Т.Аюурсайхны түрэмгийлэл буюу Чингэлтэйн албан тушаалын дайн

Т.Аюурсайхны түрэмгийлэл буюу Чингэлтэйн албан тушаалын дайн

 

60 тэрбумынхан болон ЖДҮ-ийнхэн хоорондын тэмцэл үргэлжилсэн хэвээрээ байна. Нэг үгээр хэлбэл У.Хүрэлсүх ба М.Энхболдын талцал доод шатандаа халдварлаж, сонгуулийн өмнө халуурал болох шинжтэй байна.

Хэн нь анхан шатны намын байгууллагаа атгаж чадна тэр нь хэнийгээ нэр дэвшүүлэхээ шийдэх тулаан өрнөж байна гэсэн үг.

Чингэлтэй дүүрэгт Ганболд болон Т.Аюурсайхан гэсэн хоёр улс төрчийн халуун тулаан өрнөж байна. Д.Ганболд нь намаа шүүмжилж, намын удирдлагадаа хатуухан үг чулуудчихаад байгаа нэгэн. Нөгөө талаасаа тэр бол 60 тэрбумын гэх тодотголтой М.Энхболдын фракцынх. Харин Т.Аюурсайхан бол Н.Багабандийн хөтөлж улс төрд оруулсан залуу. Тэр талаас нь харах юм бол Сү.Батболдын фракц. Гэхдээ одоогийн нөхцөлд У.Хүрэлсүхийн талын дарцаг гэсэн үг.

Энэ ч утгаараа эрх мэдэл бүхнийг гартаа атгаж буй У.Хүрэлсүүхийн дэмжлэгээр Т.Аюурсайхан ганцхан шөнийн дотор Чингэлтэй дүүргийн удирдлагыг гартаа атгачих шиг боллоо. Уг нь 2016 оны сонгуульд Д.Ганболд нь Т.Аюурсайхан, М.Оюунчимэг нарыг хөтөлж яваад Чингэлтэйд ялалт байгуулсан гэж улс төрийн хүрээнийхэн ярьдаг. Харин өнөөдөр Д.Ганболдыгоо Т.Аюурсайхан, М.Оюунчимэг нар нь мөргөж буй нь дээрх үйл явдал юм. 

Чингэлтэй дүүргийн  ИТХ-ын даргаар ажиллаж байсан Д.Бат-Эрдэнийг ИТХ-ын даргаас учир битүүлэг байдлаар чөлөөлчихөв. Үүгээр зогсохгүй Ж.Эрдэнэбатыг дүүргийн Засаг даргаас огцруулав. ИТХ-ын дарга асан Д.Бат-Эрдэнэ, засаг дарга асан Ж.Эрдэнэбат нар нь Д.Ганболдын гарын хүмүүс. Иймээс ч хэдхэн сарын өмнө ч хамаагүй дүүргийн удирдлагыг гартаа авч өөрийн хүмүүсээр багаа бүрдүүлэхийг Т.Аюурсайхан хүссэн бололтой. 

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатыг ажлаас нь чөлөөлсөн тул түүний орлогчоор ажиллаж байсан Ж.Лхагвасүрэнг түр орлон гүйцэтгэгчээр дээд шатных нь Засаг дарга томилжээ. Нэг баг болж хамт явж байснаа даргыгаа мөргөж дарга болсон Ж.Лхагвасүрэнг УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы фракц хэмээн МАН-ынхан өөрсдөө хэлж байна.

Намынхандаа жийгдэж суудлаасаа унасан дарга нар нь шүүхэлцэх дээрээ тулна шүү хэмээн занаад хаалга савсан сурагтай. Харин бяр чадал нь амтагдаж байгаа Т.Аюурсайхны талынхан тэдний хэлсэн үгэнд үл тоомсорлож суугаа бололтой.