Хайр дурлал бүү заяаг...” гэсэн эртний шүлгийн нэгэн мөр бий. Надад заримдаа шүлэг биш хорон санаатны шившиж үлдээсэн хүчит хараал мэт санагддаг. Үүнийг дурдсаны учир бол...
***
2002 оны намар оройхон Хангайн нэгэн аймгийн төвд ажлаар хэд хоносон юм. Уг нь гурав хоногийн томилолттой явсан ч шалгалтын ажил сунжирч 5 хоносон билээ. Энэ үеэр үзсэн, сонссон нэгэн хэцүү хайрын түүхийг өгүүлье.
Томилолтынхоо гучуу дутуу хэдэн төгрөгнөөс хэмнэчих санаатай, захын нэг жижигхэн буудалд буусан юм. Тэр үед чинь цалингаа сардаа хүргэхэд ихээхэн “ур ухаан” шаарддаг байв даа. Шалгуулж буй байгууллагынхан маань төврүү буудал санал болгосон ч “Хөл үймээн, дуу чимээнээс гурав хоног ч болов хол байх минь” гэсэн цагаахан шалтаг хэлээд татгалзав.
Уртаашаа тавхан өрөөтэй эгэл цомхон буудал бяцхаан цайны газартай. Буудлаа бодвол орж гардаг хүнтэй. Энэ нь тэр цайны газрыг ажиллуулдаг тавь орчим насны гялалзсан эгчийн ааш зан, хоол ундны нүнжигтэй холбоотой байж магад. Хоол унд зөөдөг улаан хацартай хөрслөг шавхалзсан бор охинтой хоёул ээлжгүй ажиллаж харагдсан. Би энд өглөөний цай, өдрийн гүнцэг барина. Оройд бол голдуу дарга даамлууд, ня-бо нарынд зочлоостой.
Буцдагийн өглөө уг цайны газарт цайллаа. Намайг гаргаж өгөхөөр ирсэн шалгуулагч байгууллагын маань Орлогч дарга эгч надтай хамт байв. Цайны газар ажиллуулдаг эгч, орлогч дарга хоёр нэг ангийнх ажээ. Цайны газрын эгч “Буцаж буй хүнд гараа гарган хийлээ” гэсээр хийцтэй банштай цайгаар дайлав. Ангийн хоёр орон гэр, хүүхэд шуухад гэсэн аар саархан юм ярилцана. Өглөө эрт байсан тул бид хоёроос өөр үйлчлүүлэгч байгаагүй юм.
Энэ үеэр гаднаас дунд зэргийн нуруутай, мөн тавь гаруй насны ах орж ирэв. Тав хонохдоо тэр гөлөрсөн хачин хүнтэй дөрөвдэхээ таарч байгаа маань энэ. Орж ирээд буланд байх ширээн дээр сууна. Үг хэлэхгүй. Ийш тийш ч харахгүй. Хувцас хунар бол тэнэмэл лугаа адил биш. Царай зүс нь харин нэг тийм хачин гөлрөнгө. Нэг удаа тэнд нь хөдөө сумаас ирсэн бололтой хоёр залуу хооллож суутал өнөөх орж ирэнгүүт ширээ нүдэн муухай орилж билээ.
Цайны газрын эзэн авгай сандран очиж, нөгөө хоёрыг аргадан, зэргэлдээ ширээнд шилжүүлээд өнөөх мэлрээ нүдтийг суулгаж харагдсан. Үүнээс булангийн ширээ бол мэлрээ нөхрийн дархлагдсан өмч юм байна гэж би ойлгосон болно. Ямар ч хоол ундны захиалгатай байсан эзэн эгч тэр мэлрээд өөрөө үйлчилнэ. Анзаарахад бас тэр ахын аяга, таваг халбага сэрээ нь тусдаа.
Энэ удаа ч мөн цайны газрын эзэн бидний дэргэдээс годхийн босов. Хоол цайг нь аваачиж өгчихөөд, хормогчоосоо сам гаргаж үсийг нь самнаж, илж өгөв. Гүн халуун хайраар энхийлж байх шиг, огт өөр дүр төрх харагдаад явчихав. Бас хувцсан дээр нь байсан модны навчис, энэ тэрийг түүж өгч байна. Орлогч дарга эгч санаашрангуй сууна. Гөлгөр ч хүн тийн хандаж буйг мэдэж буй шинжгүй, өмнөхөө л халбагдана. Би орлогч дарга эгчээс ямар учиртай юун хүн юм бол гэж хэрэгт дурлавал,
- Бэртээд ийм болчихсон юм аа, зайлуул.
- Энэ эгчийн садан төрөл нь юм уу?
- Биш биш...
Эгчийг эргээд ирэхэд,
- Та ч буянтай сайхан хүн юм аа. Өдий цагт ийм хүн ховор шүү дээ гэсэнд эгчийн царай баярлан мишээх биш харин хувьсхийн улайв. Тэгснээ хоол унд гээд босоод явчихлаа. Уг нь ангийнхаа охинтой гайгүй суух шинжтэй байсан юм.
Буцах унаа маань сураггүй байлаа. Өглөө эрт л ойрхон байх замын сумаас хөдөллөө гэсэн, таг. Намайг заавал унаанд нь суулгаж өгнө гэж зүтгэсэн Орлогч дарга эгчийн хамт өрөөндөө оров. Миний шалгалт хийсэн байгууллага дээр Дарга, Орлогч хоёрын хооронд ноцтой зөрчилтэй асуудал байсан ба эцсийн шийдвэр орлогчийн талд гарсанд тэрбээр надад ихэд баярлаж билээ.
Тэгээд би тэр мэлрэнгэ хүн энэ цайны газар ажиллуулдаг эгч хоёр ямар учир холбоотой болох талаар хэрэгт дурлавал надад нэг ийм түүх ярьж өгсөн болно. Эгчийн яриаг сийрүүлбэл нэг иймэрхүү...
... Энэ хүн, Цэвэлмаа бид гурав нэг төгсөлтийнх. Түүнийг Даваасүрэн гэдэг. Манай нөгөө ангийнх. Ёстой гавал толгой байсан даа. Энэ хоёр маань их хөөрхөн үерхдэг байлаа. Манай Цэвэлмаа ч хөөрхөн охин байж. Одоо аргагүй нас дарж байна даа. /Ийн хэлэхэд нь тэр эгчийн толиотой гялалзуурыг нь санаад, инээд хүрч байж билээ/ Хааяа би захидлыг нь зөөнө. “...Надаас чамд, Нарнаас ... цэцэгт. Үүрдийн хайр үнэнч явна”, юу юу ч билээ. Учиргүй гоё сайхан үгтэй. 10-аа төгсөхөд Даваасүрэн хойно /ЗХУ/ Уралийн Улс Ардын аж ахуйн сургууль авсан юм.
Цэвэлмаагийн оноо дутаад дотоодын Полийн дээд... Би юу, би яах вэ, надад Худалдааны техникком л олдохгүй юу. Найман сарын эхээр Даваасүрэнг бид хоёр хот руу гаргаж өгч билээ. Бид хоёр юу байхав. Цэвэлмаа гаргаж өгөөд, би даган баясаад л гүйнэ. Гар гараасаа атгалцчихаад, салж өгөхгүй. Одоо шиг тэврэлдэнэ энэ тэр гэж тэр үед ямар байсан биш. Удалгүй бид хоёр ч араас нь хот орсон. Би хамаатныдаа, Цэвэлмаа оюутны байранд. Бидний байр ойрхон учир, өглөө оройд холбоотой юм шиг л байна.
Даваасүрэнгээс долоо хоног бүр захидал ирнэ. Би тэр захидлаас нь их уншилцсаан. Заримдаа Цэвэлмаад атаархана аа. Хичнээн ч их хайр вэ, хачин сайхан хайлж, уярмаар үгтэй юм бэ?. Баттай өөрийнх нь л юм болохоор тэр юм биз дээ, манай энэ нэг их хөөрөхгүй, би л өмнөөс нь хөөрөөд байх. Тэгтэл хагас жилээс энэ чинь нэг өндөр хар юмнаас салахыг байчихлаа. Надтай ч уулзах нь цөөрөөд...
Захидал уншилцдагаа ч болилоо. Нэг удаа би тэсэлгүй “Даваасүрэн яасан бэ?” гэсэн чинь “Байж л байгаа. Яав л гэж” гэж байна. “Захидал ирж байгаа юу?” гэсэн “Байгаа байгаа” гээд тоосонгүй. Тэр өндөр хар юм нь уг нь гайгүй сайхан залуу л даа. Тэр үед надад л муухай харагдаад байсан болохоос биш. МУИС-ын 3-р курсийн оюутан ах байсан юм. Зуны амралтаар биднийг аймагтаа ирсний дараахан Даваасүрэн хойноос ирлээ. Ирсээр л Цэвэлмаа дээр очдог юм байгаа биз дээ. Дараа нь надтай уулзав. Унжийчихсан, ёстой хий нь гарчихсан амьтан явна. Надад резиндчихсэн дамбайсан зузаан захидлууд үзүүлж байна. Өнгөрсөн хугацаанд Цэвэлмаад бичсэн түүний захидлууд юм байна. Цэвэлмаа захидлыг нь буцааж өгөөд “Би өөр хүнтэй болсоон. Чи амьдралаа бод.
Намайг битгий ээрч тойрч зовоогоорой. Үүрд баяртай” гэж хэлсэн гэнэ. “Би яах вэ?” гээд уйлж байна. Би тэгэхэд тэврээд хамт уйлмаар санагдаж байж билээ. Хоёул жаал сууцгаалаа. Юутай ч би Цэвэлмаатай сайн ярилцаж үзэхээр болов. Тэгэхнээ нь энэ жийх чинь ёстой хүлээж авдаг юм биш. “Би жирэмсэн болсон. Өвөл төрөх байх. Гэхдээ чи үүнийг цаадахдаа битгий хэлээрэй” гэж байна. Энэ жирэмсэн болсон гэдгийг нь сонсоод би түүнтэй дахиж ярилцах ямар ч боломжгүй юм байна л гэж бодлоо.
Тэгээд Даваасүрэнтэйгээ уулзаад “Чи түүнийг мартах хэрэгтэй юм байна. Тэр яагаад ч үгүй гэж байна” л гэлээ. “Би Цэвэлмаад хайртай. Өөр хүнийг би хайрлаж чадна гэж үү. Би түүнд хайртай гэсэн. Нэгэнт хэлэгдсэн үнэн амьдрах ёстой биз дээ” гэж байна. Би юу гэх вэ дээ, “Тийм ээ” л гэлээ. Тэр зунжин энэ муу Даваа Цэвэлмаагийн хаа байгаа газар нь бараадаад л байж байдаг болсон. Юм хэлэхгүй, ярихгүй, зүгээр л бараадаад явж байх. Өглөө эрт хашааных нь булан дээр зогсож байх. Нэг их гунигтай амьтан. Үе үе хэнгэнэтэл санаа алдаад л. Царай зүс ч гэж гундаад хэрэг алга. Харин манай энэ чинь ёстой дувтан зугтаастай. Муур хулгана шиг л юм болно. Заримдаа хашааныхаа ард банз ховхолж, түүгээрээ Даваагаас нуугдаж гарна. Цэвэлмаагийн гудамны хэдэн баньди Давааг бүр зодсон. Гэсэн ч хөх няц болчихсон царайтай амьтан зогсож л байх.
Намар гадаадын оюутнууд буцах болсон чинь махийтлаа турчихсан энэ Даваа чинь явдаггүй. Аав нь тэгэхэд амьд байсан юм. Загнаж, занаж, гуйж гувшаад дийлсэнгүй. Аймгийн ХЗЭ-ийн хорооны нэг ах/нэрийг нь мартчихаж/ -тай хамт сүүлд нь бараг хүчээр шахуу хот руу явууллаа. Бид ч яахав тэгсгээд хот явлаа. Намрын ажилд шуугиж бужигнаад Давааг мартчихаж. Намрын ажлаас буугаад иртэл өнөөх Даваа чинь манай сургуулийн үүдэн дээр зогсож байх. “Хүүе чи чинь яачихав?” гэвэл, “Хойноос /ЗХУ/ хүрээд ирлээ” гэж байна. “Чөлөө аваа юу?” гэвэл, “Үгүй” л гэнэ. “Хаячихаа юу?” гэвэл дуугарсангүй. Би баахан зэмлэж загнасан санагдана. “Ингэж болохгүй. Цэвэлмааг одоо март. Тэр чинь өөр хүнтэй. Өөр сайхан охид зөндөө байна. Амьдралаа бод. Энэ тэр” гээд л... Дуугүй зогсож зогсож л яваад өглөө.
Хэсэгтээ сураггүй болчихов. Нэгэнтээ Цэвэлмаатай уулзахдаа би хэллээ. “Цаадах чинь сургуулиа хаяад хүрээд ирсэн байна билээ” гэвэл “Тэгсэн байна лээ. Манай сургууль, байрны үүдээр эргэлдээд ёстой ярьшигтай юм аа. Тийм унжийсан амьтныг чинь би ер яах юм бэ?” гэж байна. Гэнэтхэн миний уур хүрч “Чи л түүнийг тийм болгочихсон шүү дээ. Тэгээд хүнийг өрөвдөж хайрладаггүй. Чи ёстой муухай хүүхэд юм аа” гэлээ. “Би түүнд хэлсэн шүү дээ. Би өөр хүнтэй болсон. Жирэмсэн болсноо ч сая хэлсэн. Огт тоохгүй юм. “Жирэмсэн болсон чинь хамаагүй. Би чамтай холбоотой бүх зүйлийг хайрлаж чадна” гэж байна. Таг балай болчихож, цаадах чинь” гэв.
Цэвэлмаагийн тэр Дамдинсүрэн бол МУИС-ийн оюутны зөвлөлийн дарга, Сүхбаатарын нэрэмжит цалинтан, МАХН-ын гишүүн, ёстой мандаж явдаг залуу байлаа. Тэр хоёр сугадалцаад Их сургуулийн баганат танхимын үүдээр алхаж явах нь харууштай. Цэвэлмаа үнэхээр атаархмаар... Тийм сайхан мундаг залуустай дандаа таардаг, хайрыг нь татдаг үнэхээр азтай бүсгүй байлаа. Даваагийн захидлуудыг бодохоор л харамсмаар байдаг юм. Гэтэл би гэдэг хүн чинь тийм сайхан уярам үгтэй зуу зуун захидал байтугай, гуравхан үгтэй зурвас ч авч үзээгүй хорвоог барж явна.
Дамдинсүрэн тэр намраа л гэр бүлтэй оюутны байранд тусдаа өрөө авч, Цэвэлмаатай хоёул орлоо. Цэвэлмаа ч надад тэр бүр олдохоо болив. Нэг удаа Цэвэлмаа надтай зорьж ирж уулзлаа. “Найз нь сайхан хүн түшээд сайхан л байна. Гэхдээ энэ нэг ядаргаатай юм үнэхээр залхааж байна аа. Шөнө дунд өнгийгөөд харахаар хүртэл манай цонхон дор зогсож байх юм.
Би Дамиад бүгдийг нь ярьсан. Дамиа түүнтэй уулзсан, учирлаж ярьсан. Хамт ресторанд орсон. Тэгээд буцаж ирэхдээ, “Юу ч яриад нэмэргүй хүн билээ. Дахиж түүний царайг харах хүсэл алга” гэж ирсэн. Чи цаадахдаа дахиад нэг сайн хэлээд өгөөч. Чамаас өөр хэлээд өгөх хүн алга. Үнэхээр надад хайртай л юм бол намайг битгий зовоо гэж байна гээд” хэмээн хэлээд уйлав. Би Даваагаа дахиад л гуйлаа, загналаа, аргадлаа. Тэр миний өөдөөс юу ч хэлдэггүй юм. Хааяа нэг хэнгэнэтэл санаа алдчихаад л дуугүй сонсоод байх. Тэр санаа алдалт нь аймаар. Бүр голоосоо шүү. Дагаад санаа алдчихмаар. Хааяа нэг намайг явуулж байх шиг мушиймар болно.
Тэгэж байгаад л яваад өчихөв. Хэсэгтээ таг чимээгүй болчихлоо. Би ч овоо бодсон юм болов уу даа хэмээн найдаж байтал 12 сарын сүүлчээр юмдаг, Даваагаас гэнэтхэн захидал хүрээд ирэв. Шинэ жил болох гээд бөөн бужигнаан болж байсан юм. Дорноговийн Сулинхээрийн цэргийн ангид алба хааж байгаа гэнэ. Намар цэрэгт явчихаж... “Энд их сайхан цэлгэр тал байх юм. Талын хаяаг харахаар дотор саруулсаад сайхан байна аа. Эх орны торгон хил гэдэг өөр юм байна. Эр цэргийн амьдралд удахгүй дасах байх. Би чамаас нэг л зүйлийг аминчлан, үнэн сэтгэлээсээ гуйж байна. Чи битгий л үгүй гээрэй. Чи надад Цэвэлмаагийн тухай байнга бичиж байгаарай.
Одоо гэдэс нь хэр том болж байгаа вэ. Хөөрхөн бондойж байна уу? Нүүрэнд нь сэвх гарч уу? Хордлого болдог юм гэсэн. Тэр нь яаж байгаа бол... Чи бүгдийг нь бичээрэй. Өвөл Улаанбаатар хүйтэн шүү дээ. Энд бол дулаахан юм. Улаанбаатарын хүйтэнд автобус хүлээх ч хэцүү шүү. Цэвэлмаа ямар гуталтай байна. Гудамж хальтирхай ихтэй байгаа юу. Цас их орсон уу?” гэх мэтээр ... Би яг түүний хүссэн, асуусан бүгдийг нь бичдэг болов. Зохиол шиг дэвхийсэн юм бичнэ. Яг л нэг нууц шинжээч аятай. Хичээлийн хажуугаар юун ч их дур байсан юм бэ дээ. Нэг их ариун үйл хийж байгаа, нэг л их нууц хадгалж яваа гэдэгтээ итгэчихсэн гүйж явжээ.
Найзаа эргэж байна гэж Цэвэлмаагийнд долоо хоног бүр очино. Тэгээд харсан үзсэн болгоноо Даваад бичнэ. Харин Цэвалмаад юу ч хэлэхгүй. Тэр ч надаас дахиж Даваагийн тухай асуугаагүй юм. Цагаан сарын өмнөхөн Цэвэлмаа төрлөө. Хүүтэй болов. Дамиа /Би түүнийг эхлээд ахаа гэдэг байснаа сүүлдээ найзархаад зүгээр л Дамиа гэдэг болсон/ ч мундаг их баярлав.
Сургуулийн оюутны зөвлөлийн тэргүүлэгчид бүгдээрээ Нэгдүгээр төрөхийн үүдэнд цэцэг барьж жагсаад л... Бөөн л юм болов. Хөдөөнөөс Цэвэлмаагийн хоёр хөгшин ирж, сайхан хань ижилтэй, үр хүүхэдтэй болж гээд их баярлалаа. Харин Даваагаас ямар захидал ирдэг вэ гэвэл “...Хүү нь хэнтэй адилхан байна вэ?. Би Цэвэлмаатай адилхан байгаасай гэж зөндөө их залбирсан. Тийм байна уу? Цэвэлмаатай минь адилхан байна уу? Цэвэлмаа төрөхдөө их ядарсан уу. Чи миний өмнөөс үнсээрэй. Хүүг нь ч бас үнсээрэй. Ямар нэр өгөх бол?” гэх мэтээр. Би ч түүний хүсэлтээр хоёуланг нь хоёр хоёр үнсэж билээ. Тэгэхэд Цэвэлмаа надруу нэг их гайхсан, бас асуусан харцаар харсан юмдаг.
Дамиа, Цэвэлмаа хоёрын хүү сар болоогүй юм. Цагаан сарын дараахан. Чухам юунаас болсныг нь сайн санахгүй байна. Тэр тухай Даваад бичсэнд “Маш их харамсаж, гашуудаж байна. Цэвэлмаа минь их гашуудаж байна уу? Их уйлж байна уу? Чи миний өмнөөс нулимсыг нь арчиж өгөөрэй. Дамдинсүрэн миний Цэвэлмааг хэр аргадаж байна. Хэр халамжилдаг вэ?” гэх мэт хариу ирнэ. Тэгэж ингэсээр гурван жил ч нисэх мэт өнгөрлөө. Дамиа төгссөн жилээ ХАА-н Эрдэм шинжилгээний хүрээлэнд томилогдож очсон юм.
Уг нь хөдөө аймагт хувиарлагдсан ч гэр бүлийн шалтгаанаар хотод үлдсэн. Цэвэлмаа чөлөө энэ тэр авалгүй уйлж, дуулж зүтгэсээр байгаад нэг юм хугацаандаа төгслөө. Энэ хооронд Даваагаас захидал ирсээр, би бичсээр байсан ч захидлын хоорондох зай улам улмаар холдсоор байлаа. Би төгсөөд аймагтаа Аймгийн Барилга угсралтын конторт хувиарлагдав. Нөхөртэй ч болов, гэр бүлийн амьдралд хутгалдаад, ажил амьдрал гэсээр тэр хоёрын явдлыг мартах шахав. Цэвэлмаа төгсөөд нөхрөө дагаж хотод үлдсэн юм.
Биднийг төгсөлтийн баяр гээд бужигнаж байх үед Даваагаас “Би сарын дараа халагдлаа. Халагдаад хаашаа очихоо одоогоор шийдээгүй байна. Цэвэлмаа хотод суурьших байх. Гэхдээ би хот ормооргүй байна. Намайг улирч, бага дарга болох санал тавьсан. Улирдаг ч юм уу гэж бодож байна. Одоогоор шийдээгүй л байна. Улирахгүй бол говийн аймгуудын нэгэнт очиж амьдрах гэж оролдоод үзнэ ээ” гэсэн захидал ирснээс хойш хаана яваа нь мэдэгдэхгүй таг чиг болчихов.
Хорвоогийн шар нар, бор хоног ээлжилсээр нэг мэдэхэд долоо, найман жил өнгөрчихөж. Аймгийн намын хорооны үйлдвэр, худалдаа эрхэлсэн зааварлагчаар шинэ хүн томилогдон ирж байгаа сураг сонсогдов. Гэтэл Дамдинсүрэн байх нь тэр. Тэр үеийн Аймгийн намын хорооны зааварлагч гэдэг чинь мундаг том амьтан байлаа шүү дээ. Найз маань төрсөн нутагтаа ирж буйд би ч их баярлалаа.
Цэвэлмаа Аймгийн ХБТрестийн мэргэжилтэн гэдэг бас ч үгүй өндөр албан тушаалтай. Аймгийн гудамжаар тэр хоёрынхоо сугадалцаад явж байгааг харахад бахархахгүй байх аргагүй. Сайхан ч хосууд, шижигнэсэн залуу боловсон хүчнүүд, шилдэг сэхээтнүүд... Булцайсан хөөрхөн охинтой ч болж. Аймгийн захиргаанаас залуу боловсон хүчнүүдэд орон сууц олгов. Бид гэр бүлийн найзууд болцгоолоо. Ойртоод ирэхнээ нь тэдний гэр бүлийн амьдрал бас ч тийм өөгүй сайхан биш аж. Нэг л хэрүүлтэй, маргаантай.
Наанаа сайхан солидный /яг ингэж хэлсэн юм/ ч, цаанаа бол их хүйтэн хөндий нь анзаарагдав. Түүнээ тэд их нуух. Нэг удаа Цэвэлмаа бид хоёр элдэв дэмийг ярилцан суутал тэр гэнэтхэн “Ингэхэд чи Давааг хаана явааг нь мэдэх үү?” гэж асуув. Нээрээ тэр хооронд Даваагаа бараг мартах шахсан байжээ. Цэргээс халагдахынхаа өмнө захидал бичсэнээс хойш сураггүй байгааг хэлэв. Мөн түүний огт сонсоогүй, цэрэгт байхдаа бид хоёр харилцан бичилцдэг байсан захидлуудын тухай ярьж өгөв. Одоо нэгэнт өнгөрсөн бороо болсон хойно гэж бодож байсан юм, тэгэхэд. Цэвэлмаа дуугүй сонсож сонсож, нэг их шүүрс алдаж билээ.
Бас нэг удаа Цэвэлмаа надад Дамиа тэр хоёрын амьдрал таарамж муутай байдаг тухай аминчлан ярьлаа. Дамиа Хүрээлэнд хэлтсийн дарга байхдаа нэг лаборант хүүхэнтэйгээ холбоотой байсан юм гэнэ. Тэр нь мэдэгдээд, Намын үүрийн хэмжээнд хүртэл яригдахдаа тулж, хөөцөлдсөний хүчинд хөдөө томилолтоор явахаар болж байж тэр хэл амнаас мултарчээ. Тэр үед чинь удирдах албан тушаалтнууд гэр бүлийн асуудал гаргахад Намын үүр нь авч хэлэлцдэг байлаа. Намаас шийтгэл авч, хөөгдвөл тун хэцүү... Нүүр байхгүй болно л гэсэн үг. Систем дотроо мөддөө л олигтой ажил эрхлэх боломжгүй болчихдог байсан юм.
Амьдрал үргэлжилдгээрээ үлгэлжилсээр дахиад дөрөв таван жил болов. Би уг нь хоёр найзыгаа өсөж дэвжиж, албан тушаал дээшлэх байх гэж харж байлаа. Гэтэл харин ч буудаг юм байна. Дамиа их уудаг болчихсон байсан. Бас Дамиаг аймгийн Театрийн хүүхнүүдтэй холбоотой тухай ч дэл сул яриа сонсогддог байв. Энэ мэтээс болсон байж магад, Намын хорооноосоо авхуулж, Аймгийн ТМС-ийн багшаар очив. Цэвэлмаа нэг юм ажил дээрээ дэнжигнээд тогтоод байгаа.. Эхэн үедээ манай хоёр гэр бүл нэг нэгнийхээрээ ордог, хамт салхинд гардаг, тоглож нааддаг байсан бол сүүлдээ маш ховорхон орж гардаг боллоо.
Гэтэл Дамиа ТМС-ийн сурагч охинтой холбоотой хэрэг илэрч, аймгийн төвөөр нэг шуугиан шагшраан болдог юм байна. Тэр үед чинь ийм явдалд их соргог байж. Одоо бол нохой хуцсан мэт тоохгүй болсон. Намаас нь хөөчихлөө. Өнөөх Их сургуулийн оюутны зөвлөлийн дарга, Сүхбаатарын цалинт, тэргүүний оюутан галтай цогтой гялалзаж явсан залуугаас үлдсэн юм бараг үгүй. Нэг хорчийсон, өрвийсөн хар юм болов. Хүн амьтан ч дөлж зугтаах тал руугаа.
Уг нь ид гучин хэдтэй, дөч шүргэж яваа нас шүү дээ. Бүр ч их уудаг боллоо. Харин Цэвэлмаа маань тэр бүх хэл амыг тун ч тэвчээртэй давж туулсан даа. Нүднээс далдуур хичнээн ч уйлж, шаналж байсныг мэдэхгүй юм. Наанаа бол огт тоохгүй байгаа мэт байв. Нэг их удалгүй Дамиа тэр хоёр салав. Гэр бүл салгах шүүх хурал ч их сүртэй боллоо. Аймаг даяар л шуугих. Дамиа ажлаа өгөөд нутгаа бараадна гээд Дархан явчихав. Ингээд ид гунхалзаж явах гучин тавтайдаа Цэвэлмаа маань бага ангид сурч байсан охинтойгоо өрх толгойлсон эмэгтэй болж үлдлээ. Амьдрал ахуй нь муу байгаагүй ээ. ХБТрестээсээ гарч, Ахуйн үйлчилгээнд ерөнхий ня-бо хийж байв.
Дээд мэргэжилтэй мэргэжилтний цалин чинь хангалттай, элбэг дэлбэг. Гэхдээ л ганц бие ид насны хүүхний хувьд бэрхшээл их байлгүй яахав. Наанадаж л эргүүлдэж зовоодог, орой үдэш хаалга үүдийг нь самарддаг элдвийн хар юмнууд зөндөө. Хааяа бид хоёр элдвийг ярилцдаг байлаа. Нэг удаа “Би Даваагаа мөн ч их зовоосон доо. Тэр маань одоо хаана явдаг юм бол. Асууж сураглахгүй болохоор яаж ч сураг нь гарах билээ дээ. Энд аймгийн төвд холын хамаатных нь нэг хүн байдаг юм билээ. Би асуухаасаа санаа зовоод байх юм. Чи нэг асууж өгөөч” гэв.
Би тэр хүнийг нь олж уулзаад асуулаа. Даваасүрэн Баянхонгор аймгийн өмнө хязгаарын нэгэн суманд ногооны гэв үү, жимсний гэв үү нэг бригадын дарга хийж байгаа, амьдрал ахуй нь сайн, гэр бүлтэй болсон гэнэ гэсэн мэдээтэй ирэв.
Хоёр гурван жилийн дараа ардчилал гарч, өмч хувьчлал болон бужигнацгаав. Оюутан байхдаа Дамиагийн гарыг, аяыг хараад эрхлээд л, хэлээ хазаад сууж байдаг эрх танхи, амьдрал мэдэхгүй Цэвэлмаа маань энэ хугацаанд дайчин, амьдралд шаргуу зүтгүү болжээ. Амьдрал хүнийг тийм болгодог юм билээ. Өмч хувьчлалаар Ахуй үйлчилгээний дэлгүүрийг хувьчилж авлаа. Байгууллагад нь жолооч байсан Баярбаатар гэдэг залуутай нийлж. Тэр их сэргэлэн сүйхээтэй залуу байсан юм. Аль хатуу үед л дамын наймаа сүнгэнүүлдэг байсан эр. Аймгийнхаа хамгийн боломжийн бизнесмэнүүдийн нэг болов. Удалгүй тэр Баярбаатартайгаа нэг гэрт оров. Нэг удаа надад ярихдаа “Баяраа яах вэ? Соёл, боловсролын хувьд Дамиатай яаж харьцуулахав.
Бүдүүлэг, эрээгүй л хүн. Гэхдээ сэтгэл мэдрэгдээд байдаг юм. Зааж зүглүүлээд явбал учиргүй муу хүн ч биш ээ. Одоо охиноо бодохоос... Нэг дүүтэй болгож өгөе. Үр хүүхдээ харахаараа Баяраа эрхбиш улам наашлах биз” гэж билээ. Удалгүй бас нэг охинтой болов. Гэтэл тэр гайхал Баяраа нь хартай гэж жигтэйхэн амьтан байж. Бүр солиотой гэмээр хартай. Дамиатай хамтдаа сугадалцаад аймгийн театрт үзвэр үзэж явдаг, оюутан байхдаа Ард кино театр, Ленин клүбийн бүжгийг алгасдаггүй шахам байсан Цэвэлмаа маань ёстой гэрийн авгай болдог юм. Нөхөр нь түүнийг гадуур ч гаргах дургүй. Баяраа хамаг юм аа барина. Мөнгө төгрөг олох тал дээрээ мундаг.
Манай хүн яах вэ, гэртээ суугаад, хүүхдээ хараад л, данс тооцоо энэ тэрийг хийнэ.
Гэтэл нэг л өдөр тэнгэрээс буугаад ирсэн мэт Даваа гараад ирдэг юм даа. 96 оны хавар санагдана. Өглөө ажлын үүдэн дээр нэг хүн над руу хараад инээгээд зогсож байдаг юм. Би таньсангүй. Толгой дохичихоод хажуугаар нь гарах гэтэл, бугуйнаас бариад авлаа. “Дэлгэр ээ, намайг танихгүй байгаа юм уу даа. Би Даваасүрэн байна шүү дээ” гэхэд нь би цочсондоо бараг унах шахаж билээ. Бид уулзалгүй 24 жил болжээ. Өдөржин, шөнөжин ярилцаж суумаар...
Нэг ч их өтөлсөн шинж алга. Баянхонгор, Говь-Алтай аймгийн захын сумдаар ангийн байцаагч, байгал хамгаалагч голдуу хийж, хээрээр тэнэж л ихэнх амьдралаа өнгөрөөсөн гэлээ. Ёстой нэг эгэл хөдөх эр болж. Өнөөх сэхээтэн шинжийн гавал толгойтой хүүгээс үлдсэн юм бараг л алга. Би халгаж халгаж, гэр бүлийг нь асуулаа. Гэр бүлгүй гэнэ. “Чамайг хамаатан чинь гэр бүлтэй, хүүхэдтэй гэж хэлсэн шүү дээ?” гэвэл, “Хөгшин нь гэр бүл зохиох гэж оролдож үзсээн.
Нэг хүүхэнтэй хоёр гурван жил амьдрах гэж хичээсэн. Хүүхэд ч гарсангүй. Нэг хүүхэд өргөж авсан ч хүн болсонгүй” гэж байна. “Хоёр гуравхан жил гэдэг чинь бага хугацаа байна. Өөр бас... шантарч болохгүй шүү дээ” гэвэл нар салхинд хөрсөжсөн нударгаа зангидан цээжин дээрээ лүг лүг хийтэл шааж, “Дэлгэрээ, энд нэг юм зангираад болохгүй байгаа юмыг би яах юм бэ?” гэж билээ. Энэ үгийг сонсоод миний нулимс өөрийн эрхгүй мэлтрээд гараад ирсэн юм даа. Цэвэлмаагийнхаа өмнөөс шүү дээ.
Бас Даваагийнхаа өмнөөс... Тэгэхэд аймгийн цэцэрлэгт тэр хоёр хөөцөлдөөд л, Цэвэлмаагийн цагаан парчик, гэзэгнийх нь копрон яг л эрвээхэй шиг дэрвэн, дуу нь цангинан байсан тэр дурсамж яг зүүд шиг нүдэнд харагдсан юм. Бас Цэвэлмаа бид хоёр түүнийг аймгийн Тээврийн товчооны арын байшингийн буланд гаргаж өгч байсан мөч харагдсан.
Тэгэхэд Тээврийн товчоон дээр Даваагийн ах дүүс, найз нөхөд нь ирчихсэн байсан учир бид санаа зовоод тэр ард нууцхан салах ёс хийсэн юм. Тэр хоёр маань гар гараасаа тас атгалцчихсан, өөд өөдөөсөө ширтэлцээд, үг ч хэлж чадахгүй зогсож байгаа тэр зураг. Бас Даваагийн бичдэг тэр олон сайхан захидлын мөрүүд, тэр захидлыг оюутны орон дээр, Сүхбаатарын хөшөөний гинжин дээр, цэцэрлэгт хүрээлэнгийн сандал дээр Цэвэлмаа бид хоёр зэрэгцэж суугаад уншдаг байсан мөчүүд маань нүдэнд харагдах шиг болж билээ... Харин энэ удаад Даваа миний нулимсыг Цэвэлмаагийн өмнөөс арчиж өгсөн дөө.
Жаал тайвшраад “Чи ямар ажлаар энд явна?”гэвэл “Хүний нутгаар их тэнэлээ, хө. Хэдий сайхан хүмүүс, сайхан нутаг ч хүн ядраад, ганцаардаад ирэхээрээ төрсөн нутгаа гэх юм байна шүү дээ. Уг нь их эрт ирье гэж бодож байсан ч Цэвэлмааг энд байгааг мэдээд ирээд хэрэггүй байх гэж боддог байлаа“.
“Чи Цэвэлмааг Дамдинсүрэнгээс салсныг дуулсан уу?”
“Дуулсаан хө. Дуулалгүй яахав. Дараа нь ганцаараа хэдэн жил болсоныг нь ч, бас одоо энэ хүнтэйгээ нийлснийг нь мэдэж байсан”.
“Чи Дамиагаас салсных нь дараахан яагаад хүрээд ирж болоогүй юм бэ? Цэвэлмаа битүүхэндаа чамайг хүлээдэг, хардаг л байсан даа”. Даваа хэсэг зуур бодлого болон сууснаа,
“Тийм ээ, би нааш ирэе гэж бодсон. Гэвч тэр үед болоогүй юм аа. Нэг л болж өгөхгүй байсан юм. Би чамд юу гэж тайлбарлахаа мэдэхгүй байна. Болохгүй л байсан даа”.
“Тэгвэл чи одоо яах гэж ирээ вэ? Нэгэнт оройтчихсон шүү дээ... Түүнд дахиад хэцүү байж магад, бүр ч илүү”.
“Тиймээ, түүнийг мэдэж байгаа. Гэхдээ одоо хичнээхэн ч жил амьд явах билээ? Бас хичнээхэн жил хол явах билээ дээ. Ойрхон байгааг нь мэдэрч, хааяа боловч харж, гэм хоргүй хоёр үг сольчихоод л явж байя гэж бодлоо, хө. Би одоо хаанаас түүнийг дахин ээрч, шалж зовлон болох вэ дээ. Тэгэж байгаад нэг уулзана. Нэг ангийн хүүхдүүд шиг гэм хоргүй уулзана. Чи нэг мэдэгдчихээрэй. Намайг ирсэн гэдгийг. Дахиж зүггүйтэж, сахилгагүйтэж зовоохгүй нас тогтож, намба суучихаад ирсэн байна билээ гээрэй” гээд инээх гэсэн боловч нэг л бүтэлтэй болсонгүй, эвгүй үрчилзэв.
Би Даваагийн тухай Цэвэлмаад хэрхэн яаж хэлэхээ мэдэхгүй байв. Гэсэн ч хэллээ. Даваагийн инээх гэж хичээн оролдон байж хэлснээр нь хэллээ. “Даваа одоо залуугийнх шиг биш болжээ хө. Нас тогтоод намба суугаад...” гэвэл Цэвэлмаа “Би түүнийг мэдэж байгаа. Ирснийг нь...” гэж байна. “Чи яаж мэдээ вэ? Хэн хэлээ вэ?” гэвэл “Би зүүдэлсэн юм аа. Одоо би түүнийг мэдэрдэг болсон. Бид ямагт хамт байдгийг. Өмнө нь огт анзаардаггүй байсан юм билээ” гэв. Түүний царай ямар ч сэтгэл хөдлөлгүй хөшүүн байсан нь хачин санагдаж билээ.
Даваа маань ирсээр жил гаруй болов. Угийн сүрхий хүн болохоо харуулж, дорхноо л под хийгээд босоод ирэх нь тэр. Жаахан цуглуулж, хураасан мөнгө хөрөнгө байсан юм шиг билээ. Даваа надад нэг юм үзүүлнэ ээ л гээд явдаг байсансан. Тэгээд үзүүлсэн юм. Түнтгэр гялгар ууттай юм гаргаж ирж задлав. Дотроос нь судар шиг торгон баринтагтай юм гаргаад дахин задалсанд тэртээх он жилүүдэд Сулинхээрийн застав руу Цэвэлмаагийн хаашаа хараад сууж байгааг нь хүртэл бичдэг байсан миний захидлууд байж билээ. Ихэвчлэн 5 төгрөгний дөрвөлжин шугамтай дэвтрийн цаасан дээр бичдэг байсансан. Тэдгээр цааснуудыг хичнээн ч удаа эргүүлж тойруулж үзсэн юм, бүү мэд самбай шиг сэмэрчихсэн, черниль нь бүдгэрчихсэн байж билээ.
Даваа, Цэвэлмаа хоёр хэрхэн уулзсан тухай би огт асуудаггүй байлаа. Ер сүүлд нь ч Цэвэлмаагаасаа асуугаагүй. Тийм юм сонсоно гэдэг хэцүү. Зүрх өвдөөд байдаг юм. Юутай ч тэд уулзалдсан. Харин Баярбаатарын харддаг өвчин ер намдсангүй. Харин ч бүр солиорлын байдалтай.
Гай болж Даваа, Цэвэлмаа хоёрыг урьд нь учиртай байсан гэдгийг хэн нэг нь түүнд хэлчихэж, магадгүй тэр өөрөө малтаж байгаад олоод авчихсан ч байж магадгүй. Тэгээд муу Цэвэлмааг маань бүр тамлаж зовоож орхино. Уг нь тэдний амьдрал тун сайн. Хөл дээрээ босчихсон байж билээ. Баярбаатар АН намд элсэн, улс төрч болж, 1996 оны сонгуулийн дараа Аймгийн нэг том дарга болчихсон байв. Нэг тоосгоны үйлдвэртэй, нэг дэлгүүртэй. Хоёр ч газар байр бариад түрээслүүлчихсэн. Унадаг хоёр ч унаатай. За тэгээд дарга хүн чинь яаж ийгээд л юм аа өсгөдөг юм байгаа биз дээ.
Нэг удаа би Цэвэлмаад хэллээ. “Цаад эргүү Баярбаатараасаа сал аа. Хөрөнгө мөнгөтэй нь явуулчих. Алийн болгон ийм дарамтанд амьдардаг юм бэ? Яаж ийгээд амьдарч л таараа. Үр хүүхдээ бодоод тэснэ гэж юу байсан юм” гэлээ. “Хүүхдээ бодож байгаа ч юм алга хө. Баяраа юу гэдэг гээч. Салбал Даваа бид хоёрыг хоёуланг нь ална гэсэн. Тэр тэгэж мэдэх мунхаг хүн шүү дээ” гэж байна.
Ийм байдалтай жил орчим болов. Нэг удаа тэр хоёр муудалцдагаараа л муудалцаж. Муудалцах ч юу байхав, нөгөөх нь Цэвэлмааг маань элдвээр зовоож эрүүдэхгүй юу. Цэвэлмаа тэсэлгүй “Чам шиг тэнэгийг хэн хайрлах билээ?” гээд хэлчихэж. Нөгөөх нь “Тэгвэл чиний тэр хайрладаг хүнийг чинь алчихая” гээд гараад гүйж, гай болсон юм шиг тэр үед нь Даваа гэрийнх нь ойролцоо явж таарсан байдаг юм. Яагаад ч тэнд явж байсан юм бэ дээ. Тэгээд тоосгоор ч юм уу, чулуугаар ч юм уу, Давааг тархидаж орхисон байгаа юм. Сэхээнд ухаангүй гурав хонолоо. Хотоос эмч нар ирж, хэд хэдэн хагалгаа хийсэн байх.
Эмнэлэгт хагас жил хэвтсэн дээ зайлуул. Цэвэлмаа Баярбаатарын араас гарч ирээд Давааг цус нөжтэйгээ холилдчихсон газарт хэвтэж байхыг үзэж, бархираад тэврээд уначихсан гэдэг. “Чи одоо намайг яг энд хамт алаад өг” гэж Баяраа руу хашгичаад байсан гэсэн... Эмнэлэгт хэдэн шөнө Давааг нойргүй сахисан. Ямар өөр ойр дотнын гэх хүн байсан биш. Холын хамаатан нэг хөгшнийх л байсан. Нөхөр бид хоёр очиж хань болох. Хичнээн ч их уйлав даа. Баярааг яахав дээ, сэргийлэхэд хэд хонуулаад гаргасан. Даваагийн талаас нэхэмжлэл гаргах хүн үгүй, тэгээд ч мөнгөтэй, дарга хүнийг чинь яадаг ч үгүй болчихоод байгаа цаг шүү дээ. Давааг эмч нар хотын эмнэлэг рүү аваад явахад Цэвэлмаа ч хоёр охиноо аваад дагаад явсан.
Тэгээд Баярбаатараас бүрмөсөн салсан даа. Хоёр охиноо өөртөө авсан. Тэр хөрөнгөнөөс нэг байшин л авах шив дээ. Бусдыг нь Баярбаатарт өгсөн. “Охиныхоо өмнөөс энэ байшинг чинь авлаа. Бузрын чамаас өөр юу ч авахгүй” гээд Баярбаатар луу орилж байсан юм. Уг нь хүмүүжилтэй, хүний өмнөөс тэгэж муухай орилох хүн биш л дээ. Хэдий Баярбаатар болхи, мунхаг ч бас хүн нь гайгүй, хөрөнгөө бүгдийг нь ч хамаагүй өгнө гэж байсан ч аваагүй.
Даваа хагас жил орчмын дараа юу ч санадаггүй, таг мэлрэнги хүн босож ирсэн юм. Цэвэлмаа хамаг байдгаа зарж үрээд, бас Даваагийн хөрөнгийг ч үрээд түүнийг авч очоогүй эмнэлэг, бариач, илээч байхгүй ээ. Урагшаа Хөххот, Бээжин, Солонгос хүртэл явсан. Нэмэр болоогүй. Тэгээд хувь заяатайгаа эвлэрсэн дээ. Тэр цагаас хойш одоо иймэрхүү байдалтай л муу найз минь амьдарч байна. Энэ цайны газрыг түрээслэж амьжиргаагаа болгоод явна. Даваа хааяа санамж нь бүүр түүр орж ирдэг юм шиг байгаа юм. Цэвэлмаагийн хацрыг хоёр алгаараа шахаж барьж байгаад нүүр лүү нь нэг их хардаг юм. Тэгэх бүрд муу найз минь уйлаад л байдаг байлаа. Одоо ч уйлах нулимсгүй болсон доо. Даваа хоол идэх гэж орж ирнэ, тэгээд гараад явчихдаг.
Хаа хамаагүй явж магадгүй. Өлсөхөөрөө орж ирж хоол иднэ. Орой эндээс гараад нөгөөхийнхөө хойноос хөөцөлдөж байж олж, гэртээ аваачиж унтуулна. Даваа их ууртай болсон. Хүнтэй барагтай бол үг солихгүй. Гудамжаар амандаа юм гөвтнөөд л тэнэж явах. Ийм л нэг амьдрал байна даа. Хэзээ урьд насны өртлөөс юм бүү мэд. Бидний мэддэг Даваа аль хэдийнэ бурхан болчихсон.
За за, муу найзынхаа хамаг намтар түүх, зовлонг нь ярьчихав. Муухай ч юм шиг. Гэхдээ ийм нэг хайр энэ хорвоо дээр байсан юм шүү гэдгийг хэн нэгэнд яримаар болоод байдаг юм. Чамайг зохиол мохиол бичдэг гэхээр нь ярьж, санаа амрав. Хэн нэгэн дэмий сул үгтэнд хэлсэнгүй гэж найдаж байна. Дотор онгойх шиг боллоо гэсэн юм.
Орлогч дарга эгчийн ярьсныг өнөө бараглаж санахад ийм. Түүнээс хойш 14 жил өнгөрчээ. Сая орсон их цасны өмнөхөн хангайн тэр аймгийн төвөөр явдал замд дайран гарсан юм. Тэгэхэд эгчийн яриа эрхгүй тод санагдаж байна. Бууж байсан төвийн захын муу буудлаа олсонгүй. Нураагаад том байшин барьчихсан юм байж. Дээрх хайрын түүхэнд оролцсон хүмүүсийг сураглаваас, Даваасүрэн гуай намайг тийн явсан үеэс хойш хоёр гурван жилийн дараа, 2003-2004 оны орчимд өнгөрсөн юм байна. Төдөлгүй Цэвэлмаа гуай хот нүүжээ. Сүүлд 2008 оны өвөл Хорооллын эцсийн тролейбусны буудлын орчимд цагаан утас барьчихсан явахад нутгийн хүн таарсан гэнэ. Цагаан утсаар төлбөртэй яриулдаг шүү дээ. Хоёр охин нь хаа нэгтээ байдаг л бололтой.
Надад энэ түүхийг хүүрнэдэг эгчийн нөхөр бурхан болж, өөрөө хүүхдүүдээ бараадаад Америк явчихаж... Баярбаатар гуай нь улс төрдөө тууштай зүтгэсээр сүрхий ч ахиж дэвшин, Яаманд дэд сайд хүртэл явжээ. Одоо хаана ч гэв дээ, гадаадад худалдааны том төлөөлөгчөөр сууж байгаа гэлээ. Дамдинсүрэн гуайгаас харин сураг гаргаж чадсангүй.
Тэгэхэд орлогч дарга эгчийн яриаг унаа минь ирсэн ч хүлээлгэж байгаад цаг гаруй сонсож билээ. Гарахдаа цайны газраар шагайв. Өмнө нь “Баяртай” гэчихсэн байсан ч ийм түүх сонссоны дараа тэдний царайг эргэж заавал хармаар байсан юм. Даваасүрэн гуай гараад явчихаж. Цэвэлмаа эгч лангууныхаа ард юмаа цэвэрлэж зогсоно. Надруу дальдчин байж харав. Эгчийн харц “Наад харц чинь зүрхний минь шархан дээр давс үрж байх шиг болж байна шүү" гэх шиг болж билээ...
/Нэрсийг өөрчлөв/
Б.Номинчимэд
2016.11 сар