - Тийм ч учраас нийт дунд нь нээлттэй ярилцсан хэрэг. Хамгийн боломжит хувилбар санал болгосон арилжааны банктай бид цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллана. Өмнө нь, Эрдэнэт үйлдвэр арилжааны таван банктай хамтран ажилладаг байсан. Өнөөдөр бид арилжааны 10 банктай хамтран ажиллаж байна. Өмнө нь манай ажилчид цалингийн зээлийг 1.4-2.5 хувийн хүүтэй авч байсан. Бид арилжааны банкуудтай хамтын ажиллагааны гэрээ хийснээр цалингийн зээлийн хүүг 1.0-1.5 хувь болгож бууруулсан.

   - Ипотекийн зээл авахад олон бичиг баримт бүрдүүлэхээс эхлээд чирэгдэл их учирдаг. Үүнийг хөнгөвчлөх боломж бий юу?
   - Бид ипотекийн зээлийн нөхцөлийн асуудлыг мөн хөндсөн. Өмнө нь банкууд зээлийн эргэн төлөлт дээр хатуу шаардлага тавьдаг байсан. Харин одоо бүх төлбөрөө тэнцүү төлөх үү, үндсэн төлбөрөө тэнцүү төлөх үү гэдэг нь хувь хүний сонголтын асуудал байхаар тохиролцож байна. Ээлжийн ажилчид банкны системээр үйлчлүүлэхэд чирэгдэл ихтэй байдаг. Энэ явдал чирэгдлийг багасгах үүднээс цахим банкны системийг манайд түлхүү хэрэглэх, цахимаар материалаа бүрдүүлээд цахимаар зээлээ авах боломжийг хангах санал тавьсан. Бүх банк цахим банкны үйлчилгээ санал болгож байгаа.

  - Төгсгөлд нь асуухад ямар ч мэргэжлийн хүнд тасралтгүй хөгжил их чухал. Тэгэхээр энэ зөвлөгөөний ач холбогдлыг та хэрхэн дүгнэж байна?
   - Хүн хэдий сайн ч хэлэхээс нааш ойлгодоггүй, цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоордоггүй гэдэг дээ. Хэчнээн сайн мэргэжилтэн байлаа ч тасралтгүй боловсрол байхгүй бол хөгжихгүй. Техник, технологийн дэвшил, дэлхийн глобалчлалтай уялдаад бүх салбарын бодлого маш хурдтай өөрчлөгдөн шинэчлэгдэж байна. Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хувьд бүртгэлийн тогтолцоо шинэчлэгдэж, стандартууд илүү боловсронгуй болж байна. Энэ нөхцөлд тасралтгүй боловсрол чухал ач холбогдолтой. Ялангуяа хамт олны үйл ажиллагааны үр дүнг тоогоор илэрхийлдэг санхүү, бүртгэлийн ажилтнуудын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, тасралтгүй боловсролоор хангах асуудал байгууллагын бодлогод чухал байр суурь эзлэх ёстой. Энэ ч утгаараа бүсийн санхүү, эдийн засгийн ажилтнуудын чуулга уулзалт үр дүнгээ өгнө гэж найдаж байна.
   Ингээд бүсчилсэн сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсье.
 
М.Одгэрэл