Хэдхэн сарын дараа төрийн эрх барих дээд байгууллагын төлөөллийг сонгох сонгууль болно. Энэ сонгуульд хэн эв найрамдалтай, эв зүйтэй орно. Тэр нам нь ялах магадлал тун өндөр. Тэр дундаа төрийн эрх барих дээд байгууллагад нөлөөгөө тогтоох хүсэл одоогийн эрх баригч МАН, сөрөг хүчин гэгдэх АН хоёрт илүү нээлттэй.
Гэвч сонгуулийн өмнө энэ хоёр нам хэрхэн эв түнжин муутай, дотроо үймээнтэй орно тэр нь ялагдаж, харин эвсэж, нэгдэж, нийлсэн тал нь ялдаг жамтай. 2016 оны сонгуулийн дүн энэ жишгээр л гарч ирсэн гэж болно. Тухайн үед төрийн эрх барьж байсан АН алалцаж, асуудлаа өөрсдөө ухаж, нэг нэгнээ намнаж байгаад л сонгуульд орчихсон. Харин үр дүнд дэндүү цөөхүүлэхнээ УИХ-д суух болсон билээ.
2016 оны сонгуулийн өмнө харин МАН эвсэж, муудалцаж, буруу харж байсан нөхдөө эвлэрүүлж, эвийн цавуу шиг нэгдэж сонгуульд орсон. Тэд энэхүү ойлголцол, гар барьж, тэвэрэлдсэн нөлөөгөөрөө УИХ-д 65 суудал авч байв.
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа УИХ-д 65 суудалтай МАН харин хагаралдаж, албан тушаалаа булаацалдаж, алалцаж эхэлсэн билээ. Үүний уршиг нь өнөөдөр ч арилчихаагүй байгаа 33 болон 32-ын гэх тодотголтой бүлэглэлийн хуваагдал юм. Хэдийгээр МАН-ынхан байнга л УИХ—д 33 болон 32-ын гэх бүлэглэл байхгүй. Ганцхан МАН-ын бүлэг л байгаа гэх боловч хөшигний цаана бол энэ хоёр бүлэглэл хоорондоо хөлөө жийлцэж, албан тушаалаа булаалдаж, авлигач, ждүчин гэдгээрээ жинхэнэ муудалцаж ирсэн билээ.
Өнгөрсөн хугацаанд хүч түрэмгийлэн МАН-ын эрх мэдлийг авсан У.Хүрэлсүх ойворгон, ширүүн, хурц зангаараа цаашаа тоглоод илүү амжилтыг олохгүй гэдгээ мэдэрч эхэлсэн бололтой. Тэр нэг алхам урагш, хоёр алхам хойш алхаж буй гэнэ. Учир нь 2020 оны босгоор У.Хүрэлсүх алхаж орсон даруйдаа 32-ын гэх тодотголтой М.Энхболдын бүлэглэлийнхэнтэй уулзалт хийж, ятгахыг нь ятгаж, урвуулахыг нь урвуулж, тойрог амлахад нь тойрог амлаж боломжтой бүх аргаараа үзэж буй бололтой.
У.Хүрэлсүхийн хамгийн түрүүнд гар барьж буй хүн нь Дарханы гэх тодотголтой УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа гэнэ. У.Хүрэлсүхийн хувьд Д.Хаянхярваатай учраа олж, гар бариад зогсохгүй 2020 оны УИХ-ын сонгуульд Дарханд багаа манлайлан орох эрх мэдлийг өгч буй бололтой. Д.Хаяхярваагийн зүгээс намынхаа даргын тавьсан санал дээр буулт хийж, гар барин тэврэлдсэн байна.
У.Хүрэлсүхийн дараагийн гар барьж буй хүн бол 32-ын бүлгийн толгойлогч УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн М.Энхболд юм байна. Энэ хоёр эрхэм удтал өөрсдийнхөө өрөөгөөр орж гарахгүй, болж л өгвөл тааралдахгүйг хичээж явсан ч ойрын үед уулзалдаж, 2020 оны сонгуулийн төлвийн талаар зөвлөлдөж эхэлсэн гэнэ. М.Энхболдыг төв аймагт нь нэр дэвшүүлэх болно. Ямар ч хаалт, хавчлага байхгүйгээр М.Энхболд төв аймагтаа нэр дэвших боломжийг МАН-ын дарга У.Хүрэлсүх гаргаж өгч буй бололтой. Харин төв аймагт одоогийн УИХ-ын гишүүн Н.Энхболд, А.Сүхбат нар нэр дэвшсэн нөхцөлд М.Энхболд хамтарч явахгүй, хаяаад зүтгэнэ шүү гэх анхааруулгыг намынхаа дарга У.Хүрэлсүхэд өгсөн бололтой. Учир нь М.Энхболдыг унаж явахад мөргөж унагаасан хүмүүсийн нэг нь Н.Энхболд, А.Сүхбат нар билээ.
Ийнхүү эв түнжин муутай байсан МАН-ын удирдлага учраа олж гар барин тэврэлдэж эхлэв.
Харин гол өрсөлдөгч болох АН-ын хувьд алалцаан нь дөнгөж эхэлж байна. АН-ын дарга С.Эрдэнэ өөрийн дүрмээр тоглож, сонгуульд оролцох гэсэн боловч Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд нарын ятгалга, явуулга түүнийг тайван суулгахгүй нь бололтой.
Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс 14 хүнийг нэр дэвшүүлэх шахалтыг АН-ын дарга С.Эрдэнэд өгсөн гэх бор шувуу нисч эхэлсэн. Харин хариуд нь С.Эрдэнэ нэр бүхий улс төрчийг намынхаа нэрийн өмнөөс дэвшүүлэхгүй гээд мэдэгдчихсэн. Үүний дараа С.Эрдэнэ гэх улс төрчийн ойр явсан 2 ч хүнийг цагдан хориод байгаа билээ. Энэ нь Ерөнхийлөгч Х.Баттулга шахалтаа үзүүлж, С.Эрдэнийг буланд шахаж буй хэлбэр хэмээн улс төрийн хүрээнийхэн таамаг дэвшүүлж байна.
АН-ын дарга С.Эрдэнэ хэмээн улс төрчийг боорлож буй дараагийн хүн бол АН-ын дарга асан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг юм. Тэр С.Эрдэнэ өөрт нь буулт хийж өгөхгүй л бол Сонгинохайрхан, Увс зэрэг аймгийн намынхаа хороог хэдэн хэсэг хувааж, ялалтыг бус ялагдлыг авчрах магадлалтай. Үүнийгээ ч намынхаа зарим нөхдөд дуулгасан гэх бор шувуу нисч эхлэв.
АН болон Ерөнхийлөгчийн эсрэг үг чулуудаж, гомдол мэдүүлж яваа бас нэг улс төрч нь хотын дарга асан Э.Бат-Үүл. Тэр хэдийгээр АН-ын гишүүн гэх сэтэр зүүх боловч, АН-ынхаа удирдлагыг баалж, өөрийнхөө дүрмээр тоглох гэж гөжүүдэлж байгаа. Энэ нь АН-ын эв нэгдлийг бус эвдрэлцлийг дүрэлзүүлэх нь дамжиггүй юм.
Ийнхүү АН-ын өвөө нар алалцаж дуусаагүй байна. Тэд алаагүй баавгайн арьсыг нөмрөх гэгчээр албан тушаалын төлөө цаг ямагт хэмлэлдэж, хэрэлдэж, хэлцэж байдаг жишгээрээ энэ удаа ч давтах нь бололтой. 2020 оны сонгуулийн өмнө гар барьж, эвлэлдэн нэгдэх эсэх нь АН-ын хувьд тун бүрхэг байгаа. Харин ч хагарал нь улам даамжирч, асуудал нь улам л хөврөх магадлал өндөр байх шиг байна.
АН алалцаж дуусаагүй, МАН харин мандуулахаар эвлэлдэж нөхөрлөж эхлэв.