“Яруу” ярих урлагийн төвийн маркетингийн захирал, сэтгүүлч Л.Гантуяатай ярилцлаа.
-Өнөөдөр хүн бүр ярих урлагт суралцахыг эрмэлздэг болсон энэ цаг үед танай төв үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа гэж дууллаа
- Тийм ээ. Хүний нийгмийн харилцаанд орох хамгийн эхний чадвар бол ярих. Өнөөдөр залуус нийгэмд өөрийн байр сууриа олж манлайлахын тулд ярих урлагт суралцаж бусдад өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэх чадвартай болохыг эрмэлздэг болсон. “Яруу” ярих урлагийн төв маань өнөөдөр шинээр үүд хаалгаа нээж байгаа бус юм. Манай төвийн үүсгэн байгуулагч СУИС-ийн Театр Урлагийн сургуулийн багш, нэвтрүүлэгч Я.Болорчимэг маань “NTV” телевизэд ажиллаж байхдаа “NTV” академийг үүсгэн байгуулсан. Тус телевиз маань олон сайхан нэвтрүүлэг контент үйлдвэрлэхийн хажуугаар сургалтын үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон тул “NTV” телевизээс өрх тусгаарлан “Яруу” ярих урлагийн төв болон өргөжиж үйл ажиллагаа явуулж байгаа нь энэ юм.
- Ярих урлагийн цогц мэдлэгийг олгоно гэж байгаа. Ямар хичээлүүд орох вэ?
- Ярих урлагт суралцана гэдэг хувь хүнээс маш их ур чадварыг шаарддаг учраас манай төв СУИС-ийн багш нарыг урьж мэргэжлийн хичээлүүдийг орохоор хөтөлбөрөө боловсруулаад байгаа. Түүнчлэн сэтгэл судлал, илтгэх урлаг, хөтлөгчийн уран чадвар, камерын өмнө хэрхэн биеэ барилгүй чөлөөтэй ярьж сурах зэрэг хичээлүүдийг тухайн салбартаа олон жил ажилласан туршлагатай магистр, доктор багш нараар заалгахаар уриад байгаа.
- “Яруу” ярих урлагийн төвийн сургалт ямар хүмүүс сурах боломжтой вэ?
- Бид сургалтаа бүхий л насны хүмүүсийн ярих чадварт чиглүүлэн явуулахаар хөтөлбөрүүдээ боловсруулаад байгаа. Жишээ нь СУИС-ийн Театр урлагийн сургуультай хамтын ажиллагааны хүрээнд СУИС-д элсэн орох гэж байгаа хүүхэд залуусыг элсэлтийн шалгалтанд бэлтгэж, суурь мэдлэг олгох хөтөлбөрөө боловсрууллаа. СУИС-ийн багш нар нь өөрсдөө манай төвд багшлах гэж байгаа учраас суралцагчид маань анхнаасаа урлагийн суурь мэдлэгээ зөв олж авах юм. Мөн хамгийн том давуу тал нь манай төвийг төгссөн СУИС-д элсэн орох гэж байгаа хүүхэд залуус маань шууд элсэлтийн шалгалтгүйгээр сургуульдаа орох боломжтой. Түүнчлэн бид өсвөр насны хүүхэд багачууд руу чиглэсэн хэл ярианы сургалтаа эхлүүлэх гэж байна. Яруу сайхан монгол хэлээрээ зөв сайхан цэгцтэй ярих, үгийн арвин баялагтай болохын дээр хэл ярианы олдмол гажгийг нь засах хөтөлбөртэй. Цаашлаад өнөөдөр нийгмийн бүхий л салбарт манлайлах хүсэл эрмэлзэлтэй залууст зориулсан ярих урлагийн үндсэн ангидаа ч элсэлт авч байна.
-Таны хувьд мэргэжлийн сэтгүүлч хүн. Сэтгүүлчид рүү чиглэсэн ахисан төвшний сургалт маш их шаардлагатай байгаа. Танай төв энэ орон зайг харсан уу?
- Орон зай гэж харахаасаа илүү энэ бол салбартаа хийх миний бодит хөрөнгө оруулалт байх ёстой гэж тунгааж байгаа. Тиймээс манай төв Нийслэлийн Сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ахисан төвшний сургалтын хөтөлбөрийг боловсруулаад байна. Хөтөлбөрт жишээ нь сэтгэлзүйн хичээл тусгагдсан байгаа. Сэтгүүлчид бид өглөө ажил дээрээ ирээд шуурхай хийгээд мэдээндээ гарахдаа ямар ч үйл явдлын орчинд очих үүрэг даалгавар авдаг. Үхэл хагацал, осол аваар, хэрүүл маргаан гэх мэт. Нийгмийн энэ их стресс бухимдлын дунд мэдээлэл бэлтгэж явахдаа өөрсдөө эерэг, сэтгэлзүй тогтвортой байх хэрэгцээ шаардлага үүсдэг. Тиймээс сэтгэлзүйн зөвлөгөө, сэтгэлзүйн шинжлэх ухааны талаарх танин мэдэхүйн боловсролыг сэтгүүлчдэд олгох шаардлагатай байгаа юм. Наад зах нь сэтгэл хөдлөлөө хянаж сурах, бусдын сэтгэлзүйн байдлыг танин мэдэж тэр хирээрээ бусадтай харьцах харилцаандаа ахиц гаргах, нийгмийн болоод иргэдийн сэтгэлзүйг өөрийнхөө төвшинд дүн шинжилгээ хийж чаддаг байх ёстой. Энэ нь цаашлаад сэтгүүлчдийн мэдээ мэдээллээ үнэн бодитой, нухацтай зөв өнцгөөр хийх чадварыг суулгаж өгнө. Ингэснээр иргэдэд хүрэх мэдээ мэдээлэл сэтгэлзүйд нь нийцэж чанар болоод хүртээмж нэмэгдэнэ. Мөн өнөөдөр мэргэжлээрээ ажиллаж байгаа нийт сэтгүүлчдийн 70 хувь нь Англи хэлний анхан шатны мэдлэггүй байна гэсэн судалгаа байгаа. Тиймээс бид англи хэлний хичээлийг мөн орох гэж байна. Цаашлаад хөтлөх ур чадвар, хэл ярианы техникийн хичээлүүд орно. Бидний энэ санаачлалыг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл маань ч дэмжин ажиллах байх гэдэгт бүрэн итгэлтэй байгаа.
-“Яруу” ярих урлагийн төвийн үйл ажиллагаа зөвхөн сургалтаар хязгаарлагдах уу? Мэргэжлийн уран бүтээлчдийн баг нэгдсэн байгаа гэж сонссон
- Манай төв ярих урлагийн цогц мэдлэгийг мэргэжлийн туршлагатай багш нар, хамтран ажиллаж байгаа мэргэжлийн урлагийн тэргүүлэх байгууллагуудынхаа хамтын ажиллагааны хүрээнд олгохоос гадна Ярих урлагийн төвийнхөө дэргэдэх баримтат кино, нэвтрүүлгийн продакшнаараа дамжуулан нийгэм рүү чиглэсэн зорилтод контентуудыг бэлтгэнэ. Хэвлэл мэдээллийн салбарт 10-аас доошгүй жил ажилласан мэргэжлийн сэтгүүлч, найруулагч, зураглаач нэвтрүүлэгчдээс бүрдсэн мэргэшсэн хамт олон байгаа.
- Хувь хүний хөгжлийн сургалт, мэргэжлийн уран бүтээл хосолсон төв үйл ажиллагаа эхлүүлж байгаад баяртай байна. Ярих урлагийн сургалтууд хэзээнээс эхлэх вэ?
- Урам хайрлаж байгаад баярлалаа. Сургалтуудын маань бүртгэл эхэлсэн. Энэ сарын 25-аас ахисан төвшний ярих урлагийн анги маань хичээлээ эхэлж байна. Манай төвийг зорьж өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийх гэж байгаа хүүхэд залуус “Яруу” Ярих урлагийн төвийн Цахим хуудас болох “Яруу” ярих урлагийн төв” болон 89100322, 99626209 дугаарт холбогдох боломжтой. Манай төв Баруун Дөрвөн зам Монгол даатгалын байрны 5 давхарт 502 тоотод байрлаж байна.
-Өнөөгийн нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн сургалт явуулахаар зорьж, ард түмэндээ оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа та бүхэнд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
Баярлалаа. Бидний үйл ажиллагааг дэмжиж ярилцлагынхаа буланд урьсан танай сайтын хамт олонд ч сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Хэн бүхний үйлс цагаан байг ээ.
эх сурвалж: zaluu.com