2020 оны сонгуульд намууд хоорондын өрсөлдөөнөөс гадна нам дотроо хагарал, тэмцэл, талцал дунд өрнөх нь тодорхой болж байна. Нам бүр фракцтай, фракц бүр нь дотроо хагаралтай болчихсон Монголын улс төр зад үсэрч, хүчтэй нь хүч муутайгаа дарлах томоохон тулаан 2020 оны сонгуульд өрнөх нь тодорхой болжээ.
МАН-ын хувьд хэдийгээр ил тэмцэлдэж харагдахгүй байгаа ч хөшигний цаана бол хэрүүл тэмцэл нь дээд цэгтээ хүрчихсэн байгаа гэнэ. Ялангуяа тус намын дарга У.Хүрэлсүх тэргүүтэй эрх мэдлийг атгагч нарын зүгээс намынхаа нэр хүндэд сэв суулгадаг, элдэв хэл ам, авлига албан тушаалын муу нэртэй улс төрчдөөсөө салах гэж битүүхэндээ санааширч суугаа юм. Тэдний хамгийг гол өрсөлдөгч нар буюу намаасаа зайлуулах жагсаалтын тэргүүн эгнээнд М.Энхболдын буюу хотын фракцын нөлөө бүхий улс төрчид багтаж байна.
Хотын фракцын толгойг нь тасдаж чадахгүй ч хүзүү, цээж хэсгийг нь тасдах нь зөв гэдэг хувилбарыг МАН-ын удирдлага олчихоод байгаа бололтой.
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан 2020 оны сонгуульд нэр дэвшүүлж болохгүй улс төрчдийн хар жагсаалтыг гаргаж эхэлжээ. Үүнд нэн тэргүүнд одоогийн УИХ-ын гишүүд дотроос уг жагсаалтыг гаргаж эхэлсэн байна. Тэр дундаа У.Хүрэлсүхийн засгийн газрыг огцруулах гэж зүтгэсэн, эсрэг санал өгсөн гишүүдийн нэр тэргүүн эгнээнд оржээ. Тэдний тойрогтоо эзлэх нэр хүнд нь муу байх юм бол шууд хар жагсаалтанд орох бололтой.
Үүнээс гадна зориуд хар жагсаалтанд оруулах улс төрч бол Ерөнхий сайд асан, хотын фракцын толгой улс төрчийн нэг Ж.Эрдэнэбат гэнэ. Ж.Эрдэнэбатыг МАН-ын нэр дээрээс өрсөлдүүлэхгүй байхаар намын удирдлага нь хатуу шийдсэн бололтой.
Дарханд босоо хэмээгдэх Д.Хаянхярваа гишүүнийг ч мөн л 2020 онд МАН-ын нэр дээр өрсөлдүүлэхгүй гэдэг тактикийг намынх нь удирдлага баримтлах чиглэлтэй байна. Үүний тулд түүнийг хар жагсаалтанд үндэслэл сайтай оруулахаар зэрхсэн сурагтай.
Хотын фракцын тэргүүн улс төрчдийн нэг болсон Ж.Мөнхбат гишүүнийг мөн л МАН-ын нэрээс босуулахгүй буюу 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдүүлэхгүй байх чиглэлийг баримтлахаар зэхсэн бололтой байна.
Чингэлтэй дүүргийн намын даргаа саяхан хүч түрүүлэн алдсан Д.Ганболд аль хэдийн намаасаа жийгдээд эхэлжээ. Түүний хувьд 2020 оны сонгуульд МАН-ын нэр дээрээс Чингэлтэй дүүрэгт өрсөлдөнө гэдэг тун хэцүү болсон сурагтай.
Дээрх эрхмүүдийн хувьд тойрогтоо нэр нөлөөтэй боловч намдаа эзлэх байр суурь нь хэдийнэ ганхаж эхэлсэн байна. Ийм учраас тэднийг намаас нь нэр дэвшүүлэхгүй байхтай зэрэгцээд тухайн тойрогт МАН ялагдал хүлээх магадлал тун өндөр болж ирнэ. Учир нь тэдний сүлжээ намынхаа эсрэг ажиллах магадлал өндөр юм. Ийм нөхцлийг ч МАН баримталж буй бололтой. Нэг мөр тэднийг арчихын тулд тус тойргуудад МАН ялагдал хүлээх нь эрсдэл биш гэж үзэж байгаа бололтой байна.