Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлж өгөх хүсэлтийг Ерөнхий прокурор Жаргалсайхан өнгөрсөн 7 хоногт УИХ-д хаяглан ирүүлсэн. Энэхүү бичгийг Улсын Их Хурал хүлээн авсан бол 48 цагийн дотор хуралдан шийдвэрлэх хуультай. Гэтэл 2020 оны 01 сарын 17 өдөр Улсын Ерөнхий Прокурор Жаргалсайхан хүсэлтээ Улсын Их Хуралд өгсөн. Харин өнөөдөр 2020 оны 01 сарын 23 өдөр. Бүхэл бүтэн 5 хоног өнгөрчхөөд байхад УИХ-ын халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж арга саам хайж, асуудлыг сунжруулах ажлыг хийж явна.
Түүний анхны хэлсэн шалтгаан нь Ч.Улаан гэдэг хүн хуралд ирээгүй гэдэг тайлбар. Харин дараа нь Д.Лүндээжанцан алга гэв. Гэтэл сүүлдээ ирц хүрэлцэхгүй байна. 4 гишүүн хуралдаад хэлэлцэх гэхээр санал тэнцэх эрсдэлтэй гэх зүгээр л шалтгаан бус шалтаг тоочих болов.
Ц.Нямдорж гэх хуулийн салбарын толгойд суугаа гишүүний энэхүү үг үйлдэл бүхэн нь үнэн хэрэгтээ хуулийг уландаа гишгэж буйг тэр маш сайн мэдэж байгаа. Сүүлдээ гишүүдийн ирц бүрэн эсэхийг нягталж байж Ерөнхий прокурор асуудлаа оруулж ирэх байсан хэмээн адгаж сууна. Ичих нүүр байхгүй болчихсон Ц.Нямдорж сайдын хувьд асуудлыг яаж л бол яаж хойшлуулж байна. Энэхүү зүтгэл нь түүнд ямар ашиг тустай вэ?
Ц.Нямдорж гэдэг улс төрч Монголын улс төрийн амьд архив. Тэр хэзээ хаана, хэний тушаалаар ямар асуудал өрнөж, хэн хэн юу гэж ярьж байсан тухай мэддэг. Бас тэрүүгээрээ улс төр хийдэг гэх явган яриа бий. Харин өнөөдөр мэх мэхэндээ гэгч болчихсон байх магадлалтай гэнэ. Учир нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэхгүй байх арга саам хайх үүргийг Ц.Нямдорж гэдэг улс төрчид МАК группийн эзэн Б.Нямтайшир өгсөн байх магадлалтай. Учир нь Б.Нямтайширын хувьд сүүлийн үед байнга л улс төрчид, хууль хяналтын зарим төлөөлөлтэй уулзаж байгаа юм. Нөгөө талдаа Н.Номтойбаярыг улс төрөөс холдуулахгүй, бүрэн эрхийг нь түтгэлзүүлчихгүй, 2020 оны сонгуульд дахин нэр дэвшүүлэх ажлыг хийхээр зүтгэж байгаа гэдэг мэдээлэл байна.
МАК группийн босс Б.Нямтайшир хүүгээ хамгаалах гэж арга сүвэгчилж явах зуур өнөөх эрх танхи хүү нь болох эрхэм гишүүн Н.Номтойбаяр өмнөх асуудлаа яаая гэж байж өдөр бүр дахин нэг хэрэгт нэр холбогдож байгаа нь туйлын гашлантай. Учир нь Н.Номтойбаярын хувьд сайд байхдаа холбогдсон гэх хэрэг, мөн Г.Батхүү агсны амь настай холбоотой хэргээс гадна дахин нэг зодооны хэрэг дэгдэж эхлэв. Энэхүү зодооны бичлэги нийгмийн сүлжээнд тархаад байгаа билээ.
Ийнхүү хэд хэдэн асуудалд нэр холбогдсон Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, хэргийг нь шалгах гэсэн хууль хүчний байгууллагын зүтгэлийн цаана МАН-ын дарга У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхийлөгч Х.Баттулга нарын хоршил байж болох магадлалтай. Тэр дундаа нялх сэнгүм гэгдэх баян хунтайж нарыг 2020 оны сонгуульд оролцуулахгүй байх тал дээр МАН-ын дарга У.Хүрэлсүх зарчим барьж эхэлсэн нь МАК группийн эзэн Б.Нямтайширыг хөдөлгөх гол хөшүүрэг болсон бололтой. Тийм ч учраас ноён Б.Нямтайшир улс төрд удаан чанагдаж, наанаа сайхан зүйл ярьдаг ч цаанаа но-той гишүүдийг атгачхаад хөдөлгөхгүй байж болох юм. Учир нь УИХ-ын халдашгүй байдлын дэд хорооны 5 гишүүн нь улс төрд удаан явчихсан, но ихтэй байж мэдэх юм.