“Монгол шуудан” ХК-ийн хувьчлалын асуудлыг сонгуулийн өмнө гаргаж ирдэг хэмээн шуугих нь цаад утгаараа асар их хэмжээний мөнгөтэй холбоотой байдаг. Тус компанийг өөрийн болгосноор бага хөрөнгөөр банк байгуулах боломжтой болох учраас хувьчлалын асуудлыг яаравчлуулах сонирхол бүхий нөхөд байсаар байгаа.
Тодруулбал, “Монгол шуудан” ХК нь Шуудангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд
14.1. Үйлчлэгч нь Зохицуулах хорооноос баталсан тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын дагуу захиалгат илгээмжийн худалдаа эрхэлж болно.
14.2. Энэ хуулийн 14.1-д зааснаас гадна өөрийн сүлжээг ашиглан хадгаламж, даатгал, тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлс олгох санхүүгийн бусад үйлчилгээг хууль тогтоомжид нийцүүлэн эрхэлж болно.” гэж заасан байдаг. Энэ нь БАНК, ДААТГАЛЫН үйл ажиллагаа эрхлэх онцгой бөгөөд маш чухал эрх гэсэн үг.
Тиймээс л Ч.Ганхуягийн тэргүүлсэн “Ард санхүүгийн нэгдэл” “Монгол Шуудан” ХК-ийн 34 хувийг маш бага буюу 6.2 тэрбум төгрөгөөр эзэмшчихээд барьсан барьцаа ахиулан 100 хувь хувьчилан авч БАНК болгох зорилгоор зүтгэж байна.
Ч.Ганхуяг дээрх “Монгол шуудан” ХК-ийн 34 хувийг худалдаж авснаар тус компани ашигтай ажилласан хэмээн ярьдаг, олон нийтэд ч ингэж ойлгуулдаг. Үнэн хэрэгтээ Ч.Ганхуягийн 34 хувийг авсныхаа хариуд “Монгол Шуудан” ХК-д оруулсан 6.2 тэрбум төгрөг нь /IPO/ 2016 оны сүүлч 11 дүгээр сард компанийн дансанд нь ямар ч хөдөлгөөнгүй, бүтнээрээ байсан. Тийм байхад “Монгол шуудан” тухайн онд 1 тэрбумын цэвэр ашигтай ажилласан байдаг юм. Өөрөөр хэлбэл нэг тэрбумын ашигтай ажиллахад Ч.Ганхуягийн ганц ч төгрөгийн нэмэгдэл хийгээд, тэдний оролцоо байгаагүй. Харин төрөөс транзит шуудангийн үйлчилгээг өргөжүүлж, дотоодын шуудан хүргэлтийг сайжруулсантай холбоотой байдаг.
Ч.Ганхуяг болон “Ард санхүүгийн нэгдэл” тэргүүтнүүд анх “Монгол шуудан”-гийн 34 хувийг 3.2 тэрбумаар авсандаа амтшаад 66 хувийг нь 20 тэрбумаар авах гэж улайрдаг нь нэг талаар санхүүгийн байгууллагын туршлагатаа үндэслэсэн хэрэг. Нөгөө талдаа Төв шуудангийн барилгын 40 хувийг эзэмшдэг, 21 аймаг, 330 сумын төв байршилд барилга байшинтай, 1000 ажилтан, 130 автомашинтай байгууллагыг маш хямд үнээр буюу 20 тэрбум төгрөгөөр авна гэдэг ёстой л суусан газраа шороо атгадгий баталгаа. /Төрийн ордны зүүн талын Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэрийн балгасыг 24 тэрбумаар худалдаж байсан./
Дэлхийн аль ч улсад шуудангийн үйлчилгээ төрийн хяналтад байж, иргэд, байгууллагуудад баталгаатай, найдвартай, аюулгүй үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээдэг. Тэгвэл “Монгол шуудан”-г үнэгүйдүүлж, хувьд шилжүүлчихвэл хувь хүн байгууллагын нууцын асуудлыг ямар итгэл үнэмшлээр бий болгох болж байна вэ. Түүнчлэн сүүлийн жилүүдэд шуудангаар аж, ахуйн нэгж, хувь хүний аюулгүй байдалд халдсан террорист үйл ажиллагаа, хар тамхи, янз бүрийн химийн хортой зэвсгийг шуудангаар дамжуулах болсон шүү дээ.
эх сурвалж: http://erennews.mn/article/30245