Хүн амины онц ноцтой хэрэгт сэжиглэгдсэн ЗТЯ-ны газрын дарга асан Б.Махбал суллагдана
Жил гаруйн өмнө Монгол улсын төрийн байгууллагын байранд онц ноцтой хүн амины гэмт хэрэг гарч байсан билээ. Энэхүү хэргийн талаар тухайн үед шуугиж, уг хэргээс үүдэн Зам тээвэр хөгжлийн сайд нь хүртэл хариуцлага хүлээх тухай яригдаж байв. Тодруулах юм бол Зам тээврийн хөгжлийн яамны газрын даргаар ажиллаж Б.Махбал гэгч нь ажлын байран дээрээ архидан согтуурч, улмаар хамт ажилладаг Т.Гомбосүрэнг хэрцгийгээр зодож, амь насыг нь хөнөөсөн хэмээн буруутгагдаад байсан юм. Энэхүү хэрэг гарсан өдрөөс хойш Зам тээвэр хөгжлийн яамны газрын даргаар ажиллаж байсан Б.Махбал гэгчийг уг хэрэгт сэжиглэн шалгаж, цагдан хорьсон байдаг.
Хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа Б.Махгал нь энэ 7 хоногийн сүүлээр суллагдахаар болж байгаа тухай хуулийн хүрээнийхэн яриад эхэллээ.
Б.Махбалд холбогдох хүн амины хэргийг өнөөдрийг хүртэл шүүхээр эцэслэн шийдэж чадаагүй байна. Хэрэг шалгагдаж байгаа гэсэн үг.
Эрүүгийн байцаах шийтгэх тухай хуульд аливаа гэмт хэрэгт шалгагдаж байгаа хүнийг цагдан хорих хугацааг зохицуулж өгсөн байна. Энэ хуулийн зүйл заалтын дагуу Б.Махбалыг цагдан хорих боломжгүй нөхцөл байдал үүсч байгаа юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 14.10.2-т Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай бол шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сар хүртэл хугацаагаар сунгах ба яллагдагчийг цагдан хорих нийт хугацаа Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 12 сар, Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 18 сараас хэтэрч болохгүй хэмээн заасан юм. Энэхүү заалтын дагуу уг хэргийг өнөөдрийг хүртэл шүүхээр эцэслэн шийдээгүй учраас хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа Б.Махгал нь шүүхээр хэрэг нь шийдэгдэх хүртэл суллагдах нөхцөл байдал үүсээд байгаа гэнэ.
Зарим эх сурвалжийн өгүүлж байгаагаар шүүхээр шийдэгдэх боломжтой байсан хэргийг сунжруулж, асуудлыг хойшлуулах замаар Б.Махбалд суллагдах нөхцлийг бүрдүүлсэн. Нөгөө талдаа хохирогчийн амь насыг үл тоож, хууль хяналтын байгууллагынхан ажиллаж байна гэх гомдол хохирогчийн талаас гарч байгаа юм байна.
Зам тээврийн хөгжлийн яаманд гарсан хүн амины хэрэг нь 2018 оны наймдугаар сарын 09-10-нд шилжих шөнө гарсан бөгөөд гэмт этгээд нь хохирогчийг зодож буй дүрс бичлэг нь хяналтын камерт үлдсэн байдаг тухай хууль хяналтынхан хэлдэг билээ. Гэвч энэхүү хэргийг шалгах, хянах, шүүхээр шийдэх үйл явц нь хэт удааширалтай байгаа нь цаанаа хэн нэгэнд хууль хяналтын байгууллагынхан үйлчилж байгаа гэх хардлагыг төрүүлж буй юм.