Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-тай хамтран жил бүр тухайн оны онцлох ТОП 100 аж ахуйн нэгжийг шалгаруулдаг. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ энэхүү шалгаруулалтанд 17 дахь удаагаа шилдгээр, мөн "Энтрепренер 2019" шалгаруулалтын шилдгийн шилдэг “Гранпри” шагналын эзнээр хоёр дахь удаагаа шалгарч байна. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байгаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчин хамт олон улс, эх орны өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлэн 2020 оныг амжилт дүүрэн угтаж байна.
"Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2019 онд бүтээн байгуулалт, техник технологийн шинэчлэлд түүхэндээ хамгийн өндөр хөрөнгө оруулалт хийлээ. 2019 он үйлдвэрийн хувьд ажил хөдөлмөрийн том ул мөрөө үлдээсэн жил байв. Техник технологио боловсронгуй болгоход нийт 410 гаруй тэрбум төгрөгийг зориулж уурхайчдынхаа ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, үйлдвэрлэлийн цар хүрээг нэмэгдүүлж, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн олон чухал ажлыг хийж хэрэгжүүллээ.
Энэ онд хүдэр боловсруулалтын хэмжээг хамгийн өндөрт хүргэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2019 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 37 сая.тн хүдэр олборлож, 32 сая.тн хүдэр боловсруулж байна. Энэ нь “Эрдэнэт” үйлдвэрийн түүхэн дэх үйлдвэрлэлийн хамгийн дээд үзүүлэлт болж байна.
“Эрдэнэт үйлдвэр" төрийн өмчит үйлдвэрийн газар болсон анхны жилдээ эдийн засгийн өндөр үзүүлэлттэй ажиллаж, улс, орон нутгийн төсөвт анх удаа хамгийн өндөр буюу 930 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлэв. Энэ нь 900 хүүхдийн багтаамжтай 130 сургууль, 150 хүүхдийн багтаамжтай 30 цэцэрлэг байгуулахад хүрэлцэхүйц хэмжээний хөрөнгө юм.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын баялаг бүтээгч уурхайчин хамт олон 1 хоногт 5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн буюу 1608.5 тонн зэсийн баяжмал, 13.9 тонн молибдены баяжмал үйлдвэрлэж байна. Улс орон нутгийн төсөв нэг хоногт 2.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлж байна. 2019 оны эхний 11 дүгээр сарын байдлаар 1 их наяд 800 орчим тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн буюу 540 орчим тонн зэсийн баяжмал, 4758.8 тонн молибдены баяжмал үйлдвэрлэлээ.
Ажилчдынхаа нийгмийн хөгжилд жилд нийт зардлын 7 орчим хувийг төлөвлөн зарцуулж байна. 2017 онд 59.3 тэрбум төгрөг, 2018 онд 98.4 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2019 онд 104.9 тэрбум төгрөг зарцуулаад байна. 2019 онд ажилтнуудын цалинг 20 хувиар нэмлээ. Мөн анхан шатны удирдах ажилтны манлайллыг нэмэгдүүлэх, ур чадварыг хөгжүүлэх, урамшуулах зорилгоор “Манлайлагч мастерын нэмэгдэл цалинг” шинээр бий болгож 40 мастерт сар бүр 600 мянгаас 1 сая төгрөгийн нэмэлт цалин олгодог болов. Тэргүүлэх зэрэгтэй мэргэшсэн ажилчны нэмэгдэл олгож эхэллээ. Ажилтан бүртээ орон сууц худалдан авахад олгодог байсан 8 сая төгрөгийг нэмж 12.0 сая төгрөг буюу 50 хувиар нэмэгдүүлж, ажилчдын халуун хоолоор үйлчлэх зардлыг 49.3 хувиар нэмэгдүүллээ.