Цагаан сарыг тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийн зарлигийг Засгийн газар хэлэлцэж байна
Улсын онцгой комисс даваа гарагт хуралдаж цагаан сарын тэмдэглэхгүй байх уриалга албан ёсоор гаргасан билээ.
Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин "Шинэ коронавирусээс урьдчилсан сэргийлэх зорилгоор сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх саналыг Улсын онцгой комиссын гишүүд дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тиймээс Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх саналыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад нь шилжүүлэхээр боллоо. Ерөнхийлөгчийн зарлиг гарах ёстой байх гэж бодож байна" гэсэн юм.
Цагаан сарыг тэмдэглэхгүй байх асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдах тухай яриа гарсан ч хуралдсан эсэх нь тодорхой болоогүй билээ. Харин өнөөдөр хуралдах засгийн газрын хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх тухай зарлиг гаргахаар болж, зарлигийн төсөлдөө Засгийн газраас саналыг нь авахаар илгээжээ. Уг саналыг нь Засгийн газар яг одоо ээлжит хуралдаанаараа хэлэлцэж байна
1953 онд Монгол улсын удирдлагч Х.Чойбалсан нас барсантай холбоотойгоор цагаан сарыг тэмдэглэхгүй өнгөрөөж байжээ. Үүнээс хойш анх удаагаа цагаан сарыг тэмдэглэхгүй байх албан ёсны шийдвэр ийнхүү гарах гэж байна.
Хаалга тогшиж байгаа шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор цагаан сарыг тэмдэглэн өнгөрүүлэхгүй байх нь зүйтэй гэдэг дээр олон нийт санал нэгдэж буй юм билээ.
БНХАУ-ын хувьд шинэ төрлийн коронавирусын тархалтыг алдаж, олон хүн өвчлөх болсон шалтгаан нь цагаан сартай холбоотой гэж албаныхан үзэж буй юм билээ. Учир нь Хятадын цагаан сараар муж хооронд хэдэн сая хүний хөдөлгөөн болж, шинэ төрлийн коронавирусыг тараасан гэж үзэж байгаа юм.
Иймээс Монголд ч ялгаагүй цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэх нөхцөлд хаалга тогшиж байгаа шинэ төрлийн коронавирус ороод ирэх магадлалтай учраас энэ санаачлагыг анх Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл иргэн хүний хувьд гэж байгаад гаргасан. Эрүүл мэндийн сайдын гаргасан санаачлагыг Улсын онцгой комисс хэлэлцэж дэмжсэн билээ. Харин өнөөдөр Ерөнхийлөгчийн зарлиг гарахаар болж, Засгийн газар хэлэлцэж байна.