иргэн Г.Буяндорж: Би 1996 оноос хойш өнөөдрийг хүртэл бизнес хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж, хуулийн байгууллагын зарим нэг ажилтнуудын хууль бус ажиллагааны тухай, тэдний ажил, албан тушаалтай холбоотой авлига, хээл хахуультай холбоотой байж болзошгүй нотлох баримтуудыг бүрдүүлж, гомдол гаргаж байна. Миний эрхлэн ажиллуулдаг “Ноёд” группийн охин компани болох “Ноёд констракшн” компанийг хуулийн байгууллагын нэр бүхий хүмүүс зохион байгуулалттайгаар бүлэглэж, дээрэмдэж авсан. Үүний уршгаар би сүүлийн есөн жил хуулийн байгууллагаар шалгагдсан ч Монгол Улсын шүүх миний хэргийг цагаатгасан.
Миний компанийг дээрэмдэж, надаас 100 мянган ам.долларын авлига өгөхийг шаардсан. Миний хэргийг шалгах явцад хэрэгт хяналт тавьж байсан прокурор нь надаас 100 мянган ам.доллар нэхэж, шантаажилж дарамталсан. Тэр үед би хэрэгт шалгагдаж байсан тул түүний санал болгосон буюу гэр бүлийн гишүүний өмгөөлөгч эмэгтэйтэй 100 мянган ам.долларын гэрээ хийсэн. Өөрөөр хэлбэл, 10 мянган ам.долларын урьдчилгаа, 90 мянган ам.долларыг хэрэг ашигтайгаар шийдэгдсэн тохиолдолд өгнө гэсэн гэрээ хийсэн. Гэрээ хийгдсэний дараа би мөнгийг өгөх бололцоогүй гэдгээ хэлсэн юм. Ингэж хэлснийхээ төлөө би Эрүүгийн хуулийн таван зүйл ангиар 5 удаа, 409 хоног буюу 1.2 жил цагдан хоригдсон. Үүний дараа надад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж би 16 удаа шүүх хуралд орж, нийт компанийнхаа 25 тэрбум төгрөгийг алдсан.