Б.ГАНХӨЛӨГ: Аавын нүд нь хөхөрч, хүзүүн нь улайсан байсан. Хорлогдсон л гэж бодож байгаа.
УИХ-ын дэд дарга асан Г.Батхүү амь насаа алдаад 8 сар өнгөрч байна. 2019 оны хавар Төрийн ордонд учир битүүлэг байдалтай нас барсан Г.Батхүүгийн хэрэг өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна. Хэргийн талаарх мэдээлэл олон янзаар хөвөрч байсан ч эцсийн шийдвэрийг хууль, хяналтын байгууллага танилцуулах учиртай.
Өнөөдрийн байдлаар уг хэргийн талаарх таамаг бүхий мэдээлэл л гарч байгаа. Хэрэг гардаг өдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Г.Батхүү нь зүрх нь зогсч, харвалт өгч нас баржээ гэх утгатай гарч байсан. Удалгүй Г.Батхүү нь төрийн ордны 2 давхрын гонхноос унаж нас баржээ гэдгийг мэдээлэлж байв.
Харин өнөөдөр Г.Батхүүгийн ар гэрийнхэн болон өмгөөлөгч нь мэдээлэл хийлээ. Өмгөөлөгчийн хэлж байгаагаар Г.Батхүү агсан нь гонхноос зүүн талаараа унасан. Харвалтын улмаас тархинд нь цус хуралдаагүй. Харин гэмтлийн улмаас цус хуралдсан гэдгийг шүүх шинжилгээгээр тогтоосон. Мөн Г.Батхүү агсны барьж явсан гар утас бүрэн форматлагдчихсан байсан. Энэ нь хэргийг ямар нэгэн гадны нөлөөтэй биш биз гэх хардахад хүргэж байгаа гэдгийг хэлэв.
Харин Г.Батхүү агсны том хүү Б.Ганхөлөгийн хувьд Миний аав гонхноос зүүн талаараа унасан байсан. Гэтэл баруун нүд нь хөхөрсөн, хүзүүн дээр нь боолтоос үүсдэг улаалт үүссэн байсан. Иймээс бид бусдын гарт л миний аав амь насаа алдсан гэж хардаж байгаа. Шүүх засаглалтай, төртэй улсад амьдарч байгаа учраас аавын минь хэргийг үнэн зөв шийдэж өгнө гэдэгт итгэж, найдаж, өнөөдрийг хүртэл хүлээсэн. Гэвч хэргийг удаашруулах, асуудлыг өөр тийш нь хандуулах мэт зүйл гарч байгаад харамсч байна хэмээн мэдэгдсэн юм.
Г.Батхүү агсны хэргийн өмгөөлөгчийн хэлж буй тайлбараар бол нэр бүхий УИХ-ын гишүүнээс авсан үнэн худлыг тогтоодог тестээр сандарсан, зарим хэлсэн зүйлдээ эргэлзсэн зэрэг зүйл ажиглагдсан гэх утгатай тайлбар өгөв.
Ийнхүү Г.Батхүү агсны ар гэрийнхэн анх удаа хэвлэлд хандаж, УИХ-ын дэд дарга асан Г.Батхүү нь харвалтаар цас бараагүй, харин бусдын гарт амиа алдсан гэж үзэж буйгаа илэрхийлэв.
Дашрамд сонирхуулахад өнгөрсөн 7 хоногт УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын Ерөнхий Прокурор Жаргалсайхан УИХ-д өргөн барьсан билээ. УИХ-ын халдашгүй байдлын дэд хороо хуралдаж уг асуудлыг хэлэлцэх ёстой. Гэвч тус хорооны дарга Ц.Нямдорж арга саам хэрэглэх мэт хурлыг хойшлуулсаар байгаа юм.. Ц.Нямдорж гишүүний хэлж байгаагаар Н.Номтойбаяр гишүүнийг 3 зүйлээс улбаалж бүрэн эрхийг нь түдгэлзүүлж өгөх санал гарсан бололтой. Үүний нэг нь Г.Батхүү агсны амь насаа алдсан хэрэг байх магадлалтай юм.