НДЕГ-ын дарга Ц.Уртнасанг хорьсон нь Ерөнхийлөгч Х.Баттулгаас С.Эрдэнэд өгсөн сануулга
Ардчилсан намаас 2020 оны Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвших сонирхолтой эрхмүүд ээлж дараалан намынхаа даргаас “ҮГҮЙ” гэх хариуг сонсч эхлээд байна. Үүний нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх Г.Уянга юм. Иргэний хөдөлгөөний идвэхтэй гишүүн асан, Мөн 2012-2016 онд УИХ-д шударга ёс эвслийг төлөөлөн суусан хадагтай Г.Уянга нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр 2017 оноос хойш ажиллаж байгаа билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд өөрийн ойр хүрээний 14 нэрийг Ардчилсан намаас Улсын Их Хуралд нэр дэвшүүлэхээр С.Эрдэнэ даргад хаяглан илгээсэн байдаг. Харин С.Эрдэнэ нь нэр бүхий 4-5 хүнийг Ардчилсан намын нэр дээрээс дэвшүүлэх боломжгүй хэмээн мэдэгдсэн нь өөр дээрээ гал дуудсан хэрэг байлаа.
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хэд хоногийн өмнө намаасаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх Г.Уянга гэгчийг нэр дэвшүүлэхгүй гэх утгатай яриа өгсөн байдаг. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх Г.Уянга хадагтайн уурыг хүргэх нь тодорхой.
Иргэн Г.Уянга нь өөрийн цахим хуудсанд АН-ын дарга С.Эрдэнэд хаяглан тайлангаа тавих тухай сануулсан байдаг. Мөн зарим нэг хэвлэлд АН-ын нэр дэвших босго мөнгө болох эмэгтэй 60 сая, эрэгтэй 100 сая гэдэг үнийн дүнг шууд л 60 тэрбум төгрөгийн схемийн нэг хувилбар хэмээн зарлачихсан билээ. Энэ нь Г.Уянга гэдэг хүнийг АН-ын нэр дээрээс сонгуульд өрсөлдөх эрхгүй хэмээн С.Эрдэнэ мэдэгдсэнтэй шууд болон шууд бусаараа холбоотой.
АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн нь нэгд гишүүний татвараа төлсөн. Мөн ҮБХ-ны татвараа төлсөн. Нэр дэвшигчийн дэнчингийн мөнгөө төлсөн байх үүрэг хүлээж буй. Энэ утгаараа Г.Уянга тэнцээгүй гэх боловч нөгөө талдаа С.Эрдэнэ нь ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарын ятгаасаар Г.Уянгыг намынхаа нэрийн өмнөөс нэр дэвшүүлэхгүй гэх шийдэлд хүрсэн байж болзошгүй гэх хардлага Ерөнхийлөгч Х.Баттулгын багийнхан дунд яваа юм билээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн нөлөөг ашиглан АН-аас 14 хүнийг нэр дэвшүүлэх гэж зүтгэсэн боловч Г.Уянга мэт нь бүдэрчихээд байгаа. Иймээс Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийнхөө зангараг, нөлөөг харуулахын тулд зүгээр суухгүй нь ойлгомжтой.
Ц.Уртнасан гэгчийг гэмт хэрэгт сэжиглэж буй тухай мэдээлэл дуулдаагүй, бас хөндөгдөөгүй байсан. Харин 2020 оны 02 сарын 05 өдөр гэнэт л Чингэлтэй дүүргийн шүүхэд Авлигатай тэмцэх газраас Ц.Уртнасанг Нийгмийн даатгалын санд арилжааны банкинд байсан мөнгийг жилийн эцэст буцаан төвлөрүүлээгүй, үүний улмаас Нийгмийн даатгалын сангийн 230 тэрбум төгрөг үрэгдсэн гэх гэмт хэрэгт буруутган шалгаж эхэлсэн. Мөн прокурор хүсэлт гаргаж, шүүх хэлэлцээд 30 хоног баривчлах шийдвэрийг гаргав.
Үүний дараа АН-ын хоёр дэд дарга нар яаран мэдээлэл хийв. Х.Тэмүүжин, Дэлгэрмаа нарын мэдээлэл нь С.Эрдэнэ гэдэг хүн Ц.Уртнасанг баривчилсан хэрэгт ямар ч холбоогүй. Харин ч энэ хэрэгт НХХ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Номтойбаяр, одоогийн сайд С.Чинзориг нартай холбоотой хэрэг хэмээн мэдээлэл хийлээ. Айсан хүнд шон хүртэл хөдөлдөг гэгчээр АН-ын дарга С.Эрдэнэ тэнд баривчилгаа болоход энд сандрав. Үүний цаана өнөөх л улс төрийн нөлөөгөө мэдрүүлэх гэсэн хөшигний ард нуугдсан тулаан өрнөж буй хэрэг.
Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийнхөө нөлөөг ямар хэмжээнд байгаа вэ? АН-ын удирдлага үгэнд нь орох ёстой шүү гэдгийг Ц.Уртнасангийн баривчилгаагаар битүүхэндээ анхааруулчихлаа гэдгийг улс төрийн хүрээнийхэн ам уралдан ярьж байна. Нөгөө талдаа Х.Баттулга гэдэг хүн өөрийнхөө өмнө С.Эрдэнэ гэгчийг өвдөг сөхрүүлж, өөрийнхөө хүслээр 2020 оны сонгуульд АН-ыг оруулах гэсэн арга байж ч болох юм.
Аль нь ч байсан Ц.Уртнасанг баривчилсан үйл явдал нь Ерөнхийлөгч Х.Баттулга болон АН-ын дарга С.Эрдэнэ нарын хоорондох үл ойлголцол, ан цавыг нэг бол томруулах, эс бөгөөд гар барих эсэхийг шийдэх учиртай. Үүний цаана Ерөнхийлөгч Х.Баттулгын нөлөөгөөр АН-аас нэр дэвших гэж горилж буй улс төрчдийн хувьд боломж гарах эсэх нь шийдэгдэх юм.
Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс АН-ын дарга С.Эрдэнэд үзүүлэх шахалт дөнгөж эхэлж байна. Харин С.Эрдэнэ хэрхэн хүлээн авахаас улс төрийн өнгө төрх өрнөх нь гарцаагүй ээ.