КОРОНАВИРУСЭЭР ӨВЧИЛСӨН ХҮНТЭЙ ХАМТ ЗОРЧИЖ БАЙСАН МОНГОЛ ИРГЭН НУТАГТАА ИРЖЭЭ

КОРОНАВИРУСЭЭР ӨВЧИЛСӨН ХҮНТЭЙ ХАМТ ЗОРЧИЖ БАЙСАН МОНГОЛ ИРГЭН НУТАГТАА ИРЖЭЭ

Австрали улсад коронавирусээр өвчилсөн иргэнтэй хамт нисэх онгоцоор зорчсон Монгол улсын иргэн Улаанбаатарт ирсэн байна. Уг хүнийг даруй олж, нарийн шинжилгээнд хамруулах ажлыг холбогдох газрууд хийж эхэлжээ.

Тодруулах юм бол 2020 оны 01 сарын 19 өдөр БНХАУ-ын Гуанжу хотоос Австралийн Мельбурн хотод очсон нэгэн иргэн өндөр халуурч эмнэлэгт хандсан байна. Тухайн иргэн нь нарийн шинжилгээгээр 2020 оны 01 сарын 25-нд шинэ төрлийн Коронавирусээр өвчилсөн нь тодорхой болжээ. Уг өвчилсөн хүнтэй хамт нэг онгоцонд ниссэн Монгол улсын иргэн нь Австралийн Мельбурн хотод очоод 2020 оны 01 сарын 25 өдөр буцаж ниссэн бөгөөд Мельбурн хотоос Хонконгоор дамжиж Улаанбаатарт ирсэн байна. Тухайн иргэн нь шинэ төрлийн коронавирусээр өвчилсөн хүнтэй ойр байсан тул яаралтай олж илрүүлсэн нарийн шинжилгээг авч, тусгаарлах шаардлагатай гэдгийг албаныхан хэллээ.

Авсрали улсад очсон Монгол улсын иргэн шинэ төрлийн коронавирусээр өвчилсөн байна гэх мэдээлэл нь ташаа болох нь тогтоогдсон. Харин уг өвчнөөр өвчилсөн хүнтэй зорчиж явсан Монгол улсын иргэн байна. Иймээс уг иргэнийг яаралтай олж тогтоон нарийн шинжилгээнд хамруулах шаардлагатай гэдгийг Авсралийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол улсын эрүүл мэндийн яаманд имэйл ирүүлсэн гэдгийг албаныхан хэллээ. Иймээс энэхүү ажлыг хийхээр ажиллаж эхэлсэн байна.

Мельбурн хотоос Хонконгоор дамжиж ирсэн Монгол улсын иргэн нь одоогоор эмнэлэгт хандаагүй бөгөөд өвчилсөн эсэх нь тодорхойгүй байгаа. Шаардлагатай мэдээлэл нь албаныханд байгаа учраас яаралтай тодруулж, эргэн мэдээллэх болно гэлээ.

Энэ тухай Эрүүл мэндийн яамнаас дараах мэдээллийг өглөө.