Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ, хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилгоор хүнсний улаанбуудай, үрийн улаанбуудай, бүх төрлийн хүнсний будаа (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад), элсэн чихэр, ургамлын тосыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас 2020 оны 3 дугаар сарын 01-нээс 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд чөлөөлүүлэх саналыг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргасныг Засгийн газрын өнөөдрийн \2020.03.04\ хуралдаанаар шийдвэрлэлээ.
Энэхүү шийдвэрийг Улсын Их хурлын хаврын чуулганаар эцэслэн баталж, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар шийдвэрлэх юм. Корона вирусын дэгдэлт ихтэй, хорио цээртэй үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэхгүй байх үүднээс энэхүү арга хэмжээг авсан байна.
Дээрх хүнсний бүтээгдэхүүний жагсаалтанд өндөг байсан бөгөөд дотоодын үйлдвэрлэгч нарын зүгээс үнээ нэмэгдүүлэхгүй гэсэн амлалт өгсөн тул импортын өндөгний татварыг энэ удаад чөлөөлөхгүй үлдээхээр шийдсэн байна.