А.ОТГОНЧУЛУУН: Манай цехийн үндсэн болон туслах тоног төхөөрөмжүүдийн 90 хувь нь шинэчлэгдэнэ

А.ОТГОНЧУЛУУН: Манай цехийн үндсэн болон туслах тоног төхөөрөмжүүдийн 90 хувь нь шинэчлэгдэнэ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ган бөөрөнцгийн цех нүүрс хийжүүлэх зуухнаас татгалзаж, байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, бүтээмж өндөр индукцын технологи нэвтрүүлэхээр бэлтгэл хангаж байна. Технологийн шинэчлэлийн үйл явцын талаар тус цехийн дарга А.Отгончулуунтай  ярилцлаа.

 - Технологийн шинэчлэлийн хүрээнд ямар ажлууд хийж байна?
   - Манай цехэд индукцын технологи шинээр нэвтэрч байгаатай холбоотой ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Суурийн ажил 70 хувийн гүйцэтгэлтэй, бетон зуурмаг авахад бэлэн болсон. Барилга засварын цехийнхэн маань өнөөдөр суурийн тулаасуудыг бэлтгэж байна. Суурийн ажил хоёр долоо хоногийн дараа дуусна.

   - Ажлын хэсгийнхэн Цувих шугамын тоног төхөөрөмжийг үйлдвэрлэгчээс нь шууд худалдан авах ажлыг зохион байгуулсан. Суурилагдах шинэ тоног төхөөрөмжүүд ирсэн үү? 
-Манай тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлээд ерөнхийдөө дууссан. Одоо хятадын Тээвэр ложистикийн байгууллагаар дамжаад наашаа ачигдах шатанд яваа. 11-р сарын 10-ны үед ирнэ. Тэгээд суурилуулалт, угсралтын ажил шахуу төлөвлөгөөтэй үргэлжилнэ. Өргөтгөл, шинэчлэлтэй холбоотой 20 тоннын шинэ “ямаан” кран хүлээн авсан. Мөн хуучин кран дээр засварын ажил ид явагдаж байна. Кранаа газраас удирдлагатай, хосолсон ажиллагаатай болгосноор үүрэг гүйцэтгэхэд дөхөм болсон. Хоёр гүүрэн краны нэгийг шинэчлэх ажил тендер зарлагдах түвшинд явна. Үүнийг сольчих юм бол манай цехийн үндсэн болон туслах тоног төхөөрөмжүүд 90 хувь шинэчлэгдэнэ.

   - Индукцын технологи нэвтрүүлснээр ямар боломж, давуу тал бүрдэх вэ?
   - Индукцын технологийн үйлдвэрлэл нь 80-100, 40-80 мм-ийн голчтой ган бөөрөнцөг цувих хос шугамтайгаараа онцлог юм. Өөрөөр хэлбэл 80 мм-ын шаарын нөөц шугамтай болж, хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн тасрах эрсдэл үгүй болно гэсэн үг. Өмнө нь нүүрс хийжүүлэх зуухтай холбоотой байгаль орчны бохирдол, ажлын байрны хортой нөхцөл, техникийн доголдол гээд манай цех дээр хүндрэлтэй олон асуудал үүссэн. Түүнээс гадна нүүрс хийжүүлэх зуух улсын чанартай А зэрэглэлийн замаас 50 метрээс гадагш байх ёстой гэсэн заалт зөрчиж барьсан байдаг. Иймээс аймгийн зүгээс шаардлага байнга тавьдаг байсан. Тулгамдсан энэ бүх асуудлыг уг үндсээр нь, цогцоор нь шийдэх гол ач холбогдолтой.
 

   - Ажилчид сэтгэл өндөр, хүлээлт их байна уу?
   - Тэгэлгүй яахав. Ажилчид маань урам зориг дүүрэн, хийж бүтээхийн чин хүсэл оргилуун байгаа. Утаа, угаар, нүүрс, үнс, давирхайн асуудал мартагдана, байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй үйлдвэрлэл явуулна гэдэг хамгийн сайхан. Ерөнхий инженерээр ахлуулсан манай таван ажилтан үйлдвэрлэгч талд очиж сургалтад долоо хоног хамрагдаад ирлээ.  Индукцын зуухан дээр ажиллахдаа юу анхаарах, хамгийн эмзэг газар нь хаана байдаг, засвар үйлчилгээ яаж хийх, ашиглалтын явцад тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хэрхэн хангаж ажиллах гэсэн чиглэлээр дадлага давамгайлсан сургалт явагдсан. Цаашид индукцээс гадна цувих шугамын тохиргоо, зүгшрүүлэлтийн талаар өргөн хүрээтэй сургалтууд авах саналыг нийлүүлэгч талд тавьсан. Энэ технологи ажиллагчдаас мэдлэг, ур чадвар, нарийн мэдрэмж шаарддаг учраас нийлүүлэгч тал манай хүмүүсийг шинэ тоног төхөөрөмж дээр хоёр сар сургаж дадлагажуулъя гэсэн.
 
   - Цахилгаан хангамжийн чиглэлээр юу хийгдэж байна?
   - Бид станцаас 6000 кВт-ын шугам татаж, 660 вольтийн хүчин чадалтай цахилгаан гаргаж хэрэглэнэ. Индукц маань 660 вольтоор ажиллах юм. Гадаад цахилгаан хангамжийн асуудлыг Цахилгаан цех хариуцаж байгаа. Нийлүүлэгч байгууллагуудтай гэрээ хийсэн, хүлээлтийн байдалтай байна. Өндөр хүчдэлийн шонгууд саяхан буулаа. 11-р сарын 15-ны үеэр кабелиуд ирнэ. 12-р сарын эхээр Дулааны цахилгаан станц дээр тавигдах зангилаа тоног төхөөрөмжүүд ирэх юм. Манайх жилд таван сая кВт цахилгаан зарцуулдаг байсан бол индукцын технологи нэвтрүүлснээр 16 сая кВт цахилгаан хэрэглэнэ.

   - Цахилгааны үнэ өссөөр байгаа өнөө үед индукцын технологиор хямд өртөгтэй  ган бөөрөнцөг үйлдвэрлэх боломж бий юу?
   - Эдийн засгийн урьдчилсан тооцоогоор манайх индукцын технологи руу шилжсэнээр тонн тутамдаа 39000 төгрөгөөр хямд өртгөөр ган бөөрөнцөг үйлдвэрлэх боломж бүрдэнэ. Эрдэнэт үйлдвэрт давуу тал бий. Дулааны цахилгаан станц маань цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байгаа. Өөрөөр хэлбэл төвийн эрчим хүчний тарифаас доогуур үнээр дотоодын хэрэглээг хангах нөхцөл бүрдсэн нь том боломж. Жишээ нь өнөөдөр бид төвийн эрчим хүчнээс 1 кВт цахилгааныг 170-200 төгрөгөөр бодож авдаг. Гэтэл өөрийн  станцаасаа 122 төгрөгөөр худалдан авна. Ингээд бодоход бид ган бөөрөнцгийн өөрийн өртгийг тонн тутамд 39000 төгрөгөөр бууруулах боломжтой. Ингэснээр өөрийн өртгийн зөрүүнээс жилд 950-иад сая төгрөг хэмнэх юм. Тийм ч учраас шинэ технологи нэвтрүүлэх шийдвэр зориглож гаргасан.

   - Технологийн шинэчлэлд хэдий хэрийн хөрөнгө оруулалт хийсэн бэ?
   - Урьдчилсан байдлаар дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байна. 1.4 жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөхөх тооцоо бий. Шаарны хувийн зарцуулалтыг 0.02 хувиар багасгана. Бага тоо боловч цаанаа их хэмжээний үр ашигтай. Бид жилд 24500 тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэлээ гэхэд 1,3 тэрбум төгрөг хэмнэнэ.

   - Баяжуулах үйлдвэрийн ган бөөрөнцгийн хэрэглээний хэдэн хувийг хангах вэ?
   - Эрдэнэт үйлдвэр жилд 33000 тонн ган бөөрөнцөг хэрэглэдэг. Манай цех Баяжуулах үйлдвэрт 80-ын шаар 18 мянган тонн, 100-гийн шаар 5000 тонн, 40-ийн шаар 3000 орчим тонн нийлүүлдэг. Гаднаас 120, 125 мм-ийн голчтой ган бөөрөнцөг 8000 тонн, 80-ын шаар нэмж 6000 тонныг худалдан авдаг байсан. Одоо манайд ирэх хос шугам хоёулаа 80-ын шаар үйлдвэрлэх учраас гаднаас авахгүй. Харин бид яваандаа 120, 125-ын давтаж гаргадаг чанар сайтай шаар үйлдвэрлэх хэтийн зорилготой ажиллана. Гадаадаас хараат байх шаардлагагүй. Дараагийн хөрөнгө оруулалт бидний санаснаар шийдэгдвэл импортын ган бөөрөнцгийг тэглэх боломж бий.
   
   - Баярлалаа.
 
М.ОДГЭРЭЛ