Шүүх хуралдааны танхимд шүүгдэгч хоолойгоо зүсч, амь насаа егүүтгэхийг завдсан хэрэг өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр гарчээ. Амиа хорлохыг завдсан шүүгдэгчид яаралтай эмнэлэгийн тусламж үзүүлж, хоолойд нь 6-7 оёдол тавьснаар амь нас нь аврагдсан байна. Хамгийн ноцтой нь хоолойгоо юугаар зүссэнийг цагдаагийнхан өнөөг хүртэл тогтоож чадаагүй байна.
Сэжигтэн ямар шалтгаанаар хоолойгоо хэрчсэн. Чухам ямар хэргээр шүүхээс ял сонсохоор шүүгдэж байсан талаарх нарийн мэдээлэл ил болоогүй байна. Зарим эх сурвалжийн ярьж байгаагаар хэрэг нь нэгэнт хүнд учир асуудлас мултрахын тулд амиа хорлохын завдсан байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлж байна.
Харин шүүхийнхний хувьд Тахарын алба татан буугдсанаар шүүхийн аюулгүй байдал энэ мэтчилэн алдагдах болсон. Шүүгчийн биед сэжигтэн, хохирогч, шүүх хуралдаанд оролцож байгаа хүмүүс халдах эрсдэлтэй болсон гэх мэт шалтгааныг хэлж тайлбарлах болжээ. Цаашид ямар ч ноцтой байдалд хүрч болзошгүй байна. Үүнтэй холбогдуулан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас болсон явдлын талаар өнөөдөр 18.00 цагт шуурхай мэдээллийг өгөхөөр болжээ.