Н.НОМТОЙБАЯРЫГ НАМ НЬ ӨМӨӨРӨХГҮЙ ГЭДГИЙГ У.ХҮРЭЛСҮХ ХЭЛСЭН ҮҮ?

Н.НОМТОЙБАЯРЫГ НАМ НЬ ӨМӨӨРӨХГҮЙ ГЭДГИЙГ У.ХҮРЭЛСҮХ ХЭЛСЭН ҮҮ?

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлж өгөхийг хүссэн албан бичгээ Монгол Улсын Ерөнхий прокурор өргөн бариад чамгүй хугацаа өнгөрчихлөө. Хуулиа зөрчин байж хэсэг хугацаанд аргалсан хүн нь Ц.Нямдорж. УИХ-ын халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдэх дэд хорооны хурлыг ирц хүрээгүй гэдэг шалтгаанаар хэсэг хойшлуулсан. Гэвч арга буюу нийгмийн шахалт, хэвлэл мэдээллийн хэрэгслийг буруутгасан өнгө аяс бүхий мэдээлэлд түүртсэн үү? Эсвэл нам нь, хууль хүчний байгууллагаас шахалт ирсэн үү? Ямар ч шалтгаантай байсан Ц.Нямдорж  хурлаа хийж, шийдвэрээ гаргав. УИХ-ын халдашгүй байдлын дэд хорооноос өнгөрсөн баасан гарагт Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын саналийг дэмжсэн. 

УИХ-ын халдашгүй байдлын дэд хорооны шийдвэртэй холбогдуулан МАН-ын зүгээс бүлгийн хурлаа хийсэн. Тус хурлаар Н.Номтойбаярын бүрэн эрхийг УИХ-аар түтгэлзүүлэх үү? Эсвэл хамгаалж үлдэх үү гэдгийг шийдэх гэж үзжээ. Гэвч тус бүлгийн хурал дээр хэдэн хэсэг болж маргалдаад өнгөрсөн байна. Цөөн хэсэг нь Н.Номтойбаярыг хамгаалж үлдэх тухай ярьж байгаа бол харин дийлэнх олонхи  нь намын даргынхаа санаа бодлыг илүүтэй сонсч шийдвэр гаргах нь зөв гэх өнцгийг барьсан байна.

МАН-ын бүлгийн хуралд тус намын дарга Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцсон бөгөөд тэрээр намын нэр хүнд олон нийтийн дунд унаж байгаа шалтгааны нэг нь УИХ-ын гишүүдийн зан авир, буруу зуршил, хэт ойворгон зан нөлөөлж байна. Иймээс дор бүрнээ нэр хичээх цаг болсон. Нөгөө талдаа намынхаа нэр хүндийг бодож асуудалд хандах нь зөв хэмээн илэрхийлсэн байна. Үүний нөгөө тайлбар нь Н.Номтойбаяр гэдэг улс төрчийг нам нь өмөөрөхгүй шүү гэдгийг битүүхэндээ намын дарга нь сануулчихсан гэнэ.

Ийм ч учраас Н.Номтойбаярыг хамгаалж үлдэх эсэх нь зөвхөн УИХ-ын гишүүдийн хувийн байр суурь байх болж байна. Намынх нь зүгээс намын нэр хүндээ бодох үүднээс хамгаалахгүй, харин ч болж өгвөл өөрийнхөө хүсэлтээр бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулчих гэдэг шахалтыг үзүүлж байгаа бололтой.

МАН-ын бүлгийн хурлын үед УИХ-ын халдашгүй байдлын дэд хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн зүгээс Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлж болно. Гагцхүү үүний дараа Ерөнхий прокурор өөр хэрэгт буруутгаад шалгачих юм биш биз гэх болгоомжлол байгаа гэх утгатай тайлбар хийсэн байна. Үүний нөгөө үзүүрт нь Н.Номтойбаяр гишүүн дахиад өөр хэрэгт буруутгагдах шалтаан байгаа юу гэх асуулт урган гарна.

Ямартай ч Н.Номтойбаярыг нам нь өмөөрөхгүй, өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэгчээр л асуудлаа шийдүүлэх ёстой гэдэг тайлбарыг намынх нь удирдлагууд өгч байгаа бололтой. Нөгөө талдаа М.Энхболдын фракцын гол санхүүжүүлэгч гэгдэх Н.Номтойбаяраас нам нь салах боломжоо гэж энэ удаагийн үйл явдлыг харж байгаа бололтой.