Нүүрсээ 71 ам доллараар борлуулж байгаа ч Чалкогийн өрийг барагдуулах хугацаа нь тодорхой үгүй байна
Эрдэнэс таван толгойн ХК чанартай нүүрсээ дэлхийн зах зээлээс хямдаар борлуулж байгаа тухай шүүмжлэл өнгөрсөн оны сүүлий 6 сар өрнөсөн. Харин өнөөдөр тус компани Зүүн цанхаасаа олборлож байгаа нүүрсээ 59,3 ам доллараар борлуулж байна. Энэхүү хэсгээс олборлож байгаа нүүрс нь бүхэлдээ Чалко компанид тавьсан 2011 оны өрийг дарахад зарцуулагдаж байгаа билээ. Уг хэсгээс гарсан нүүрснээс Монгол улс ашиг олохгүй байгаа гэхэд болно. Харин тус нүүрсийг олборлож байгаа БНХАУ-ын компани болон зуучлан борлуулагч компани тус бүрдээ ашигтай ажиллаж байгаа. Ямартай ч энэ хэсгээс олборлосон нүүрсээ борлуулж Чалко компанид тавьсан 350 сая ам долларын өрийг 0 болгох ойрхон үлдсэн гэдгийг тус компаний удирдлага танилцуулж байна. Ойрын хугацаанд л барагдуулна гэж байгаа болохоос яг хэзээ гэдэг тодорхой хугацааг хэлэхгүй байна. Эрдэнэс таван толгой ХК-ийн өмнөх удирдлагууд бүгд л Чалкогийн өрийг богино хугацаанд барагдуулна гэж ам өгдөг байлаа. Тухайлбал тус компаний захирал асан Я.Батсуурь л гэхэд 6 сарын дотор Чалкогийн өрийг барагдуулна гэж байсан. Анх зээл авахдаа л Чалкогийн өрийг 1 жилийн дотор барагдуулж гэж байв. Гэтэл өнөөдөр 6 жил өнгөрчихөөд байхад өнөөх өр нь барагдаж дуусаагүй. Удахгүй барагдуулна гэсэн л тайлбартайгаа явж байна. Эрдэнэс таван толгой сүүлийн 2 жил гэхэд л багагүй нүүрс зарж борлуулаад байна. Тухайлбал 2015 онд 4,2 сая тонн, 2016 онд 7,65 сая тонн нүүрс борлуулжээ. Харин 2017 онд 11,5 сая тонн нүүрс борлуулах төлөвлөгөөг тусгасан гэдгийг компаний удирдлага мэдэгдлээ.
Энэ сарын 15-ний өдөр Таван толгойн уурхайн Баруун цанхнаас анхны нүүрсийг олборлож борлуулах ажлыг эхлүүлжээ. Ингэхдээ тонн нүүрсийг 71,5 ам доллараар борлуулахаар болсон гэж албаныхан мэдэгдлээ. Энэ нь уурхайн аман дээрээс борлуулж байгаа нүүрсний үнэ. Тэгэхээр Монголчуудад үлдэх ашиг өндөр гэдэг тайлбарыг өгч байна. Гол нь Чалкогийн өрийг хэзээ барагдуулах вэ гэдэг бүрхэг хэвээрээ л байна.