2018 онд ил болж олны анхааралд өртсөн хэрэг бол ЖДҮ-ийн зээл. УИХ-ын 49 гишүүний хамаарал бүхий компани Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийг авсан. Уг зээлийг өгөхдөө эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгагдаад байгаа хүн бол тухайн үеийн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг билээ.
Түүнийг уг хэрэгт гэм буруутай гэж тооцон 8 жилийн хорих ялыг прокурорын байгууллагаас төлөвлөөд байв. Харин Б.Батзориг нь гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдэх хүсэлтийг гаргасан байдаг.
2019 оны арваннэгдүгээр сарын 18-нд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд болжээ. Энэхүү хурлаар шүүх бүрэлдэхүүн хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргаж байлаа. Шалтгаан нь Б.Батзориг нарын долоон хүн өөрсдийн гэм буруутайг хүлээн зөвшөөрсөн учраас хэргийг хялбаршуулах журмаар прокурорт буцаахаар болсон юм. Яллагдагч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авсан билээ.
Ингээд 8 жилийн хорих ял авахаар зүйчлэгдэээд байсан Б.Батзориг нарын 7 хүн нь хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх болсоноор торгууль төлөөд суллагдах магадлалтай юм. Хэдийгээр зүйлчилж байгаа хуулийн заалт нь 40,000 нэгжтэй хэмжээний мөнгөөр торгох, нэгээс хоёр хүртэл жилийн хорих ялтай боловч торгууль төлөөд л ялаас мултрах магадлал өндөртэй байна.
Б.Батзориг нарын хэргийг хэлэлцэх шүүх хурал нь 2020 оны 03 сарын 10 өдөр болохоор төлөвлөгдөөд байна. Шүүх хурлын тов зарлагдахаас өмнө прокурорын байгууллага яллах дүгнэлтээ шүүхэд хүргүүлсэн бөгөөд уг дүгнэлтээр нэг жилийн хорих ял, 5 жил хүртэл нийтийн албанд томилогдох эрхийг нь хасна гэсэн байна. Үүний цаана зөвхөн торгуулийн ял хүлээгээд нийтийн албанд томилогдох эрх нь тодорхой хэмжээнд хасагдах байх гэх таамаг явж байна.