Ардчилсан нам 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө боловсруулж эхэлжээ. Ардчилсан намын дэргэдэх 16 бодлогын зөвлөлөөс гаргасан саналд тулгуурлан Монгол Улсын хөгжлийн бодлогыг боловруулж байгаа бөгөөд иргэдийн саналыг мөрийн хөтөлбөрт тусгах зорилгоор “МОНГОЛ 30х30” үндэсний IV аяныг эхлүүлээд байгаа юм. Аяны хүрээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн иргэдээс санал авч, мөрийн хөтөлбөртөө тусгахаар ажиллаж буй. Харин олон нийтийн үйл ажиллагааг Засгийн газраас хориглосонтой холбоотойгоор тус аяныг цахим орчинд үргэлжлүүлэн зохион байгуулж байна. Тиймээс мөрийн хөтөлбөрт ирүүлэх саналаа та бүхэн Ардчилсан намын албан ёсны пэйж болон sanal@demparty.mn и-мэйл хаяг, 7733-1206 дугаарын утсаар холбогдон өгөх боломжтой.
Улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлох мөрийн хөтөлбөр хөрсөн дээр буусан, бодит тооцоо, судалгаанд тулгуурласан, хэрэгжих боломжтой байх нь чухал. Тиймээс ч энэ удаагийн санаачлага шинэлэг бөгөөд үр өгөөжтэй болохыг иргэд онцолж байна. Нөгөөтэйгүүр энэхүү аяныг зохион байгуулснаар нийгэм дэх иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд ч чухал ач холбогдолтой юм.