УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны есдүгээр сард шүүхэд шилжүүлэх саналтайгаар АТГ-аас прокурорын байгууллагад шилжүүлсэн байдаг. Гэвч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр 2019 оны 09 сарын орчим хэрэгсэхгүй болгожээ. Эрүүгийн зарим хэргүүд ч энэ мэтээр хэрэгсэхгүй болох магадлалтай талаар АТГ-аас мэдээллээ.
Н.Батбаярын хувьд АН эрх барих үед Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж, “Чингис”, "Самурай” бондын мөнгийг захиран зарцуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгагдан шалгагдсан юм. Харин Б.Гарамгайбаатарын хувьд бондын мөнгөнөөс их хэмжээний зээл авч өөрийн компани руугаа оруулсан, зээлээ эргэн төлөөгүй гэсэн хэрэгт холбогдсон юм.
Хөөн хэлэлцэх хугацаагаар хаагдсан гэх авлига, албан тушаалын гэмт хэргийг дахин шалгах болно хэмээн Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар мэдэгдсэн. Одоогийн байдлаар уг хэргүүдийг дахин шалгаж буй тухай мэдээлэл алга. Ямартай ч хэрэг хуучрахгүй гэдэг учраас төрд хохирол учруулж, түмэн олонд очих ёстой мөнгийг зувчуулсан албан тушаалтантай хариуцлага тооцдог л болох ёстой.