АН унаж яваа Н.Алтанхуягтаа дайгдах уу?

АН унаж яваа Н.Алтанхуягтаа дайгдах уу?

АН унаж яваа Н.Алтанхуягтаа дайгдах уу?

 

АН-ын даргад нэр дэвшиж байгаа эрхмүүд дунд дарга асан Н.Алтанхуяг багтаж байна. Жаран чавганц уралдахад нэг нь түрүүлдгийн адил нэр дэвшигчид дундаа арай дөнгүүр сонсогдож байгаа нь Н.Алтанхуяг. Гэхдээ Н.Алтанхуяг өөгүй сайхан түүхтэй, цагаан цаас биш! Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаанд түүний гаргасан алдаа дутагдал, хийтэй үг үйлдлүүд дэндүү их.

2013 онд хүргэн Г.Дэнзэнгийн асуудал яригдаж, шуугиан дэгдээснээр түүний алдаа эхэлнэ. Н.Алтанхуягийн хүргэн  Г.Дэнзэн ЗГХЭГ-ийн дэд даргаар томилогдож, төд удалгүй “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга болов.

Г.Дэнзэн албан тушаалд байхдаа өөрийнхөө цалинг 16.000 ам.доллар болгох тушаал гаргасан, Гаалийн хяналтын бүсийн агуулахын үйлчилгээ үзүүлэх 17 тэрбум төгрөгийн тендерт ялсан, Эрдэнэс тавантолгой ХК-аас 4 удаагийн шилжүүлгээр 4 тэрбум 688 сая төгрөг гаргуулан авсан талаар мэдээллүүд хөвөрнө.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Н.Алтанхуягт хандан ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэнг албан тушаалаас чөлөөлж шалгуулахыг санал болгож байсан удаа ч бий.

Өдгөө Г.Дэнзэн ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид саатуулагдаж байгаад батлан даалтад гараад буй.

Харин 2014 оны тавдугаар сард АН болон МАХН-ы хооронд байгуулсан нууц гэрээ гэгч зүйл цахим орчинд дэлгэгдэж, олны анхаарлыг татсан. Хэдий нууц гэрээ байгуулагдаагүй гэж мэдэгдсэн ч эл явдлаас хойш тун удалгүй АН МАХН хамтын ажиллагааны гэрээгээ шинэчилж гарын үсэг зурсан. Эл гэрээнд 2016, 2020 оны сонгуульд хамтарч оролцох тухай заасан байдаг.

Энэхүү гэрээнээс болж Н.Алтанхуягийг огцруулах асуудлын шийдвэр гарсан гэж хэлж болох бөгөөд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Намаа авармаар л байгаа бол Ерөнхий сайдыг огцруулах асуудал дээр кнопоо дараарай” гэхчлэн уриалж байсан удаатай.

Н.Алтанхуяг намын дүрэм зөрчсөн учраас түүнийг огцруулах нь зөв гэж намын гишүүд дэмжигчид тухайн үед үзэж байлаа. Ингээд эл явдлаас 6 сарын дараа Н.Алтанхуягийг огцруулсан билээ.

Н.Алтанхуяг Ерөнхий сайдаасаа огцорсныхоо дараа өөрийг нь огцруулах санал өгсөн, санал хураалтад оролцоогүй хүмүүсийн нэрсийг жаазлан өрөөндөө өлгөж, “өш санаж” байгаагаа ил тод зарласан билээ. Харин одоо түүнийг эргээд намын даргад сонговол эв нэгдлийг хангуулах бус өш хонзонгоо авах болов уу гэж өөрийн эрхгүй бодогдох.

Хамгийн чухал нь Н.Алтанхуяг өөрөө авлигын хэрэгт сэжиглэгдэн АТГ-т шалгагдаж, байгаагаас гадна хамаатан садангууд нь ч мөн эл хэрэгт орооцолдоод байгаа. Тиймдээ ч түүнийг “дараагийн Н.Энхбаяр” ч гэж хочилж байгаа нь оргүй зүйл биш. Магадгүй АН-ын даргаар сонгогдлоо гэхэд төд удалгүй оймсыг нь гозойлгоод ачаад явчихвал АН даргагүй болж үлдэх үү?