Х.БАДАМСҮРЭН: Волейбол нь хамт олны хүчийг нэгтгэдэг спорт

Х.БАДАМСҮРЭН: Волейбол нь хамт олны хүчийг нэгтгэдэг спорт

Монголын волейболын холбооны дээд лигийн тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтын хаалтын үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Уурхайчин багийн эзэн, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Бадамсүрэнтэй волейболын спортын талаар ярилцлаа. 

- Уурхайчин багийн хамт олон Үндэсний дээд лигийн тэмцээнд хэр бэлтгэлтэй оролцож байна?
  - Монголын волейболын холбооны дээд лигийн тэмцээний хоёрдугаар тойргийн эхний тоглолтууд манай Эрдэнэт үйлдвэрийн Хангарьд паласт амжилттай явагдаж дууслаа. Энэ жил бид Үндэсний  дээд лигийн тэмцээнийг найман жилийн дараа сэргээн, зохион байгуулж байна. Энэ лигийн тэмцээнд легионер тоглогчид урьж оролцуулж байна. ОХУ, Япон улс, АНУ-аас легионер тоглогчид оролцож байна. Ингэснээр өндөр ур чадвартай тамирчдын тоглолтыг залуучууддаа үзүүлж байгаа юм. Энэ жил Уурхайчин багаа бид онцлогтойгоор тэмцээнд оролцуулж байна. Үндсэн тоглогчдын дийлэнх хувь нь хүүхэд залуучууд, 15-17 насныхан энэ багийг бүрдүүлж байна.  Би Монгол Росцветмет нэгдлийн Ерөнхий захирал байхдаа Эрдэнэтийн Д.Алтансувд гэж охиныг анх 13 настайгаас нь Улаанбаатар хотод авч ирэн, дотуур байранд байрлуулан бэлдүүлж байлаа. Одоо олон улсын хэмжээний мастер болчихсон Монгол Улсынхаа урдаа барьдаг сайн тоглогч болсон. Энэ тоглогчоо Уурхайчин багтаа оруулж тоглууллаа. Уурхайчнаар овоглож байгаа залуучууд маань манай Монголчуудын хэлдгээр ирээдүйд цахиур хагалсан, гал гаргасан тоглолтыг гаргах, Монголын волейболын спортын нэрийг өндөрт өргөх баг тамирчид болно гэж бид ойлгож байгаа. Энэ удаагийн тоглолтод тэдэнд маань арай л бяр, туршлага дутаж байна даа.

   - Волейболын спортыг улам хөгжүүлэхийн тулд Эрдэнэт хотдоо волейболын ордон барьж байгуулахаар шийдвэр гаргасан. Энэ тухайд?
   - Монголын хүүхэд залуучууд, Орхон аймаг, Уурхайчдын хүүхдүүд, Уурхайчин залуучуудын маань сэтгэлд нийцсэн, бидний хүсэл мөрөөдөлд нийцсэн шийдвэр болсон гэж бодож байна. Энэ шийдвэрийг Монголын волейболын холбооны удирдлагууд, Орхон аймгийн удирдлагуудтай хамтарч ярилцаж байж гаргасан шийдвэр юм.

   - Үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээнийг орон нутагт анх удаа зохион байгууллаа. Орхон аймгийн ард иргэд, баялаг бүтээгч уурхайчид, Зэвсэгт хүчний 186-р ангийн хөгжимчид ирж багуудын тоглолтыг дэмжиж байгаа нь сайхан харагдаж байлаа?
   - Улаанбаатар хотод Залуучуудын аварга шалгаруулах тэмцээн болдог байлаа. Спортын төв ордонд хөл гишгэх зайгүй. Багуудаа дэмжсэн хөгжөөн дэмжигчид бүрээ үлээж, бөмбөр дараад л сайхан байдаг байлаа. Тэр үеийг санагдуулж байна. Волейбол нь хамт олныг нэгтгэдэг, хүчийг нь нэгтгэдэг сайхан спорт. Энэ хэдэн өдөр Эрдэнэтчүүд, Эрдэнэт үйлдвэрийнхэн  волейболоор амьсгалж байна. Багийнхаа тоглолтуудыг харж суухад энэ цөөхөн Монголчууд бидэнд сэтгэл нэгтэй байх, эв эетэй байх, бие биенээ дэмжихэд спорт их ач холбогдолтой. Тэрний нэг илрэл гэж харж байлаа.  Бид урд нь легонер тамирчдыг хүн явуулж, тоглолтыг нь харж байгаад сонгодог байлаа. Энэ удаад ажил ихтэй учир хүмүүсийг ч явуулж амжсангүй. Цаасаар судалгаа хийн цол хэргэм, өндрийг нь харж байгаад л цахим хэлбэрээр сонголт хийлээ. Сонгосон хүмүүсийг харж байхад ингэж сонголт хийх буруу юм байна гэдэг дүгнэлтэд хүрлээ. Ийм хүмүүсийн чанар чансаа муудсан юм байна гэж харлаа. Уурхайчин багийн тамирчдыг маань хурцалж чадаагүй нь бидний хүсэн хүлээж байсан хүнийг сонгож авч ирж чадаагүйтэй ч холбоотой. Мөн аймагтаа волейболын ордонтой болох нь улсдаа төдийгүй цаашид тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай сайн тоглоно гэдэгт итгэж байна. Хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв өнгөрүүлнэ гэдэг суурь хүмүүжилд асар их чухал. Иймээс ч бид ач холбогдол өгч байна даа.

   - Залуу байхдаа та волейболын спортоор хичээллэдэг байсан. Тоглолтуудыг хараад сэтгэгдэл ямар байна?  Ахмад волейболчид ч ярьж байна. Гурван өдөр үнэхээр сайхан байлаа гэж?
   - Залуу нас сайхан. Би хөдөөгийн сумуудад голдуу сурч байлаа. Хөдөө суманд шатар тоглох, дугуй унах, теннис тоглох, эмнэг хангал сургахад л хичээж, сайн ч оролцдог байлаа. Дараа нь наймдугаар ангидаа төвийн арван жилийн сургуульд  заалтай газар орж ирээд волейбол тоглож сурсан даа. Улмаар ОХУ-д сурч байхдаа сагс, волейболоор нэлээн шамдангуй хичээллэж байсан. Яаманд, Бор-Өндөрт ажиллаж байхдаа ч тоглодог байсан. Тэр үеийг дурсан санаж байна. Энд уригдан ирсэн Үндэсний дээд лигийн тэмцээнийг үзэж байгаа ахмадууд тухайн үедээ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд  оролцож байсан мундаг хүмүүс. Тухайн үеийн нөхцөл байдал ямар байлаа, материаллаг бааз хэр байв? гэсэн хэдий ч сайн тоглодог хүмүүс шүү. Монголын волейболын холбооноос ач холбогдол өгч ахмадуудаа урьж авч ирсэн. Тоглолт дундуур ахмадууд маань  өөрийн сэтгэл, зөвлөмжийг өгч харагдана. 300 гаруй залуучууд ирсэн байна. Эрдэнэтийн  хүүхдүүд эдгээр тамирчдыг хараад волейболын спортод дурлаж, тэмүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Улаанбаатар хотод, Зүүн азийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахад Монголын эмэгтэй баг Хятадын багийг анх удаа хожиж мөнгөн медаль авч байсан. Тэрнээс хойш Монголын волейболчдын ур чадвар эрс нэмэгдсэн. Волейболд хандах хандлага нь өөрчлөгдсөн. Хүүхдүүдээ волейболоор хичээллүүлэх гэсэн эцэг,  эхчүүдийн хандлага нэмэгдсэн. Ийм ч учраас энэ удаагийн тоглолт Эрдэнэт хотод волейболын хөгжил дэвшлийг шинэ шатанд гаргана гэдэгт эргэлзэхгүй байна.

   - Танд амжилт хүсье.
   - Баярлалаа.
 
А.Батбаяр
Фото: Б.Баттөгс