2020 оны сонгуульд улс төрийн хүчнүүд хэрхэн оролцох бэлтгэлээ базаагаад тун ч завгүй байна. Хоёр том намын хувьд гол бэлтгэл нь хэнийг аль тойрогт нэр дэвшүүлэх вэ гэдэг л толгойны өвчин. Түүнээс тэд хэн нэгэнтэй эвсэх, ямар байдлаар оролцох тухай нээх бодохгүй.
Харин 3 дагч хүчний орон зайг эзлэхээр санаархаж буй намуудын хувьд хоорондоо эвсэл байгуулах, нэг нэгнээ түших дээр ажиллаж эхлээд байна. Саяхан ХҮН болон МСДН хамтран ажиллах санамж бичиг байгуулж, эвсэх тухай мэдэгдсэн. Мөн МАХН болон Монголын ногоон намууд эвсэл байгуулахаар болж байгаа билээ.
Харин өнөөдөр нэгэн том эвсэл байгуулах яриа дуулдаж эхлэв. Намынхаа хаалгыг савж, чуулганы танхимд чарлаж байгаад нам байгуулсан Ж.Батзандан, Л.Болд нар бусад улс төрийн хүчнүүдтэй гар барьж, хамтрахаар шийджээ.
ШИНЭ намтай хамтран ажиллахаар хамгийн эхэнд Б.Жаргалсайхан даргатай Бүгд найрамдах нам тохиролцоонд хүрсэн гэнэ. Харин дараагийн яриа хэлэлцээрт хүрсэн нам нь Ш.Сайхансамбуугийн угждаг Үнэн ба зөв нам юм. ШИНЭ намыг удтал хүлээлгэж, шийдвэрээ хожуу гаргаж байгаа нам бол Иргэний зориг, ногоон нам гэнэ. Тус намын дарга Ганхуяг нь эвсэл хэрхэн орох, орсон нөхцөлд ямар эрх дарх эдлэх тухайгаа удтал боджээ. Учир нь тэрээр саяхан “Алтан дорнод Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Ганболдыг зөвлөхөөр ажиллаж эхэлсэн мэдээ дуулдсан. Нэг үгээр хэлбэл ИЗНН санхүүжүүлэгчтэй боллоо л гэсэн үг. Иймээс эвсэх эсэх дээрээ удаан бодсон байж болох юм.
Өнөөдөр дээрх намын удирдлагууд санамж бичиг байгуулж, эвсэх ажилдаа албан ёсоор орох гэнэ. Хөшигний цаана ярилцах ажил нь дуусч, ил гарч ажлаа эхлүүлэх өдрөө өнөөдөр хэмээн товлосон сурагтай.