УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлж өгөх тухай Ерөнхий прокурорын хүсэлтийг Улсын Их хурлаар хэлэлцэж эхлээд байна. УИХ-ын 5 ахмад гишүүнээс бүрэлдсэн УИХ-ын халдашгүй байдлын дэд хороо тус асуудлыг хэлэлцээд Ерөнхий прокурорын хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэх шийдвэр гаргасан.
Харин энэ асуудлаар МАН-ын бүлэг хуралдсан нь нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй. Үүний шалтгаан нь МАН дотор үүссэн хоёр бүлэглэл хоорондоо эв зүйгээ олж чадаагүй гэдгийг баталгаа. Нөгөө талдаа намын эрх мэдлийг атгаж байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг өмөөрөхгүй. Харин ч бүрэн эрхээсээ сайн дураараа татгалзаад асуудлаа шийдүүлэх хэрэгтэй. Үнэхээр л буруугүй бол нүүр бардам шалгуулчих гэх утгатай тайлбар хийж, Н.Номтойбаяр гишүүнд шахалт үзүүлсэн гэх мэдээлэл дуулдаж байна.
УИХ-ын халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдоржийн зүгээс дэд хорооны шийдвэр олон талыг бодолцож гарсан. Гэхдээ ийм цаг үед энэ асуудлыг оруулж ирсэн Ерөнхий прокурор хариуцлага хүлээгээрэй. Өөр хэргээр энэ хүнийг шалгачих гэмтэй гэх мэт хоёр үзүүртэй зүү шиг хариулалтыг өгч, хариуцлагаас өөрийгөө мултлах аргыг сүвэгчилсэн сурагтай.
Бүрэн эрх нь яригдаж байгаа УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хувьд сайн дураараа бүрэн эрхээсээ татгалзах үндэслэл байхгүй. Нөгөө талдаа хууль хяналтын байгууллагын хэрэг шалгах үйл явцад саад учруулсан зүйлгүй гэсэн хариулалтыг өгчээ.
Харин Ерөнхий прокурор Жаргалсайхны зүгээс УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах шаардлага байгаа. Бүрэн эрх нь хэргийг шалгахад саад болж буй учраас л УИХ-д асуудлыг оруулсан гэдэг тайлбарыг өгч байна.
Ямартай ч энэ асуудлыг УИХ-аар энэ 7 хоногт эцэслэн шийднэ. Үүнээс өмнө УИХ-ын хууль зүйн байнгын хорооны хуралдаан боллоо. Хуралдаанд 13 гишүүн оролцож 7 гишүүн нь Н.Номтойбаярыг өмөөрөөд үлдэв. Харин 6 гишүүн Н.Номтойбаярыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, хэргийг шалгуулах нь зөв гэсэн байр суурийг илэрхийлжээ. Хэдийгээр Хууль зүйн байнгын хорооны олонхи гишүүн Н.Номтойбаярыг хамгаалаад үлдсэн ч УИХ дээр асуудал хэрхэн шийдэгдэх нь хамгийн чухал.
Пүрэв гарагийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Н.Номтойбаярын асуудлыг шийднэ. Уг хуралд гишүүдийн ирц хэр байх, хэрхэн асуудал өрнөх вэ гэдэг нь тун анхаарал татаж байна. Ямартай ч Н.Номтойбаярыг өмөөрч, авч үлдэхээр нэр бүхий УИХ-ын гишүүд сэм уулзаж, бас бусад гишүүдийг ятгаж эхэлсэн гэх мэдээлэл дуулдаж байна. Эдгээр гишүүдийн зүгээс УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг золигт гаргачих юм бол дараагийнх нь бид байх магадлалтай хэмээн ятгах гэж оролдож буй. Учир нь ЖДҮ болон бусад асуудлаар барьцаанд орчихсон гишүүдийг асуудлаар нь барьцаалах гэж буй бололтой.
Харин нөгөө талд нь МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх санаагаа гишүүдэд шууд ойлгуулчихсан. Намын нэр хүндийг унагааж, сонгуулийн өмнө муухай харагдуулж байгаа улс төрчдөөсөө нам салах ёстой. Намын нэр цэвэр байх нь улс төрчдөөс шууд хамаарна. Иймээс л Н.Номтойбаяр гэдэг хувь хүнийг бус алдаатай явсан улс төрчийг өмөөрөхгүй гэдгээ хэлчихжээ.
ЖДҮ-д барьцаалагдсан, жинхэнэ утгаараа хариуцлага гэгчийг умартсан УИХ-ын зүгээс Н.Номтойбаярыг өмөөрч үлдэх юм бол бүхэлдээ муухай харагдана. Нөгөө талдаа Н.Номтойбаярыг хамгаалж кноп дарсан гишүүдрүү хэвлэл мэдээллийн хэрэгсэл дайралт өрнүүлнэ. Нөгөө талдаа нийгмийн сэтгэл зүйд ч сөргөөр нөлөөлж, өөрсдийнх нь рейтингэд сонгуулийн өмнө хасах оноо болно. Ийм учраас УИХ-ын гишүүд асуудлыг чуулганаар ярих үед өөрийгөө бодох уу эсвэл шахалтад оруулж буй бизнесийн бүлэглэлийг хамгаалах уу гэдэг хэцүүхэн сонголтыг хийж таарах нь байна.
Хэрэв УИХ энэ удаад Н.Номтойбаярыг өмөөрөөд үлдэх юм бол муухай харагдах нь гарцаагүй. Нөгөө талдаа сонгуулийн өмнө Г.Занданшатар дарга өөртөө хасах оноо авах нь гарцаагүй. Мөн Н.Номтойбаярыг өмөөрч кноп дарсан гишүүд сонгуулийнхаа сөрөг нэгэн пиарын эзэн болж, сонгуулиар унах нүхээ малтах магадлал тун өндөр байна.