иргэн Б-ийн амь насаа алдсан хэрэг Б.Рэнцэндоржийг чөлөөлснөөр дуусчихгүй

иргэн Б-ийн амь насаа алдсан хэрэг Б.Рэнцэндоржийг чөлөөлснөөр дуусчихгүй

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх захирамжид өнөөдөр гарын үсэг зуржээ.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд энэ сарын 19-нд иргэн Б автомашиндаа нас барсан хэрэг гарсан. Говь-Алтай аймгийн Засаг даргын албан өрөөнд тус аймгийн удирдлагууд согтууруулах ундаа хэрэглэсний улмаас энэхүү хэрэг гарсан байж болзошгүй гэх мэдээллийг цагдаагийн байгууллага энэ сарын 19-нд нийтэд мэдээлж байв.

 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэхдээ, “Ажлын байранд архидан согтуурахыг хориглох Засгийн газрын тогтоолыг зөрчсөн нь тогтоогдсон тул хариуцлага хүлээлгэж байгаа. Өөрөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрсөн. Улмаар дараагийн Засаг даргыг томилох хүртэл үүрэгт ажлыг нь түр орлон гүйцэтгэхийг тус аймгийн Засаг даргын орлогчид үүрэг болгосон” гэж мэдэгдээд байна. 

Харин иргэн Б нас барсан хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.  Албан бус эх сурвалжийн өгүүлж байгаагаар бол Б.Рэнцэндорж нь талийгаач Б-г ажлаа өгөхийг шахаж дарамт учруулж байсан гэх хардлага яваа. Үүгээр зогсохгүй тухайн шөнө иргэн Б-г засаг даргын өрөөнөөс үүрээд гарсан тухай талаар байгууллагын жижүүр нь хэвлэлд ярилцлага өгсөн билээ. 

Энэхүү хэргийн цаана улс төржсөн, асуудлыг дэвэргэсэн, нөгөө талдаа асуудлыг намжаах гэсэн санаархал явж байна. иймээс хууль хяналтын байгууллага аль нэг талын нөлөөнд автахгүй шийдвэрлэнэ гэдэгт итгэж найдаж буйгаа ар гэрийнхэн нь учирласан байна. Нөгөө талдаа энэхүү хэрэг нь өнөөгийн төрд шургалчихаад байгаа худалч, хулгайч нарын бас нэг шунал төрхийг илчилсэн үйл явдал болчихлоо. 

Учир нь засаг даргын ажлаас чөлөөлөгдсөн Б.Рэнцэндорж нь 2019 оны 06 сард өмнөх засаг даргаа огцруулж, ажлыг нь авсан нэгэн. Ингэхдээ МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар дэмжүүлсэн гэх хардлага явдаг билээ. Харин өнөөдөр хэдхэн сар уг албан тушаалд ажилчихаад хариуцлага алдсан гэх шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байна. Гэхдээ тэр ингээд дуусахгүй. Иргэн Б-ийн амь настай холбоотой хэрэгт буруутай эсэхийг хууль хяналтын байгууллагынхан эцэслэн шалгах юм.