УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Б.Баатарбилэг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
1993 онд Сургалтын төрийн сан байгуулагдсан бөгөөд үүнээс хойш 30 мянга гаруй иргэн сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, 70 мянга гаруй иргэн сургалтын төлбөрийн зээл, 1997 оноос хойш 2200 иргэн гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцахдаа сургалтын төлбөрийн болон амьжиргааны зээл, 2000 оноос хойш 55 мянга гаруй төрийн албан хаагчийн хүүхэд сургалтын төлбөрийн тэтгэлэг авч байжээ. Засгийн газраас баталсан журамд зааснаар дотоодын их, дээд сургуульд зээлээр суралцан төгссөн иргэний ажилласан жилийг харгалзан 2004, 2008 онд зээлээс чөлөөлж байжээ. Гэвч одоогийн байдлаар 14413 иргэний дээд боловсролын диплом 16.0 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд Боловсролын зээлийн санд хадгалагдаж байгаа юм байна.
Тиймээс Засгийн газрын шийдвэрүүд, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.8-д заасныг үндэслэн Улсын Их Хурлын тогтоол, журмын төслийг боловсруулсан байна.
Сургалтын төлбөрын зээлээ төлөөгүй оюутнуудын дийлэнх нь эргээд төрийн албанд орж чадаагүй, эсвэл тухайн мэргэжлээрээ ажиллаагүй иргэд байдаг гэнэ. Иймээс нэг талаасаа зээлээр тухайн хүнээ өндөр төлбөртэй сургуульд сургачихаад эргэж ашиглаагүй төрийн буруу. нөгөө талдаа иргэд ч төлөх гэж чармайхгүй, хөсөр хаясан шалтгаан нөлөөлсөн байдаг. Иймээс энэ асуудлыг нэг мөр цэгцлэхээр шийдсэн гэлээ.
Журмын төсөлд:
- сургалтын төлбөрийн зээлийг дотоод, гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад шаардлага ханган элссэн, хяналтын тоонд багтсан иргэнд олгох;
- зээл авсан оюутан сургууль төгсөж, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж эхэлснээс хойш 10 жилээс ихгүй хугацаанд гэрээний дагуу зээлийг эргэн төлөх;
- дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцан төгсөөд эзэмшсэн мэргэжлээрээ 3 жил улстаа ажиллан, нийгмийн даатгал төлсөн тохиолдолд сургалтын зээлийн 50 хувийг хөнгөлөх;
- эзэмшсэн мэргэжлээрээ эх орондоо болон эх орноо төлөөлөн гадаадад 5-аас доошгүй жил тасралтгүй ажиллан, нийгмийн даатгал төлсөн тохиолдолд зээлээс бүрэн чөлөөлөх;
- иргэн нас барсан, хөдөлмөрийн чадвараа бүрмөсөн алдсан тохиолдолд зээлийг хүчингүй болгох;
- сургалтын төлбөрийн зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэхээр тусгасан байна.